Уншиж байна ...

"Хугацаатай гээд ашиглаж дуусаагүй датаг устгаж байгаа нь хулгай шүү дээ"

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 12 цаг 09 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс датаг хугацаагаар хязгаарлаж хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т гомдол гаргах талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тус нэгдлийг санаачлагч Ч.Үүрийнцолмон "Үүрэн холбооны газрууд датаг 1, 7, 10 хоног, 1 сарын хугацаатай гэх мэтээр бидэнд нийлүүлдэг. Энэ хугацаа дуусахаар хэрэглэж дуусаагүй байсан ч хамаагүй үлдэгдэл датаг устгадаг. Энэ нь бидний өмчлөх эрхэд халдаж байна гэсэн үг. Бид өдөр тутамдаа юм худалдаж авахад өмчлөх эрх үүсэж байдаг. Барааг худалдаж авсан бол түүнийг бэлэглэх, хадгалах зэргээр өөрийнхөө хэрэгцээнд зориулж захиран зарцуулах эрхтэй. 

Өрсөлдөөний тухай хуулийн Давуу байдлаа хууль бусаар ашиглах заалтын 7.1.1 дээр хэмжээг хязгаарлахыг хориглоно гэсэн заалт байдаг. Тоон утга агуулагдаж байгаа бүхэн хэмжээ гэдэгт орно шүү дээ. 

зураг
 

Энэ бол маш том ёс зүйгүй бизнес юм. Хүний өмчид халдаад мөнгөөрөө авсан ч хэрэглэж дуусаагүй байгаа зүйлийг нь устгаж байна гэдэг нь хулгай хийж байна гэсэн үг. Хэрэглэгчийнхээ хэтэвчийг тэмтэрч байгаа бизнесийг ойлгохгүй байна. 

Иймд үүрэн холбооны газруудад уриалахад Юнител түрүүлж алхана гэсэн уриатай. Тэгвэл одоо хэрэглэгчийнхээ халаасыг тэмтэрч, өмчлөх эрхэд халдаад байгаа энэ үйлдлийг түрүүлж зогсоогоод өгөөч ээ. Мобиком ууган оператор компани учир түүчээлээд өгөөч ээ. 

Хүн амын 80 гаруй хувийг хохироогоод байгаа нь үнэн шүү дээ. Иймд үүнтэй үзэл бодол нийлж байгаа УИХ-ын гишүүд, ард түмний дуу хоолой болдог залуучууд, эмэгтэйчүүд олон нийтэд мэдээллээ хүргээсэй гэж уриалмаар байна. 

Мөн хуулийнхныг бид бүхэнтэй нэгдээсэй гэж хүсмээр байна. Дата ашиглаж байгаа хүн бүр "Датаг хугацаагүй болгох нэгдэл"-д нэгдээрэй. Бид олуулаа болж гомдол гаргаж, шаардлагатай тавих ёстой юм байна. Ганцаараа ярихаар нохой хуцсан чинээ тоодоггүй юм байна" гэв.