Армени улс АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

Т.Давааням, ikon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Армени улс АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Ерөнхий сайд Никол Пашинян ирэх сард болох парламентын сонгуульд ялахын тулд Оросын талыг баримтлагч улс төрийн хүчнүүдтэй ширүүн өрсөлдөж буй цаг үетэй энэ үйл явдал давхцаж байна.

Өчигдөр Ереван хотод АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Арменийн гадаад хэргийн сайд Арарат Мирзоян нар бас чухал ашигт малтмалын олборлолт, дамжин өнгөрөх коридорын чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

“Энэхүү гэрээ нь түүхэн замыг бодит болгох, энх тайвныг бэхжүүлэх, Армени болон бүс нутагт хөгжил цэцэглэлт авчрах чиглэлд өнөөдрийг хүртэл хийгдсэн хамгийн том алхам юм” гэж Рубио гарын үсэг зурах ажиллагааны үеэр хэлсэн байна.

“Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам” буюу TRIPP гэж нэрлэгддэг 43 км урт коридор нь Арменийн өмнөд нутгаар дайран өнгөрч, Азербайжан улсыг өөрийнх нь үндсэн газар нутгаас салангид оршдог Нахчиван муж болон ойрын холбоотон Турк улстай холбох юм.

Европын Холбоо, АНУ-тай ойртохыг эрмэлзсэн ерөнхий сайд Пашиняны бодлого Арменийн уламжлалт түнш Оросын эрх баригчдыг нэлээд бухимдуулж байгаа.

Москва саяхан тус улсыг Өрнөдтэй ойртох бодлогоо үргэлжлүүлсээр байвал нийлүүлдэг байгалийн хийн үнээ өсгөхийг анхааруулсан.

Армени улс ихэнх түүхийнхээ турш эдийн засаг, аюулгүй байдлын асуудал дээр Оростой холбоотон байсан. Гэвч 2023 онд армени үндэстэн олонх болдог Уулын Карабахын бүс нутгийг хөрш Азербайжанд алдсаны дараа Өрнөдийг дагах болсон юм.

Украины эсрэг дайн эхлүүлээд удаагүй байсан Орос улс тухайн үед Азербайжаны түрэмгийллийг эсэргүүцэхэд нь Арменид тусалж чадаагүй.

Уулын Карабах нь албан ёсоор Азербайжаны нутаг дэвсгэрт тооцогддог ч 1990-ээд оны үеэс хойш нутгийн салан тусгаарлагч армени үндэстний зэвсэгт бүлгийн хяналтад оршиж байсан юм. Ереваны эрх баригчид тэднийг дэмждэг байв.

Өнгөрсөн онд АНУ, Армени хоёр анх удаагаа цэргийн хамтарсан сургуулилалт зохион байгуулсан.

“Манай хоёр улсын стратегийн цогц түншлэл урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсныг би энд дахин батлан илэрхийлэхийг хүсэж байна” гэж Мирзоян өчигдрийн арга хэмжээний үеэр хэлжээ.

“Бид өнөөдөр Армени улсад мөнгө олох, хөгжин цэцэглэх, АНУ-д бас ижил боломж олгох хамтын ажиллагааны суурийг тавьж байгаа нь улс орнуудыг хооронд нь холбох хамгийн хүчтэй аргуудын нэг юм” гэж Рубио энэ үеэр хэлсэн байна.

TRIPP нь өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын зуучлалтайгаар Армени, Азербайжан улсуудын хооронд байгуулагдсан энхийн гэрээний нэг хэсэг бөгөөд уг төслийн 74 хувийг “TRIPP Development Company” нэртэй Америк компани эзэмших юм.

 

Эх сурвалж: Reuters