Уншиж байна ...

"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ жилийн "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нээс 27-ныг дуустал зохион байгуулах аж.

Тодруулбал нээлтийн үйл ажиллагааг ирэх сарын 1-ний 11:00 цагаас Их наяд плазагийн зургаан давхарт байрлах танхимд хийхээр төлөвлөжээ. Нээлтийн үеэр Улаанбаатар театрын 60 гаруй уран бүтээлчид тоглолт хийхээр болсон юм.

Үүгээр ч зогсохгүй үзэсгэлэн худалдааг дуусах хүртэл өдөр бүр соёлын хөтөлбөртэй, Нийслэлийн долоон дүүргийн Соёлын төвийнхөн оролцохоос гадна бусад хувь уран бүтээлчид үзэсгэлэнг дэмжиж оролцохоор төлөвлөж байна.

Түүнчлэн хотын "А" бүсэд, түрээсийн төлбөр төлөхгүйгээр бараагаа борлуулах боломжийг олгож байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Үзэсгэлэн худалдааны үеэр халаасны хулгайн хэрэг ихэсдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ тал дээр иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 1,000 гаруй иргэд, аж ахуйн нэгж оролцохоор гэрээ байгуулсан. 

Монгол Улсын хэмжээнд сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийг БНХАУ-аас бараа авахад зарцуулдаг гэсэн тооцоог албаныхан гаргажээ. Тиймээс дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор 2023 онд уг үзэсгэлэнгээр 40 гаран тэрбум төгрөгийн орлого олж байсан бол өнгөрсөн жил 51.8 тэрбум төгрөг болж нэмэгдэж байв.