Бээжингийн хагас марафонд хүмүүстэй зэрэгцэн уралдсан робот дэлхийн дээд амжилтыг эвдэв
Ням гарагт Хятадын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан хагас марафон гүйлтийн тэмцээнд хүн дүрст робот анх удаагаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Honor компанийн зохион бүтээсэн Ligthning робот 21.1 км зайг 50 минут, 26 секундийн хугацаанд туулж, түрүүлсэн байна.
Өнгөрсөн сард Португалийн Лиссабонд болсон уралдаанд Уганда улсын тамирчин Жэйкоб Киплимо энэ зайг 57 минут, 20 секундэд туулан дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм.
Тэгвэл Lightning робот түүний тогтоосон дээд амжилтыг бараг долоон минутаар ахиулан шинэчилжээ.
Өнгөрсөн онд Хятадад хүн дүрст роботууд анх удаагаа марафонд хүмүүстэй зэрэгцэн уралдаж байв. Гэхдээ тэр үед роботуудын хөгжил муу, ихэнх нь барианд орж чадаагүй бол хамгийн амжилттай уралдсан нь 2 цаг, 40 минут, 42 секундэд замаа туулж байжээ.
Энэ нь тухайн уралдаанд түрүүлсэн хүний хугацаанаас хоёр дахин урт байсан юм.
Нэг жилийн дотор роботуудын чадвар эрс сайжирсныг өчигдрийн уралдаанаас харж болохоор байлаа. Энэ жил хэд хэдэн робот мэргэжлийн тамирчдаас хурдан байсан бол роботуудын бараг тал нь алсын удирдлагаар бус, бие даан өөрийгөө удирдаж байжээ.
Роботууд болон 12,000 орчим гүйгчийг мөргөлдөхөөс сэргийлэхийн тулд зэрэгцээ тусдаа замаар уралдуулсан юм.
Huawei компанийн салбар болох Honor-ийн гурван робот энэ уралдаанд байр эзэлсэн бөгөөд тэд бүгд бие даасан удирдлагатай байжээ.
Дээд амжилтыг эвдсэн Lightning роботыг сүүлийн нэг жилийн хугацаанд хөгжүүлснийг инженерүүдийн багийн ахлагч Ду Шаоди хэлсэн байна.
Уг робот нь дэлхийн шилдэг гүйгчдийн биеийн харьцааг дуурайлгасан 90-95 см урт хөлтэй, гар утсанд нэвтрүүлсэн шингэн хөргөлтийн технологийг ашигладаг гэнэ.
Хүн дүрст роботын салбар хөгжлийнхөө эхний шатанд яваа бөгөөд эцэстээ аж үйлдвэрлэл зэрэг олон салбарыг өөрчлөх хүчин зүйл болно гэдэгт итгэж байгаагаа Ду ярьжээ.
“Хурдан гүйх нь эхэн үедээ утга учиргүй санагдаж болох ч бүтцийн найдвартай байдал, хөргөлт зэрэг технологиудыг улам сайжруулж, эцэст нь үйлдвэрлэлд шилжүүлэх боломж олгох юм” гэж тэр тайлбарласан байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
