Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн бөмбөгийг дэлбэлэхийн тулд Парисын мянга мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Парис хотын нэг дүүргээс олдсон Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа Ням гарагт амжилттай болж өнгөрчээ.

Бөмбөг олдсон газраас 450 метрийн радиус дотор амьдардаг Коломбес дүүргийн мянга мянган оршин суугчдад орон нутгийн цагаар Ням гарагийн 13:00 цаг гэхэд гэрээ орхин явсан байх хугацаа өгсөн байна.

Мэргэжилтнүүд бөмбөгний тэслэгчийг салгаж чадаагүй тул өндөр хяналтын дор дэлбэлж устгахаар болжээ.

Дэлбэлэлт 15:20 цагт амжилттай зохион байгуулагдаж, 16:00 цаг гэхэд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг цуцалсан байна.

Уг бөмбөг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Шампарон гудамжинд явагдаж буй барилгын ажлын талбайгаас илэрч байжээ.

Хотын эрх баригчид өнгөрсөн хугацаанд уг газрыг хамгаалалтад авч, бөмбөгийг аюулгүй болгох ажлын бэлтгэлийг хангасан байна.

Нүүлгэн шилжүүлэлтийг хэрэгжүүлэхэд бараг 800 цагдаагийн ажилтан оролцжээ. 450 метрээс гадна нэг километрийн тойрог дотор амьдардаг иргэдэд гэртээ байхыг зөвшөөрсөн ч гадаа гарахыг нь хориглосон байна.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүмүүсийг тусгай хоргодох байруудад байрлуулж, эмзэг бүлгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Дайн эхэлснээс хойш 86 жил өнгөрсөн ч Европ даяар тэсрээгүй бөмбөгнүүд олдсоор байна. Тэдгээрийн ихэнх нь хот суурин газруудад барилгын ажлын үеэр олддог. Сүүлийн жилүүдэд Лондон хот даяар хэдэн арван ийм бөмбөг олдож, нэг тохиолдолд нисэх онгоцны буудлыг түр хаахад хүрч байв.

Өнгөрсөн онд Парисын Гаре ду Норд төмөр замын өртөөнд барилгын ажлын үеэр 500 кг бөмбөг олдсоныг бас аюулгүй болгох арга хэмжээ авсан юм.

 

Эх сурвалж: BBC