Нэр бүхий дарга ЭМДС-аас олгосон төсвөөс ₮194.6 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ
Прокурорын байгууллагаас энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.
Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Б.Д нь ... дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон төсвөөс нийт 194.6 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий богосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
