НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан өчигдөр болж “Дун-Өргөө” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв.
Тус компанид ямар асуудал үүсэн талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Амгалан "2007 онд НИТХ-ын хурлын тэргүүлэгчдээс 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосноор “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулган "Хар дун" компани 75%, нийслэл 25%-ийн эзэмшилтэйгээр “Дун-Өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг явуулж байжээ. Тус хамтарсан компанийг үүсгэн байгуулсан нь хуульд нийцээгүй гэж 2012 онд гурван шатны шүүхээс шийдвэрлэсэн байна. Энэ дагуу 2018 онд НИТХ-ын тэргүүлэгчдээс “Дун-Өргөө” ХХК-д эзэмшиж байгаа "Хар дун" ХХК-ийн 75%-ийг нийслэлд буцааж авах тогтоол гарчээ.
2019 онд нийслэлийн Засаг даргын А/42 дугаар захирамж гарч, "Хар дун" ХХК-ийн хувьцаа, эд хөрөнгийг нийслэлд бүртгэж авахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэртэй "Хар дун" ХХК маргаж, хамгийн сүүлд 2023 онд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаас "Хар дун" ХХК-ийн өмчийг нийслэлийн өмчид бүртгэж авсан 2018 оны НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 онд гаргасан захирамжийг шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
Гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, захиргааны шинэ акт гаргах шаардлага үүссэн тул НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулж, “Дун-Өргөө” ХХК-д эзэмшиж байгаа "Хар дун" ХХК-ийн 75%-ийг нийслэлийн өмчид хэрхэн бүртгэж авах асуудлаар "Хар дун" компанитай хэлцэл хийхийг нийслэлийн Засаг даргад даалгах зохицуулалтыг өргөн мэдүүлж байна" гэж тогтоолын төслийг танилцуулав.
Тогтоолын төслийг батлахын өмнө НИТХ-ын нэг л төлөөлөгч асуулт асууж, санал хэллээ.
Төлөөлөгч О.Зундуйдорж: “Дун-Өргөө” компанийн жинхэнэ эзэн нь хэн гэдэг хүн байна?
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Амгалан: “Дун-Өргөө” ХХК-ийн 25% нийслэлийн өмч, 75% нь "Хар дун" ХХК-ийн эзэмшилд байдаг.
Төлөөлөгч О.Зундуйдорж “Дун-Өргөө” компанийн эзэн нь Намбарын Энхбаяр байдаг. Гэтэл гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад 75%-ийг өөрөө өгөх ёстой. Монголын ард түмэн энэ гэр бүлд ямар өртэй юм.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс нийслэлийн өмчит компанийг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан эзэмшдэг явдлыг зогсоох ёстой. Наанаа бурхан шүтлэгтэй, цаанаа чөтгөр явдалтай байж болохгүй. Дээд албан тушаалтнуудад шаардлага тавьж байж нийгэмд шударга ёс тогтоно" хэмээв.
Нийслэлийн өмчит “Дун-Өргөө” ХХК-ийн 75%-ийг эзэмшигч "Хар дун" ХХК-тай хэлцэл хийж, тус компанийг орон нутгийн өмчид бүрэн шилжүүлэн авах арга хэмжээг хуулийн хүрээнд авч ажиллах эрхийг нийслэлийн Засаг даргад олгох тогтоолын төслийг НИТХ-ын төлөөлөгчид батлав. Ингэснээр нийслэлийн Засаг дарга "Хар дун" ХХК-тай хэлцэл хийхээр болж байгааг НИТХ-ын дарга А.Баяр тодотгов.
Хэлцэл хийгдсэний дараа уг асуудлыг дахин НИТХ-аар хэлэлцэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!