АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны засаг захиргаанд ажлын байрны томоохон цомхотгол хэрэгжүүлэхээр болжээ.
Ингэхдээ хоёрдугаар сарын 6-наас өмнө сайн дураар ажлаасаа гарсан албан хаагчдад найман сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох нөхцөлийг амласан байна.
АНУ-ын холбооны засаг захиргаанд гурван сая гаруй хүн ажилладаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ тус улсын 15 дахь том ажил олгогч болдог.
Тэдний дундаж ажиллах хугацаа 12 жил байдгийг Pew Research Centre мэдээлжээ.
Албан хаагчдын өчүүхэн бага хэсэг ажлаасаа гарах замыг сонгоход тус улсын эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим ажиглагчид анхааруулж байна.
“Холбооны засаг захиргаанаас мэргэшсэн албан хаагчдыг шахан гаргах нь олон сая америкчуудын аж амьдралд ноцтой хохирол учруулах үр дагавартай. Ажилдаа үлдэхийг хүссэн албан хаагчдад ч цааш ажиллах боломжгүй сөрөг орчин бүрдүүлэх зорилготой нь Трампын засаг захиргааны бодлого, шийдвэрээс харагдаж байна” гэж Америкийн Төрийн Албан Хаагчдын Холбооны ерөнхийлөгч Эверетт Келли мэдэгджээ.
Трампын засаг захиргааны хүний нөөцийн албанаас энэ долоо хоногт бүх албан хаагчдад цахим шуудангаар мэдэгдэл тараасан байна.
Мэдэгдэлд ажлаасаа гарах хүсэлт хэрхэн илгээх зааврыг дэлгэрэнгүй тайлбарласан байжээ.
Даваа гарагт Трампын хүний нөөцийн албанаас холбооны засаг захиргааны бүх яам агентлагуудад цомхотгох боломжтой албан тушаалуудын жагсаалтыг гаргаж өгөх чиглэл өгсөн юм.
Уг чиглэлд яам, агентлаг бүр Лхагва гарагаас өмнө энэ ажлыг хариуцах хүнээ томилох, жагсаалтыг 90 хоногийн дотор гаргаж өгөх нөхцөлийг тусгасан байжээ.
2024 онд ерөнхийлөгч Жо Байден холбооны засаг захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлөгдөхөөс хамгаалах зорилготой дүрэм журам баталж байсан юм.
Тэгвэл Даваа гарагт илгээсэн албан бичигтээ дээрх журмыг ерөнхийлөгч Трампын захирамжаар цуцалж байгааг мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!