Өмгөөлөгч нар үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн мэдлэг олгож, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх "Өмгөөлье, хамгаалъя" аяныг эхлүүлэв

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Өмгөөлөгчдийн Холбоо(МӨХ)-ноос үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Өмгөөлье, Хамгаалъя" эерэг нөлөөллийн аяныг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Аянд тус холбооны 24 салбар зөвлөлийн өмгөөлөгч нар, сэтгэл зүйчид, Боловсролын Яам, Нийслэлийн Боловсролын Газар, Аймаг, сумын Иргэдийн хурал зэрэг олон талын байгууллага нэгдэж байгаа аж.

МӨХ-ны ерөнхийлөгч Л.Данзанноров "Үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдүүд сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох, олон нийттэй хамтарч аливаа үйл ажиллагаанд оролцоход ихээхэн хүндрэл учруулдаг. Иймээс үүнд өртсөн, хамаарч байгаа хүүхдүүдэд хамгийн эерэг өнгөөр сургалт зохион байгуулна. Зөвхөн хууль эрх зүй гэж хязгаарлахгүйгээр сэтгэл зүйн төвүүдтэй хамтарч ажиллан хүүхдүүдэд туслалцаа үзүүлнэ.

Манайд үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл өндөр 30 сургуулийн мэдээллийг ирүүлсэн. Мөн орон нутгийн Иргэдийн хурлаас аймаг, сумандаа өмгөөлөгч, сэтгэл зүйчийн хамтарсан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж өгөөч гэсэн санаачилгыг гаргаж байна.

Үндэсний хэмжээнд байгаа сургуулиудад эрх зүй ба сэтгэл зүйн сургалтуудыг явуулахаар зорьж байна. Бид хүнлэг, ёс суртахуунтай, найрсаг иргэдийг бэлдэхэд анхаарах ёстой гэж үзсэн" гэлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаагаар 13-17 насны монгол хүүхдүүдийн 26.8 хувь нь сүүлийн 30 хоногт үе тэнгийнхэн дээрэлхэлтэд өртсөн гэж хариулж байжээ. 

"Өмгөөлье, Хамгаалъя" аяны хүрээнд 80 гаруй өмгөөлөгч 30 сургууль дээр ажиллах тул тэдэнд өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог, хүүхдүүдтэй хэрхэн харилцах, анхаарах зүйлс зэргийг сургаж бэлдсэн байна.