Туулын хурдны зам төслийн ажлыг үргэлжлүүлэхээр болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар “Туулын хурдны зам” төслийн ажлыг түр зогсоогоод байсан билээ. 

Уг төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй өнөөдөр /2026.04.20/ гурван талт уулзалт хийжээ.

Уулзалтаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.

Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын хуульд захирагдана. Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй. Байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч үйл ажиллагааг төр хатуу зогсооно.

Төр хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид төслийг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлнэ. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулна.

Хяналт шалгалтыг сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийж ажиллана" хэмээсэн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгджээ.

Тодруулбал,  “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г батлуулаагүй байхад төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь түр зогсоох үндэслэл болсон. Салбарын сайдын хэлж буйгаар нийслэлийн удирдлагууд буруугаа хүлээн зөвшөөрч, богино хугацаанд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан тул Туулын хурдны зам төслийн ажлыг үргэлжлүүлж болно гэж үзжээ. 

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийлсэн байна.