АНУ-д “баавгайн арьс нөмөрсөн” этгээдүүд даатгалын залилангийн хэргээр шийтгүүлжээ
АНУ-ын Калифорни мужид баавгайн арьсан өмсгөл ашиглан тансаг ангиллын автомашинуудыг зохиомлоор гэмтээн даатгалаас нөхөн төлбөр авахыг оролдсон гурван хүн шийтгүүлжээ.
Уг этгээдүүд 2024 онд Rolls-Royce, Mercedes автомашинуудад баавгай халдаж гэмтээсэн талаар хуурамч баримт бүрдүүлж, даатгалын компаниудаас бараг $142,000-ын нөхөн төлбөр авахыг оролдож байсан байна.
Калифорни мужийн даатгалын газар үүнийг “Баавгайн савар ажиллагаа” гэж нэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелес хотын оршин суугч хоёр эрэгтэй, нэг эмэгтэйд шүүх залилангийн хэргээр тэнсэн харгалзах ял оноож, хоёроор нь тус бүр $50,000-ын хохирлыг буцаан төлүүлэх шийдвэр гаргасан байна.
Уг хэрэгт холбогдсон дөрөв дэх хүний шүүх хурлыг есдүгээр сард товложээ.
Тэд Сан-Бернардино хот орчмын уулын бүсэд баавгай автомашинд халдаж буйг харуулсан хэд хэдэн дүрс бичлэгийг үйлдсэнээ даатгалын компаниудад илгээж байсан юм байна.
Ингэхдээ баавгайн саварт урагдаж гэмтсэн суудал, хаалган дээрх зураас зэргийн гэрэл зургийг баримтад хавсаргаж байжээ.
Гэвч энэ нь даатгалын мэргэжилтнүүдэд сэжигтэй санагдсан тул Калифорни мужийн Загас, Зэрлэг Амьтдын Газрын биологичоор бичлэгийг шалгуулахад “баавгайн өмсгөлтэй хүн” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Улмаар мөрдөгчид сэжигтнүүдийн гэрт нэгжлэг явуулаад баавгайн өмсгөл илрүүлж байжээ.
Калифорнийн Сьерра дахь Тахо нуураас Лос-Анжелес хотын захын уулархаг хэсэг хүртэл газарт идэш тэжээл хайсан зэрлэг баавгайнууд айлуудын гэр оронд халдах явдал сүүлийн үед түгээмэл болоод байгаа. Үүнээс санаа авсан этгээдүүд даатгалын залилан үйлдэх гээд ийнхүү баригджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
