Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард ашиглалтад оруулна. Улаанбаатарын өмхий үнэр эрс багасна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. 

Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэж буй.

Өнгөрсөн наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж анхны усаа авч туршжээ. Ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох аж. Цаашид бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршсаны дараа улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн хоёр технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

зураг
 
зураг
 
зураг
 

Харин төв цэвэрлэх байгууламжид ажиллах боловсон хүчнийг 2023 оноос бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад хамруулж, зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулжээ.

Хуучин төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэрэг шалтгаанаас үүдэн байгууламжийг томсгохоор шийдвэрлэсэн байна.