Уншиж байна ...

Теслагийн хувьцааг олон жилийн өмнө худалдаж авсан Морган Фримэн мөнгөө 3,000 хувиар өсгөсөн байж болзошгүй гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн алдартнуудын нэг Морган Фримэн 2016 онд CNBC сувагт ярихдаа өөрийгөө Теслагийн хувьцааг эзэмшигч болохыг анх дэлгэж байжээ.

“Би Теслагийн хувьцааг эзэмшдэг. Би бол Илон Маскийн том шүтэн бишрэгч, түүнд технологийн хувьд бид ирээдүйд хаашаа хөгжих талаар хамгийн гайхалтай санаанууд байдаг гэдэгт итгэдэг. Тэр хэний ч хийгээгүй зүйлийг хийдэг. Тэр пуужинг дахин ашиглах боломжтой болгож байна. Энэ нь ямар ач холбогдолтойг мэдэж байна уу? Бид удахгүй хуучны Өрнөдөд хүмүүс хэрхэн суурьшсан шиг Ангарагт гарагт нүүдэллэн суурьших гэж байна” гэж Фримэн тухайн үед ярьж байв.

Түүний ярилцлагын бичлэгийг Илон Маск өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Х хуудсандаа нийтлэхдээ “Фримэн бол гайхалтай хүн” гэсэн тайлбар бичиж байжээ.

Тэгвэл тэр өнгөрсөн долоо хоногт энэ бичлэгийг дахин нийтэлсэн байна.

Эндээс харвал Морган Фримэн одоо ч Теслагийн хувьцааг эзэмшсэн хэвээр байгаа бололтой.

Хэрвээ энэ үнэн бол тэр өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгөө 30 дахин өсгөсөн байх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл $10,000-т авсан хувьцаа нь өнөөдөр $300,000-ын үнэлгээтэй болсон байх ёстой.

Теслад хэр хэмжээний хувьцаа эзэмшдэг талаар төлөөлөгчөөс нь тодруулахад “Ноён Фримэн хувийн хөрөнгө оруулалтынхаа тоо хэмжээг нийтэд дэлгэхгүй байх бодлого баримталдаг” гэж хариулжээ.

Түүний ярилцлага CNBC сувгаар цацагдаж байх үед Теслагийн нэгж хувьцааны ханш $13.50 орчимд хэлбэлзэж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагийн байдлаар $415 хүрээд байжээ.

Өөрөөр хэлбэл сүүлийн найман жил гаруй хугацаанд бараг 31 дахин өссөн байна.

Илон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн зах зээлийн үнэлгээ энэ хугацаанд $30 тэрбумаас $1.3 их наяд хүрч өссөн юм.

Теслагийн жилийн орлого 2016 онд $7 тэрбум байсан нь 2023 онд $97 тэрбум болжээ. Ижил хугацаанд үйл ажиллагаа нь жилийн $600 саяын алдагдалтайгаас $9 тэрбумын ашигтай болж сайжирсан байна.

 

Эх сурвалж: Business Insider