Уншиж байна ...

Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцсэн 33 мянган иргэний саналыг үндэслэн уг асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 1 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. 

Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 19 удаа хуралдаж, 39 асуудлын хүрээнд 12 хуулийн төсөл, 25 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 6 Байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсгийг байгуулан ажилласан байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг
  2. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг
  3. Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Насантогтохын Анхзаяагийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр санаачилсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.3.2.8-д “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ.” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг зэрэг ажлын хэсгүүд байгуулагдаж ажилласан байна.
  4. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах нийт найман хууль, 25 Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, Байнгын хорооны зургаан тогтоолыг баталж, нэг хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах хоёр ажлыг зохион байгуулсны дотор бие даасан “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хууль”-ийг 2025.01.23-ны өдрийн чуулганаар батлуулсан байна.

Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиараа Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас  Эмэгтэй парламентчидын гуравдугаар чуулганыг 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, цаашид шаардлагатай  шинэчлэлийн талаар санал хэлэлцэх зорилгоор “Эмэгтэй парламентчидын чуулган-2024” арга хэмжээг 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний зохион байгуулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараах хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна.

  • “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/.