Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын бахархал болсон Луврын музейг шинэчлэх 10 хүртэл жилийн хугацаатай хөтөлбөрийг эхлүүлж байгааг өчигдөр зарлажээ.
“Louvre New Renaissance” (Луврын шинэ сэргэн мандалт) гэж нэрлэгдсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд музейг Сена мөрний эргийн ойролцоо байрлах шинэ орцтой болгож, газар доогуурх байгууламжуудыг нь нэмж өргөтгөхөөр болсон байна.
Макрон үүнд ямар зардал гаргах талаар тоо дурдаагүй ч албаныхны тооцоолсноор 800 сая евро хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй музейд тооцогддог Лувр хамгийн сүүлд 1980-аад оны үед засварт орохдоо олонд танигдсан шилэн пирамидтай болж байв.
Харин өнөөдөр уг музей орчин үеийн стандарт шаардлага хангахаа нэгэнт больсон юм байна.
Шинэчлэлийн дараа домогт “Мона Лиза” уран зураг тусгай тасалбараар нэвтэрдэг өөрийн тусдаа өрөөтэй болох гэж байгааг Макрон өчигдөр дуулгажээ.
Зөвхөн Леонардо да Винчийн энэхүү аугаа уран бүтээлийг үзэж сонирхох гэсэн хүмүүс Луврт олноороо ирдэг тул энэ нь нийт үзэгчдийн ачааллыг зохицуулахад чухал шийдэл болох юм байна.
Одоо “Мона Лиза” тус музейн хамгийн том танхимд шилэн хоргон дотор залардаг. Үзэгчид энэ бүтээлийг үзэхээр урт дараалал үүсгэсний улмаас тус танхимд байдаг Венецийн аугаа уран зураачид болох Тициан, Веронезе нарын бүтээлүүд анзаарагдахгүй өнгөрдөг талтай юм байна.
1980-аад онд засварлахдаа Луврыг жилд дөрвөн сая хүн үзэхээр тооцоолж байжээ.
Гэтэл өнгөрсөн онд тус музейг 8.7 сая хүн үзсэний дөрөвний гурав орчим нь АНУ, Хятад болон бусад улсуудаас ирсэн жуулчид байсан байна.
Сена мөрний эрэг дээр байгуулагдах музейн шинэ орцыг 2031 онд нээхээр төлөвлөжээ.
Үүний зардлыг тасалбарын орлого, хандив, Абу Даби хот дахь салбарын лицензийн мөнгөөр санхүүжүүлэхээр болсныг Макрон мэдээлсэн байна.
Шинэ орцын загварын зураг төслийг шалгаруулах уралдаан удахгүй зарлагдахаар болжээ.
Музейн тасалбарын үнэ Европын Холбооны гаднаас ирсэн жуулчдын хувьд 22 евро байдаг. Музейн тав тух, аюулгүй байдлыг улам сайжруулах үүднээс энэ үнийг өсгөх төлөвлөгөөтэй байгааг Макрон мэдээлсэн байна.
Луврын музейд 2,200 орчим хүн ажилладаг бөгөөд урсгал зардлынх нь хагасыг Францын засгийн газар төсвөөсөө гаргадаг.
Музейн барилга муудаж, үзмэрүүдийн аюулгүй байдал алдагдаж, үзэгчдийн тав тухыг хангаж дийлэхгүй болсон тухай тус музейн захирал Лоренс дес Карс энэ сарын эхээр Францын соёлын сайдад захидал бичсэн нь Le Parisien сонинд сүүлд нийтлэгдэж байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!