АНУ-Ираны анхны нүүр тулсан яриа хэлэлцээ Пакистаны нийслэлд уртасгасан цагаар үргэлжилж байна

Т.Давааням, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Одоогоос нэг сар, хагасын өмнө Ойрх Дорнодод эхэлсэн дайныг зогсоох зорилготой АНУ-Ираны анхны нүүр тулсан яриа хэлэлцээ Пакистаны нийслэл Исламабад хотод үргэлжилж байна.

Орон нутгийн цагаар Бямба гарагт эхэлсэн уулзалт Ням гарагийн шөнийн 3:00 цагт үргэлжилж байжээ.

АНУ-ын төлөөлөгчдийг дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ахалж, тусгай элч Стив Виткоф, Жаред Кушнер нар дагалдаж байна.

“Холбогдох салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Исламабадад байгаа, тэднийг Вашингтон дахь мэргэжилтнүүд дэмжин ажиллаж байна” гэж Цагаан ордноос мэдээлжээ.

зураг
 

Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр талуудын хооронд “томоохон санал зөрөлдөөнүүд” хэвээр байгаагийн нэг нь Ормузын хоолойн тээвэрлэлт гэнэ.

Яриа хэлэлцээ дуусаагүй, Ням гарагийн өглөө үргэлжлэхээр болсныг тус агентлаг бас мэдээлжээ.

Бямба гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэдийгээр яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч тус улс Ираны эсрэг дайнаа үргэлжлүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ.

“Миний удирдлага дор Израиль улс Ираны террорист дэглэм болон түүний гар хөлүүдтэй үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.

Өчигдөр бас Цагаан ордны гадна сэтгүүлчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээний үр дүн ямар байх нь түүнд хамаагүй болсныг мэдэгджээ. “Юу ч болсон бай бид нэгэнт ялсан. Тэд тохиролцоонд хүрсэн ч, хүрээгүй ч надад ялгаа алга” гэж тэр хэлсэн юм.

Уулзалт эхлэхээс өмнө Ираны эрх баригчид Ливанд гал зогсоох, хилийн чанад дахь битүүмжилсэн хөрөнгийг нь чөлөөлөх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг тавьж байв.

АНУ-ын тэнгисийн хүчнийхэн Ормузын хоолойг минанаас цэвэрлэх ажилд бэлдэж эхэлснээ өчигдөр зарлажээ. Тухайлбал энэ зорилгоор байлдааны хоёр хөлгөө тус хоолойгоор нэвтрүүлснийг мэдэгдсэн байна. Гэвч сүүлд Ираны армийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг няцааж, Ормузын хоолойгоор байлдааны хөлөг нэвтрэхийг оролдвол “хүчтэй хариу арга хэмжээ” авахаа анхааруулжээ.

 

Эх сурвалж: Associated Press