ФОТО: Artemis II багийн сансрын нисэгчид сарыг тойроод эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар Бямба гарагийн үд дундын үед сарыг тойрсон Artemis II багийн дөрвөн сансрын нисэгч АНУ-ын Калифорни мужийн эргээс холгүй Номхон далайн усанд шүхрээр бууснаар 10 хоног үргэлжилсэн түүхэн аялал нь өндөрлөлөө.

Тэднийг тээвэрлэсэн Orion хөлгийн Integrity нэртэй капсул дэлхийн агаар мандалд орж ирснээсээ хойш 13 минутын дараа далайн мандал дээр аюулгүй буусан юм.

NASA-гийн сансрын нисэгчид энэ аяллаар дэлхийн хоёр тойрог зам, дэлхийгээс сар хүртэл ирэх, буцах зам, сарыг нэг бүтэн тойрсон зам гээд нийтдээ 1,117,515 км урт зайг туулжээ.

Буусан капсулыг далайгаас эрж олох, сансрын нисэгчдийг АНУ-ын тэнгисийн хүчний хөлөгт нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх үйл явц хоёр цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн юм.

Эхлээд тэнгисийн цэргийн эмч капсулд нэвтэрч, АНУ-ын сансрын нисэгчид болох 50 настай Рийд Уайзмэн, 49 настай Виктор Гловер, 47 настай Кристина Кок, Канадын сансрын нисэгч 50 настай Жереми Хансен нарын биеийн байдлыг шалгасан байна.

Дараа нь тэднийг нисдэг тэрэгт суулган авч явжээ.

Integrity капсулын газардалт энэ аяллын хамгийн эрсдэлтэй хэсэг байв.

Lockheed Martin компанийн зохион бүтээсэн хөлгийн капсул дэлхийн агаар мандалд унахдаа дууны хурднаас 32 дахин өндөр хурдтай байсан ба энэ үеэр гадаргуу нь Цельсийн 2,760 хэм хүртэл халж байжээ.

Энэ их халалтаас капсулыг хамгаалахын тулд гадна талд нь ионжуулсан хийгээр бүрхүүл үүсгэсэн байна. Уналтын оргил үед капсулын радио холбоо зургаан минутын турш тасрах тооцоотой байжээ.

Харин бодит байдал дээр энэ тасралт төсөөлснөөс 40 секунд урт үргэлжилсний дараа харилцаа холбоо буцан сэргэсэн байна.

Үүний дараа капсулын хамраас хоёр багц шүхэр задарч, уналтын хурдыг 25 км/цаг хүртэл сааруулсан нь далайн мандалд зөөлөн буух нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ үеэр далайд хүлээж байсан тэнгисийн цэргийн шумбагч нар капсулын тал талд хөвөгч зүүж, хөдөлгөөнийг нь тогтворжуулсан байна.

Үүний дараа эмч капсулд нэвтэрч, сансрын нисэгчдийн биеийн байдлыг товч шалгаад нэг нэгээр нь хөвөгч дээр гаргажээ.

Улмаар сансрын нисэгчдийг нисдэг тэргээр өргөж, ойролцоо байрласан АНУ-ын тэнгисийн хүчний John P.Murtha тээврийн хөлөг дээр буулгаж, эрүүл мэндийн нарийн үзлэг шалгалтад хамруулсан юм.

Сансрын нисэгчид уг хөлөг дээр нэг шөнийг өнгөрүүлээд Бямба гарагт Техас мужийн Хьюстон хот руу албан ёсны тосох арга хэмжээнд оролцохоор нисжээ.

Artemis II багийн сансрын нисэгчид дөрөвдүгээр сарын нэгний өдөр Флорида мужийн Канавералын хошуунаас аяллаа эхэлж байлаа.

Тэд дэлхийгээс 406,771 км зайд хүрсэн нь хүн төрөлхтний сансрын гүн рүү хийсэн хамгийн хол аялал болон түүхэнд бичигдсэн юм.

Энэ нь Apollo 13 багийн 1970 онд тогтоосон дээд амжилтыг 6,000 гаруй километрээр ахиулсан үзүүлэлт байлаа.

Artemis II багийн аяллын мөрөөр 2028 онд NASA-гийн дараагийн баг саран дээр буух аяллыг гүйцэтгэх юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Reuters