Жибути улсын ерөнхийлөгч зургаа дахь удаагаа 97.8 хувийн саналаар сонгогдлоо

Т.Давааням, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод Африкийн Жибути улсын ерөнхийлөгч Исмаил Омар Гуэллех сонгуульд 97.8 хувийн саналаар ялж, зургаа дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэх боломжтой болжээ.

78 настай түүний цорын ганц өрсөлдөгч Мохамед Фарах Саматар 2.19 хувийн санал авсан бол сөрөг хүчний бусад нэр дэвшигчид уг сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан юм.

27 жилийн турш засгийн эрх барьсан Гуэллех сонгуульд дахин өрсөлдөхгүйгээ амлаж байсан ч арваннэгдүгээр сард үндсэн хуулиа өөрчлөн нэр дэвшигчийн насны дээд хязгаар 75-ыг цуцалснаар шийдвэрээ өөрчилжээ.

Дэлхийн худалдааны чухал зам Суэцийн хоолойн үүд болох Баб эль-Мандебын хоолойд байрладаг тус улсын дотоод улс төр, нийгэм тогтвортой байх нь их гүрнүүдийн хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг.

АНУ, Хятад, Франц, Итали, Япон улсууд Жибутид тус тусын цэргийн баазтай. Энэ нөхцөл байдал нь Гуэллехийг “дархлагдсан ерөнхийлөгч” болгосон юм.

зураг
 

Тэрбээр Жибути улсыг 1977 онд Францын колоничлолоос салснаас хойш тодорсон хоёр дахь ерөнхийлөгч.

Сөрөг хүчний гол намууд 2016 оноос хойш сонгуулийг бойкотолж байгаа ч тэмцэл нь үр дүнд хүрэхгүй байгаа.

Баасан гарагт болсон сонгуулийн санал хураалтад нийт сонгогчдын 80 гаруй хувь оролцжээ. 2010 онд Жибутигийн парламент үндсэн хуульд заасан ерөнхийлөгчийн дахин нэр дэвших хязгаарыг цуцалж, бүрэн эрхийн хугацааг зургаагаас таван жил болгон богиносгож байжээ. Харин арваннэгдүгээр сард нэвтрүүлсэн дараагийн өөрчлөлтөөр нэр дэвшигчийн насны дээд хязгаар 75-ыг цуцалсан байна.

1.1 сая орчим хүн амтай Жибути нь “Африкийн эвэр” гэгддэг хойгт оршдог, газарзүйн хувьд стратегийн чухал байрлалтай улс юм.

 

Эх сурвалж: BBC