Уншиж байна ...

"Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина"

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 15 цаг 09 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зүгээс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулж, янжуур болон электрон тамхины хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхээр ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт хэд хэдэн газарт доголдож байна. Ажлын хэсгийн хүрээнд хуралдаж, мэдээллүүдээ нэгтгээд үзэхэд сургууль, цэцэрлэгийн 500 метр орчимд тамхи, тамхин бүтээгдэхүүн хэрэглэх, зарж болохгүй гэх заалт байгаа ч яг үнэндээ хэрэгжихээ больсон. 

Энэ заалт нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын очсон газарт нь тамхи ил байдаг, худалдаж авдаг боломжийг бууруулах зорилготой юм. Тиймээс илүү сайн хэрэгждэг хууль болгохын тулд ажиллаж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн тооны асуудал гарч ирнэ. Архины тусгай зөвшөөрлийг хязгаарлаж чадсан шигээ тамхины тусгай зөвшөөрлийг хязгаарлах дээр судалгаа хийж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн никотин агуулдаг электрон тамхинаас татвар болон тусгай зөвшөөрөл авдаггүй. Хэн дуртай нь оруулж ирээд хаана ч хамаагүй зарж болно. Үсчний газарт зарж буй жишээнүүд ч байна. Үүнийг тамхины хяналтын тухай хуулийн цар хүрээнд оруулж татвар болон тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулдаггүй байх бодлого гаргахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд янжуур болон электрон тамхийг ялгаагүй хортой гэсэн. Электрон тамхи бол дэлхийн нийтэд шинэ бүтээгдэхүүн бөгөөд манай улсад 4-5 жилийн өмнө хурдацтай орж ирсэн.

13-17 насны сурагчдын дунд 2021 онд хийсэн судалгаагаар 25 хувь электрон тамхи татаж үзсэн хэмээн хариулж байжээ. Энэхүү судалгааг 2024 онд дахин явуулж үзэхэд сурагчдын 33 хувь нь электрон тамхи татдаг гэх үр дүн гарсан. Энэ хоёр тамхины аль аль нь нийтийн эрүүл мэндэд хохиролтой. Тиймээс ижилхэн тамхины төрлийн бүтээгдэхүүн гэж үзээд хуульчилж, татвар авах ёстой. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Электрон тамхийг хуульчилж, татвар авах асуудал УИХ-д орж ирдэг боловч тамхитай холбоотой үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн лоббид ороод гацчихдаг. Энэ удаагийн ажлын хэсэг олон намын төлөөлөлтэй учраас янз бүрийн нөлөөлөлд автахгүй, судалгаанд үндэслэсэн алхмаа зоригтой хийж, хуулийн төсөл өргөн барина. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас янжуур болон электрон тамхийг ялгахгүйгээр хамгийн багадаа өөрийн өртгийн 75 хувьтай тэнцэх хэмжээний татвар ногдуулах зөвлөмж гаргасан. Манай улсад янжуур тамхи хэт бага татвартай байгааг нэмэх ёстой. Хэт хямдхан байгаа учраас чанарын асуудал яригдаж, ширхэглэн зарагдаж байна. 

Электрон тамхийг мөн адил никотины хэмжээнээс хамаарч татвар тавих уу эсвэл хэсэгчилсэн татвар ногдуулах гэдэг судалгаанд үндэслэсэн мэдээллийг судалж үзээд татварын бодлогыг гаргана" хэмээн ярилаа.