Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд электрон болон янжуур тамхины хэрэглээг бууруулахын тулд ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Манай улсын хувьд янжуур тамхины хэрэглээ жил бүр өсөж байдаг. Үүний хэрэглээг бууруулах бодлогыг сайн хэрэгжүүлж чадаагүй явж байхад электрон тамхины хэрэглээ өндөр болж байна. Ялангуяа хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн дунд электрон тамхины хэрэглээ өндөр болсон нь судалгаагаар нотлогдсон. Эмэгтэйчүүдийн хэрэглээ дөрөв дахин өссөн.
Электрон тамхины хэрэглээг бусад улс орон бууруулах янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Бүр мөсөн хориглосноор эсрэгээрээ янжуур тамхины хэрэглээг нэмэгдүүлэх нөхцөл үүссэн. Зарим нь электрон тамхины татварын хэмжээг нэмэх, худалдаалах цэгийг багасгах бодлого хэрэгжүүлж байгаа боловч хэрэглээ нэмэгдсээр байгаа.
Манай улсын хувьд янжуур болон электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа. Аль аль тамхины хэрэглээг бууруулах хуулийг санаачилж батлах хэрэгтэй.
Янжуур тамхины онцгой албан татварын хэмжээнд жил бүр нэг төгрөг нэмэгддэг. Энэ нь янжуур тамхины хэрэглээг бууруулах бус дэмжиж байгаа юм. Харин электрон тамхийг цахилгаан бараа гэдэг ангиллаар орж ирдэг бөгөөд онцгой албан татвар ногдуулдаггүй. Тиймээс татварын өөрчлөлт, үнийн бодлогыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хуульчилж өгөхгүй бол дорвитой үр дүн гарахгүй байгаа. Электрон тамхийг хоргүй мэтээр тайлбарлаж дотоод орчинд хэрэглэж байгаа нь дан тамхидалтыг нэмэгдүүлж байна. Тиймээс хуулийн төслийг богино хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!