74 тэрбумаар баригдаж буй Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замыг ирэх долоодугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ
Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон 3.9 километр авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны 10 дугаар сард нээгээд буй. Харин дуусгаж амжаагүй явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг үргэлжлүүлж эхэлжээ.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 километр авто замын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар таван байршилд авто замын өргөтгөл болон борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг гүйцэтгэж байна. Уг замын 40 гаруй хувь нь цахилгаан, холбоо, цэвэр ус, дулааны шугамын ажил эзэлж байгаа юм. Эдгээр нь 85 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусах шатандаа орж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний төгсгөлд дулааны шугам угсарсан. Одоо туслах шугамыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар угсарч байгаа юм. Үүний дараа авто замын хоёр талд явган хүний асфальтан зам тавьж, 2.8 километр гэрэлтүүлгийг хийх юм.
Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто зам төслийн нийт гүйцэтгэл 90 хувьд хүрлээ.
2026 оны долоодугаар сарын 10-ны өдөр уг авто замыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Оршин суугчид болон ААН байгууллагуудын хүсэлтийн дагуу нэмэлтээр дөрвөн байршилд гэрлэн дохиотой явган хүний гарцтай болгоно. Хоёр байршилд гэрлэн дохионы зохицуулалттай дөрвөн замын уулзвар байгуулах ажлыг гүйцэтгэж, эхний 2.8 километр замын хөдөлгөөнийг нээгээд байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Тус замыг гурван жилийн өмнө буюу 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн бөгөөд явган хүний зам болон ГССҮТ рүү буух гүүрэн байгууламжийг энэ жил барьж дуусгахаар болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
