Швейцарын Зас-Фе цанын баазад мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 125 тамирчин оролцсон юм.
Зохион байгуулагч Швейцараас 14 тамирчин хурд, хүчээ сорьсон бол БНСУ-аас 11, Польш, Их Британи, АНУ-аас тус бүр 10, Иран ес, Финланд, Франц, Лихтенштейнээс тус бүр найм, Япон долоо, Чех, Словакаас зургаа, Монгол болон Испани тав, Нидерланд, Словени тус бүр гурав, Украинаас нэг тамирчин иржээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ урьдчилсан шатанд 13.22 секунд, шигшээд 11.83 секундээр алтан медаль хүртлээ.
Ингэснээр Н.Сэлэнгэ Дэлхийн цомд түрүүлж буй анхны эмэгтэй тамирчин болж байна.
Харин эрчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр урьдчилсан шатанд 11.69 секундийн амжилтаар есдүгээрт бичигдсэн ч шигшээд 8.25 секундэд даалгавраа гүйцэтгэснээр медальд хүрсэн юм.
Манай тамирчны урд Ираны Мохаммедреза Сафдариан 7.67 секундийн амжилтаар алтан медаль зүүжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!