Монгол Улсын Засгийн газраас "Атрын IV аян" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр зарлалаа.
Энэ аяны хүрээнд хөрсөө хамгаалах, газар тариалангийн бүс нутагт агро ойн зурвас байгуулах, үр, суултын аж ахуйн нэгж, улаан буудай болон төмс, хүнсний ногооны үрийг дотоодод хангах зорилго тавьж байгааг салбарын сайд онцлов.
Мөн таримал тэжээлийг эрс нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой тендер зарлах, дөрвөн улирлын турш нарийн ногоогоор хангагдахын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарахаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн ашиг шимт 200,000 тоо толгойн фермийн үхэр сүргийг сайжруулахаар төлөвлөсөн. Тухайлбал 150,000 нь махны, 50,000 нь сүүний чиглэлийн үхэр байх аж.
"Атрын IV аян"-ы талаар Ж.Энхбаяр сайд "Энэ хөтөлбөрийг "Атрын IV аян" гэсний гол утга нь нийт 200,000 га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэхээр төлөвлөж байна. Манай улс "Атрын I, II" аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980,000 орчим га талбайг ашигладаг. Тэр үед Монголын хүн ам нэг сая гаруй байсан. Одоо 3.5 саяд хүрлээ. 2040 он гэхэд 4 сая болох тооцоо бий.
Хүн ам өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүнсний хэрэгцээгээр хангах, эрчимжсэн тахиа, гахайн фермүүдийг тэжээлээр тасалдуулахгүй, цаг уурын нөхцөлд эрсдэлд орж байгаа нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад өнөөдөр ашиглаж байгаа талбай хүрэлцэхгүй байгаа тул ийм шийдвэр гаргасан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!