Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
Хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх аж.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөв ажиглагджээ.
Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна.
Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас орж, салхи шуургатай байх төлөв ажиглагджээ.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна.
Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх юм.
Хур тунадас нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн зарим газраар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх юм.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бага зэрэг цас орж, зарим газраар салхи ширүүсэж, явган болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!