Уншиж байна ...

"Нийслэл хот орчмын чиглэлд такси үйлчилгээ эрхэлж, төсвөөс санхүүжилт авдаггүй ААН-үүд таван жилд ₮3 саяын хураамж төлнө"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хот доторх болон хот орчмын зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг өчигдөр НИТХ-аас тогтоолоо.

Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээнд орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тав, хувийн хэвшлийн нийт 19 компани 1,200 том, дунд оврын автобусаар, таван компани 246 тээврийн хэрэгсэлтэйгээр такси үйлчилгээг эрхэлдэг байна. 

Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээг хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх хууль эрх зүйн зохицуулалт 2024 оны аравдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн.

Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй, бусад зөвшөөрлийг хугацаагүйгээр аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгоно.

Орон нутгийн, хот доторх болон хот орчимд нийтийн тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр хуульчилсан.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1121 дүгээр захирамжаар Улаанбаатар хот дотор болон хот орчимд нийтийн тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэхийг магадлах комисс байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус комиссоос нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19, такси үйлчилгээ эрхлэгч 5, буухиа үйлчилгээ эрхлэгч 2, нийт 26 байгууллагад тусгай зөвшөөрөл олгожээ.

Тогтоолын төсөлд:

  • Хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, төсвөөс санхүүжилт авдаг ААН, байгууллагууд 5 жилд 10 сая буюу жилд 2 сая төгрөг
  • Хот орчимд туслах чиглэлд буухиа үйлчилгээ эрхэлж, төсвөөс санхүүжилт авдаг ААН, байгууллагууд 5 жилд 5 сая буюу жилд 1 сая төгрөг
  • Хот орчмын туслах чиглэлд буухиа такси үйлчилгээ эрхэлж, төсвөөс санхүүжилт авдаггүй ААН, байгууллагууд 5 жилд 3 сая буюу жилд 600,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлөхөөр тусгалаа" гэж танилцуулсан юм.

Төлөөлөгчдийн олонхын саналаар хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг дээрх тарифаар баталлаа.

Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргал "Автотээврийн тухай хуульд зааснаар зөвхөн ААН нь барилга байгууламж, санхүү, хүний нөөц зэрэг шалгуурыг хангаж байж такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргаас авдаг.

Энэхүү тэмдэгтийн хураамж нь хувиараа таксинд явж байгаа иргэдэд хамаарахгүй" гэв.