Германы Бундес лигийн аваргаар "Байерн Мюнхен" тодорлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Европын хөлбөмбөгийн томоохон лигүүд өндөрлөх дөхөж байна. Германы Бундес лигийн аварга орон нутгийн цагаар өнгөрсөн Ням гарагт тодорлоо.

Бямба гарагт "Борусси Дортмунд" клуб хожигдсоноор лигийг тэргүүлэгч "Байерн Мюнхен" баг Ням гарагт тэнцэхэд л түрүүлэх болзлоо хангах байлаа. Улмаар талбай дээрээ "Штутгарт"-ыг 4:2-оор буулган авснаар сүүлийн 14 улирлын 13-т нь түрүүлэв.

Албан ёсоор 1963 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Бундес лигт "Байерн Мюнхен" 35 дахь цомоо өргөж байна.

Улирал дуусахаас дөрвөн тоглолтын өмнө "Байерн Мюнхен" 25 хожиж, дөрөв тэнцээд ердөө ганц хожигдсон үзүүлэлтээр 79 оноо цуглуулжээ. Одоогийн байдлаар тэд лигийн хүрээнд 109 гоол оруулаад байна. Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн, Майкл Олис болон өнгөрсөн зуны солилцоогоор багт нэгдсэн Луис Диазын хослол 59 гоолыг эсрэг багийн хаалганд шигтгэжээ.

Бундес лигийн түүхэнд өмнө нь улирлын тоглолтод 100-гаас дээш гоол оруулсан хоёр тохиолдол бүртгэгдэж байв. Энэ хоёр рекордыг "Байерн Мюнхен" клуб эзэмшдэг. Тодруулбал 1971-1972 болон 2019-2020 онд аваргын цом өргөхдөө ийм амжилт үзүүлж байв.

Тэгвэл тэд улирлын үлдсэн дөрвөн тоглолтод 13 гоол оруулбал бүх цаг үеийн түүхэнд лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан Испанийн "Реал Мадрид"-ын амжилтыг эвдэх боломжтой. Криштиану Роналдугийн ид үед буюу 2011-2012 оны Ла Лигийн хүрээнд Эзэн хааны баг 121 гоол оруулсан амжилтаар бүх үед тэргүүлдэг юм.

Германы багийн хувьд энэ улиралд гурван цом өргөх боломжтой. Өмнө нь тэд 2013, 2020 онд трэбл буюу гурван цом өргөж байв. Германы цомын хагас шигшээд "Байер Леревкузен"-тай өрсөлдөх бол Аваргуудын лигийн хүрээнд хагас шигшээд Францын "ПСЖ"-тай хийх тоглолт тэднийг хүлээж байна.

 

Эх сурвалж: BBC