ЦЕГ: Эхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан

М.Батчимэг, ikon.mn
56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй нь улмаас иргэн рүү үрлэн сумтай буугаар гал нээсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01:56 минутад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 23-р сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн байна. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар "Тухайн дуудлагын дагуу цагдаагийн авто эргүүлийн хоёр алба хаагч очиход дөрвөн хүн хоорондоо маргалдсан. Гэр бүлийн харьцаатай хоёр хүн эхнэрээ зодсон, газар хэвтүүлсэн байдалтай байсан. Хоёр алба хаагч очиж шаардлага тавьсан ч шаардлагыг эсэргүүцсэн.

Тухайн дуудлагыг өгсөн иргэн байрнаасаа гарч ирсэн ч иргэнийг эсэргүүцэж биед нь халдсан. Цагдаагийн алба хаагч ахин шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлээгүй, үйлдлээ таслан зогсоогоогүй учир нэмэлт эргүүл дуудсан. 

Нэмэлт эргүүл ирэхэд ахин цагдаагийн алба хаагчийн биед халдсан. Нийт таван удаа анхааруулж шаардлага тавьсан ч тухайн иргэн үйлдлээ зогсоогоогүй учраас нэг удаа анхааруулж Цагдаагийн албаны тухай хуулийн 51-р зүйлд заасан тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг хэрэглэж, иргэний гуя хэсэгт оносон. Гуя нь шалбарсан учир 103 дуудаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Шарх аминаас холуур. Иргэн эмнэлэгт байгаа. Зөрчлөөр шалгана" гэв. 

Биедээ халдуулсан гэр бүлийн хүн нь одоогоор гомдол мэдүүлээгүй байгаа аж. Зөрчил гаргасан этгээд нь хоёр цагдаагийн алба хаагч болон эмэгтэй, эрэгтэй хоёр иргэнд халдсан байна. 

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба хаагч долоон төрлийн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй байдаг аж. Үүнд гав, бороохой, хүлэг, ороох цамц, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу шүршүүр, резинэн болон хуванцар сумтай буу, цахилгаан гүйдлээр цохигч ордог байна. Уг тусгай хэрэгслүүдийг өөрийн болон бусдын амь насанд халдсан үйлдлийг таслан зогсоох зэрэг 11 тохиолдолд ашигладаг аж.