Сургуулиудад 300,000 компьютер нийлүүлж, анги бүрийг ухаалаг самбартай болгох төсөвт өртгийг ₮300-350 тэрбум гэж тооцжээ

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хийгдэх хамгийн том ажил нь

  • нэг сурагч-нэг компьютер
  • нэг анги-нэг ухаалаг самбар
  • нэг хүүхэд-хиймэл оюун ухааны нэг багш
  • нэг багш-хиймэл оюуны нэг туслах багш гэсэн бодлого баримтлах юм.

Хүүхэд бүрийг компьютертой болгох ажлыг энэ жилийн есдүгээр сараас эхлүүлнэ. Үүний тулд 2026 оны оны есдүгээр сарын 1-н гэхэд 100,000 хромбүүк, 5,000 ухаалаг самбар, 2027 оны хоёрдугаар сард 100,000 хромбүүк, 5,000 ухаалаг самбар, 2027 оны есдүгээр сарын 1-нээс 2028 оны есдүгээр 1-н хүртэл 100,000 хромбүүк, 5,500 ухаалаг самбар авна. Гэхдээ төсвөөс мөнгө гаргахгүй. 

Хөгжлийн Банкны Санхүүгийн лизинг компани гэж бий. Уг компани "Google"-тэй гэрээ хийн, худалдан авна. Түүнийг нь 3-5 жилд санхүүгийн түрээс хэлбэрээр ашиглана. Нэг жилд төсвөөс том хэмжээний худалдан авалт хийж, ачаалал өгөхгүйгээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ хэлбэр бий болгож байгаа юм.

Ерөнхий утгаараа сурах бичгийн түрээстэй төстэй боловч төлбөрийг нь эцэг эх биш төр төлнө гэсэн үг. Үүнийг дагаад "Google" компанийн хромбүүк үйлдвэр Монголд орж ирнэ" хэмээв.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн нэг компьютерыг дунджаар 11-12 сурагч ашигладаг байна. Шинээр хромбүүкийг сургуулиудад хуваарилснаар хоёр сурагч дундаа нэг компьютер ашиглан суралцах боломжтой болно гэж салбарын сайд нь хэлж байв. Түүнчлэн тэрбээр "2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэг хүүхдэд хиймэл оюуны нэг багш, нэг багшид хиймэл оюуны нэг туслах гэсэн платформыг математик, монгол хэлний хичээл дээр нэвтрүүлнэ.

Гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгохгүй байгаа тул монгол хэл, уран зохиол, унших бичиг нь хамгийн чухал хичээл тул ийнхүү анхаарах шаардлагатай байна" гэв.

Энэхүү арга хэмжээний санхүүжилтийн талаар сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр нэг хромбүүкийг 1.5 сая төгрөг гэж тооцсон бөгөөд ухаалаг самбар, хромбүүк авах зэрэг нь нийтдээ 300-350 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж тооцжээ.

"Худалдан авалтын тендерийг ил тод зарлана. Ингэхдээ "Google"-ын хромбүүкний үйлдвэрийг Монголд байгуулах нөхцөл тавина. Иймд хромбүүк үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нар оролцох байх. Мөн дотоодын нийлүүлэгч томоохон компьютерын компаниуд оролцох боломжийг олгоно. Дотоодын компаниудыг гадаадын компанитай хамтран нэг консорциум болж ажиллах тендерийн нөхцөлийг оруулна гэж төлөвлөж байгаа" гэв.

Шууд үзэх: