Өчигдөр буюу Мягмар гарагт Япон улсын Сайтама мужийн нутагт зам дээр гэнэт үүссэн том нүхэнд ачааны автомашин унажээ.
10 метр өргөн, зургаан метр гүн нүхэнд унасан автомашиныг гаргах, жолоочийг аврах ажил үргэлжилж байгааг орон нутгийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Энэхүү цөмрөлтийн улмаас тухайн замын өөр нэг хэсэгт гурван метрийн өргөн хонхор үүссэн тул ойр орчмын барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Цүкүба хурдан галт тэрэгний шугамын Яшио өртөөнөөс 1.5 км зайд оршдог авто замын уулзварт уг нүх үүссэн тухай дуудлага өчигдөр өглөө 9:50 цагийн үед шуурхай тусламжийн албанд ирсэн юм байна.
Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр замын энэ хэсгийн доогуур татсан бохирын шугам зэвэрч муудсан нь нүх үүсэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэнэ.
Нүхэнд унасан жолоочийг гаргах ажиллагаанд оролцож байгаа хоёр аврагч хөрсний нуралтад дарагдсаны улмаас хөнгөн гэмтэл авсныг орон нутгийн захиргаа мэдээлжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!