Уншиж байна ...

"1980 онд улсын эмнэлгүүдэд гарсан хүйн халдварт өвчний улмаас хохирсон. Энэ асуудлаар ХЭҮК-т хандсан ч ямар нэг шийдэлд хүрсэнгүй"

Э.Тэмүүлэн, iKon.mn
7 цаг 22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал 1980 онд улсын эмнэлгүүдэд хүйн халдварт өвчин гарсны улмаас хохирсон иргэн энэ асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарт хандсан ч дорвитой шийдэхгүй байгаа тул хэвлэлд хандахаар шийджээ.

Энэ талаар иргэн Н "1980 онд улсын эмнэлгүүдэд гарсан хүйн халдварт өвчний улмаас хохирсон иргэн. Энэ өвчний талаар хүмүүс сайн мэддэггүй. Энэ өвчин нь тухайн эмнэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлтэд дутуугаас шалтгаалдаг. 

Үүнээс болж эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудалд орж, нөхрөөсөө салсан. Сэтгэл санаа, бие махбодын хохирол амслаа. Өөрт учирсан эрүүл мэндийн асуудлаа гадаадад эмчлүүлж, нөхөн төлбөр гаргуулахаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т хандсан ч ямар нэг шийдэлд хүрсэнгүй.

ХЭҮК-оос уг асуудлыг 2022 онд хэлэлцээд шийдвэрлэсэн гэдэг хариу өгсөн.

Миний энэ асуудлыг шүүхээр шийдэх боломжгүй. Учир нь тухайн үед ажиллаж байсан эмнэлэг нь татан буугдсан, мөн эмч нар нь нас барсан зэрэг олон асуудлаас болоод ХЭҮК-т хандсан. Ийм байгууллага байгаагүй бол өнөөдөр энд суухгүй байлаа.

Хүний эрхийн талаар энэ байгууллага болон УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ярихгүй, иргэнийхээ асуудлыг авч хэлэлцэхгүй юм бол ийм байгууллага байгаад яах юм. 2020 оноос хойш энэ асуудлаа шийдүүлэх гээд маш олон байгууллагаар явсан. Хуульч, өмгөөлөгчдөөс ч зөвлөгөө авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч хандаж олон удаа захидал бичсэн. 

Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гэдэг хүний гарын үсэгтэй албан бичгийг өгсөн. Үүнд "ХЭҮК-ын дарга Д.Сүнжид та иргэнийн асуудлыг шийдвэрлэнэ үү" гэсэн утгатай. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэхгүй байна.

ХЭҮК-т хандаж хяналтын сонсгол хийж өгөөч гэдэг хүсэлт олон удаа тавьсан ч огт авч хэлэлцсэнгүй. Нэг бол ХЭҮК-т эсвэл Эрүүл Мэндийн Яам руу хамаатай асуудал гэж маргалддаг" гэж ярилаа.