Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Манай улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа очиж буй уг айлчлалаар хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Тухайлбал худалдаа хамтын ажиллагааг дэмжих, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, газрын тосны салбарт хамтран ажиллах, Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний банк хоорондын хамтын ойлголцлын санамж бичиг зэрэгт албан ёсны баримт бичигт талууд гарын үсэг зурна.
Төрийн айлчлал маргааш 11:00 цагт (орон нутгийн цагаар) албан ёсоор эхлэх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев "Акорда" ордондоо угтан авна.
Түүнчлэн Монгол-Казахстаны бизнес форум зохион байгуулагдахаас гадна Астана хотноо “Монголын сайхан орон” хүндэтгэлийн урлагийн тоглолтыг толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна.
Казахстан Улсын талаар:
Казахстан Улс нь 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж байв. 1991 оноос дэлхийн казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирүүлэх бодлого явуулж, казах хэл, соёлын дархлааг нэмэгдүүлэх, казах хүн амыг нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлсэн байна.
2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 300 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох нь 14,000 ам.доллар болжээ. Нийт 20.5 сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох дундаж цалин 850 ам.доллар буюу гурван сая төгрөгт хүрсэн аж. Байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолтоор эдийн засгийн гол орлогоо олдог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
