Амьдралын энгийн асуудлуудыг аль болох хялбархан шийднэ гэдэг харилцагчийнхаа өмнө хүлээсэн үүрэг болжээ. Зарим тохиолдолд зайлшгүй тулдаг асуудлыг ч өмнөөс нь тооцож, бэлэн байх хэрэг бас гардаг байх нь.
ХасБанкнаас “Асуудалгүй” гэдэг нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм байна. Энэ банкны харилцагчид барагтай тохиолдолд “Таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн аймар статусыг харахгүй байхаар болж. Гэнэтийн юу эс тохиолдохыг тэр гэх билээ. Цахилгааны мөнгөө яг одоо төлөхгүй бол тогийг тань таслалаа, утасны төлбөр гарчихсан тул үйлчилгээний эрхийг тань хязгаарлалаа гэдгээс эхлээд чухал мөчид цөөхөн хэдэн төгрөг дутаад эвгүй байдалд орж байсан түүхгүй хүн ховор биз ээ. Тэвдсэн үед хүмүүс рүү залгах, хамаг асуудлаа тоочих хэрэг гарна гэдэг хэний л хүсэх мэдрэмж билээ дээ. Одоо харин ХасБанкны харилцагчдын хувьд энэ зовлон АСУУДАЛГҮЙ болжээ.
Хэрэв та тус банкны харилцагч бол дансны үлдэгдэл хүрэлцэхгүй, эсвэл бүр 0 төгрөгтэй болчихсон байсан ч танд 150,000 төгрөгийн баталгаатай ар тал байгаа гэж ойлгож болох нь. Ямар ч нэмэлт гэрээ, хэлцэл бололгүйгээр, заавал салбар дээр очиж чирэгдэл үүсэхгүйгээр ашиглахад бэлэн тохируулжээ. Дижитал банк руугаа нэвтэрч ороод “Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлэх” гэдэг товчин дээр дараад л болох юм. Харин та ХасБанкны харилцагч биш бол нэг удаа салбарт нь очоод харилцагчаар гялс бүртгүүлчихвэл амар даа.
Асуудалгүй үйлчилгээнд давуу талууд олон бий. Зөвхөн дижитал банканд хандалгүй картаа уншуулж төлбөр тооцоогоо саадгүй хийхээс гадна АТМ-ээс ч мөнгө авч болно. ХасБанкны данстай л бол энэ үйлчилгээг ашиглах эрх нь бий гэсэн үг. Өр орлогын харьцаа тооцохгүй. 150,000 төгрөгийн лимитийг хэрэв харилцагч хүсвэл 400,000 төгрөг болгон нэмж болно. Түүгээр ч зогсохгүй үйлчилгээг авахдаа дижитал банкаараа нэг удаа идэвхжүүлэхэд хангалттай бөгөөд бусад зээлийн үйлчилгээ шиг ашиглах бүрдээ тооцоолол хийлгэх шаардлагагүй аж.
Нэмэлт хүү төлөхгүй, үйлчилгээг ашигласан дүнгээс үл хамааран нэг л удаа тогтмол үйлчилгээний хураамж төлнө. Идэвхжүүлчхээд тухайн сардаа ашиглаагүй бол нэмэлт төлбөр төлөхгүй гэсэн шударга зарчим үйлчилж байна. Харин ашигласан тохиолдолд хэдэн удаа гэдгээс үл хамаарч тогтмол нэг л дүнгээр, нэг л удаа хураамж төлнө. 150,000 хүртэлх төгрөг авбал сардаа нэг удаа 5,000 төгрөг, 400,000 төгрөгийнх бол 10,000 төгрөгийн хураамжтай юм байна. Асуудалгүй үйлчилгээг идэвхжүүлэн ашиглаж эхэлснээс хойш 30 хоногийн дотор бүрэн төлөх ёстой бөгөөд дахиад хэдэн ч удаа ашиглаж болох аж.
ХасБанк энэхүү үйлчилгээгээ АСУУДАЛГҮЙ хэмээн бардам нэрлэжээ. Үнэхээр ч ажиллах горим, амар хялбар хэрэглээ, асуудал тулгарах үед хэрэгцээг нь зовлонгүй шийдчих учраас үүнээс өөр тохиромжтой нэр юу байх билээ.
Нийтлэл бичсэн: Т.Жигүүр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!