Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээнд 12 даваа, гурван унаагаар тэргүүлсэн озеки Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдөр Ёкозүнагийн Зөвлөл хуралдаад Дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн түүнд ёкозүна цол олгохоор болов. Энэ сарын 29-нд холбооны ээлжит бус хурлаар Хошорюүг ёкозүна болсныг албан ёсоор зарлах юм.
Өнгөрсөн Арваннэгдүгээр сарын тэмцээнд 13 даваа, хоёр унаатайгаар үзүүрлэсэн тул энэ сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна цол олгохоор болзол сонссон. Өдгөө 25 настай С.Бямбасүрэн ч энэ боломжийг алдалгүй 12 даваа, гурван унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж, түрүүлэхийн төлөө Кинбозан, Охо нартай нэмэлт барилдаан хийсэн юм.
Зөвлөлийн гишүүд хэлэлцээд санал нэгтэйгээр Хошорюүд цол олгосон байна.
Сүмогийн холбооноос Хаврын тэмцээний чансааг тогтоох, Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг энэ сарын 29-нд зохион байгуулна.
Ийнхүү 2021 оны Долдугаар сарын тэмцээнээс хойш гурван жил хагасын дараа шинэ ёкозүна төрлөө.
Тэрбээр мэргэжлийн сүмогийн 74 дэх, Монголоос аварга цолонд хүрч буй зургаа дахь бөх болж байна. Түүний авга ах буюу аавынх нь төрсөн дүү Асашорюү Д.Дагвадорж мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга билээ.
Дэвжээний нэр | Нэр | Ёкозүна болсон огноо | Зодог тайлсан |
Асашорюү | Долгорсүрэнгийн Дагвадорж | 2003 | 2010 |
Хакүхо | Мөнхбатын Даваажаргал | 2007 | 2021 |
Харүмафүжи | Даваанямын Бямбадорж | 2012 | 2017 |
Какүрюү | Мангалжавын Ананд | 2014 | 2021 |
Терүнофүжи | Гантулгын Ган-Эрдэнэ | 2021 | 2025 |
Хошорюү | Сугаррагчаагийн Бямбасүрэн | 2025 | - |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!