Улсын комиссоос шинэ төв цэвэрлэх байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах шийдвэр гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, улсыг комисс ажиллаж байна хэмээн ХББОС-ны сайд мэдээлж байв.

Нийслэлийн Нэгдсэн төслийн Газраас мэдээлснээр төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгад энэ оны дөрөвдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ажилласан Улсын комисс уг байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргажээ. Шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр баригдсан бөгөөд 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй байна.

Хоногт 250,000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатарын өмхий үнэр эрс багасна гэж хотын удирдлагууд амлаад байгаа билээ.

Шинэ байгууламжийн нэг онцлог нь бохир ус цэвэрлэх явцад үүсэх лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлнэ. Ингэснээр нийт эрчим хүчний хэрэгцээний 30-40 хувийг өөрөө ханган жилд 7-8 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэх тооцоотой байна.

Цэвэрлэх байгууламжийг олон улсын инженерүүдийн холбооноос баталсан FIDIC гэрээний нөхцөлийн дагуу, түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээгээр батлагдсан төсөвт багтааж барьжээ.

Байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос долоон жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулжээ.

Харин барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэсэн байна. 

Цэвэрлэх байгууламжийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг Австри, Герман, Швед, Япон улсаас болон дистрибьютер компаниудаас, туслах тоног төхөөрөмжүүдийг Хятадын албан ёсны үйлдвэрүүдээс авчээ.