Хот орчмын туслах чиглэлд буухиа такси үйлчилгээ эрхэлж, төсвөөс санхүүжилт авдаггүй ААН, байгууллагууд 5 жилд 3 сая төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлөхөөр НИТХ-аас баталлаа.
Такси үйлчилгээний салбарыг цаашид ямар зохицуулалттай болгох талаар НИТХ-ын хуралдааны үеэр Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалын өгсөн мэдээллийг хүргэж байна.
- Автотээврийн тухай хуульд зааснаар зөвхөн ААН нь барилга байгууламж, санхүү, хүний нөөц зэрэг шалгуурыг хангаж байж такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргаас авдаг.
- НИТХ-аас баталсан энэхүү тэмдэгтийн хураамж нь хувиараа таксинд явж байгаа иргэдэд хамаарахгүй.
- Такси үйлчилгээнд стандарт зөрчигдөж байгаа нь олон нийтэд ил болсон. Замын хөдөлгөөний тухай болон Автотээврийн тухай хуульд зааснаар такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл зөв талдаа жолооны хүрдтэй байх ёстой бол таксины өнгө заагдаагүй. Таксины өнгийг анхаарч үзэх нь зүй ёсны асуудал болж байна.
- Нийслэл хотод албан ёсны бүртгэлтэй таван ААН 275 тээврийн хэрэгсэлтэйгээр такси үйлчилгээг эрхэлдэг. Такси нь таних тэмдэгтэй, жолооч нь стандартын хувцастай байх зохицуулалттай.
- 2000 онд Улаанбаатар хот стандарт хангасан 4,000 орчим такситай байсан. Энэ хугацаанаас хойш 36 орчим ААН такси үйлчилгээ эрхэлж байна. Стандартаа мөрдөхгүйгээс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ явуулж байна.
- 2024 онд Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн болон төрийн байгууллагын тээврийн хэрэгслийн элэгдлийн зардал, автобусны эргэн төлөх төлбөрийг авснаар 27 орчим тэрбум төгрөг төвлөрсөн.
- Энэ онд Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд 29 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоолол гараад байна.
- Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд такси үйлчилгээг оруулах санал яригдаж байгаа. Такси үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийг уг санд нэмж, төлбөр төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
- Улаанбаатар хотод UB cab үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй ААН нь "Юбикаб бригада" гэж такси компанийн цахим платформыг ашиглаж иргэдтэй гэрээ хийснээр буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр үйлчилгээ явуулж байгаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!