Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амар амгалангийн диваажин Мэнэнгийн тал

Ч.Чулуунцэцэг
2015 оны 8 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Ургахын улаан нарнаар Мэнэнгийн талыг зорив
Унтаж унтаж сэрлээ,  Мэнэнгийн талд л давхиж явах юм
Ахиад жаахан дуг хийлээ, мөнөөх л Мэнэнгийн талдаа
Арга барагдаад асуулаа, Мэнэнгийн талыг туулах яагаа ч үгүй гэнэ 
Мэнэнгийн тал, Мэнэнгийн тал
Улс төр ярьж цаг нөхцөөв, Мэнэнгийн тал  үргэлжилсээр
Урлаг соёлоор амьсгалан аяны уртыг барах гэж  үзлээ, Мэнэнгийн талдаа л  
Яриагүй  сэдэв байхгүй,    тэжээвэр нохдоо хүртэл  дурслаа, Мэнэнгийн тал мөнөөх л янзаараа
Яаж ч  яараад  санаан зоргоор  үл туулах   Мэнэнгийн тал
Мэнэнгийн тал, Мэнэнгийн  тал
Нүд алдам  гэдэг нь
Нээрэн үнэн юм билээ, Мэнэнгийн талаа гэж ...

Иймэрхүү утга бүхий шүлгийг нэгэн цагт их найрагч Долгорын Нямаа гуай сэтгэлийнхээ угаас цааснаа буулгасан байдаг даа. Харин энэ бол “Монголын мэдээ” сонины хамт олны энэ зуны ээлжит аяллын явцад төрсөн толгой холболтууд. Заримыг нь би мэдээж хассан. Ийн хоёр өдөр давхисаны эцэст бид тусгаар Монгол Улсын минь дорно цэг болох Буйрын цэнхэр нуурын барааг сая нэг юм харцгаав. Аялж яваа улс зам зуур бууж суусаар  цагийн ихэнхийг бардгийг уншигч та мэдэх хойно доо. 

Буйр нуур өвөрлөгч түмний  өмч болоо юу  

Яагаад ч юм ийм бодол төрсөн. Амар амгалангийн диваажин болсон энэ сайхан талын чимэг нь яахын аргагүй Буйр нуур. Хоёр улсын хилийг дамнан  намуухнаар харгиалах  Буйр нуурын сайхныг магтая гэвч  миний тархин дахь үгсийн сан  хүрэлцэхгүй юм, үнэндээ. Үүлс нүүхээ умартан нуурын уснаа тухалчихсан ч юм шиг санагдаад. Нөгөө харах нь ээ, салхины аясаар нуурын ус солонгороод байна уу даа гэмээр элдэв янзын өнгөнд хувирах байгалийн тогтолцоог хэлж чадашгүй нь, би. Хааяа нэг салхи сэрчигнэхэд Буйр их далай аятай хөөс цахруулан давалгаалахад  цахлай тэргүүтэн шаагилдан  усны мандал дээр үл гарч ирсэн загасыг нүд ирмэхийн зуур шүүрэн одох нь гайхалтай.  

Гайхамшигтай, гайхалтай энэ нутагт аялал жуулчлал  хөгжиж шальсангүй. Арав хүрэхгүй тооны гэр барьж, тороосон утсаар хилийн цэс тогтоон түүнээсээ холгүйхэн жорлон босгосон байх аваас түүнийг жуулчны бааз хэмээн ойлгож болно. Мод ховор, жуулчдын тоо цөөн   болохоор эзэд нь хөгжүүлье гэж боддоггүй нь харваас илт.

Мэдээж тэр хэрээр хоолны амт чанар, үйлчилгээний тухайд энэ удаад өнжих нь дээр  биз.  Олон улсын стандарт шаардлагад нийцэх болоогүй байна хэмээн байнга шүүмжлэлд өртөж байдаг Хөвсгөлийн  Хатгал тосгонтой жиших  тухайд цаг нь  болоогүй байна лээ гэхээр бүх зүйл ойлгогдох болов уу. 

Үнэндээ Буйрын эрэгт  өөр хоорондоо гурван км-ийн зайтай орших арав гаруй жижиг жуулчны бааз маягийн юмнууд байх агаад “Долоон од” хэмээх ганцхан бааз л монгол эзэнтэй бусдад нь өвөрлөгчид  эзэн сууцгаасан байна лээ.  Ирж буй жуулчдын тухайд ч Улаанбаатараас зорьж очиж байгаа нь тун цөөн байж мэднэ. Монгол эзэнтэй жуулчны баазын эзний өгүүлснээр, Буйриас холгүйхэн орших хилийн боомтоор нааш цааш сүлжих өвөрлөгч голдуу наймаачид жуулчдын ихэнх  байсан гэнэ. Харин  биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө   хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу монгол иргэд өөрийн унаатайгаа хил давах эрхтэй болсноор Буйр нуурыг зорих монгол жуулчдын тоо харьцангүй нэмэгдэж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, жуулчид цөөн болоод тэр байх, жуулчны баазынхны зан ааш нь Хатгал тосгоныхон шиг эвдрээгүй байна лээ. Үүнийг манай хамт олон зам тавигдаагүйтэй холбон тайлбарлаж байсан. Хэрэв засмал замтай болж, хотынхон тэр чигээрээ хөврөх аваас  Буйр нуур хогон нуур болон хувирч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, баазын нэг гэр зуу хол давж мэдэх гэнэ.  

Үдшийн бүрий тасрахтай зэрэгцээд шар айрагт халсан  амрагчид баазын эзний тавьсан монгол, орос, хятад гэсэн дарааллаар эгшиглэх хөгжийн аянд машиныхаа гэрлийг тавьж байгаад бүжиглэцгээнэ. Ер нь л тэнд жуулчдыг татах, ая тухтай амруулах зүйл маруухан. Хурдан завь, хоолны газар, боловсон жорлон гээд хийх зүйл зөндөө байгааг Дорнод аймгийн удирдлагууд нэгийг бодож, хоёрыг санаж явдаг биз ээ. Байгалийн үзэсгэлэн, Монгол Улсын түүхийн тухайд монгол хүн бүр очих ёстой аймгийн нэг юм билээ.

Хэвтээ Жанрайсэг  буюу “Их Бурхант” цогцолбор 

Буйр нуураас холгүйхэн, гэхдээ 90 км давхиад л Халхын голын баруун  эргийн тохойд тодруулбал,  алдарт Сүмбэрийн заставаас хойш 35 км-т  ЮНЕСКО-д бүртгэлтэй хэвтээ Жанрайсэг буюу “Их Бурхант” цогцолбор  таныг угтах вий. Нэгэн цагт Халхын То ва гэж түмэнд хүндлэгдсэн Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр Утай Гүмбэнг зорих монгол мөргөлчдийг дагаад гарах  өглөг буяныг эх нутагтаа тогтоох үүднээс  энэхүү “Их Бурхант” шүтээнийг 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн юм билээ.  

Мянган үхэр тэргээр чулууг нь зөөж, 180 урчууд оролцсон 90 тохой Жанрайсэг нь хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нэлээд сүйтгэгдсэн  аж. Хамгийн сонирхолтой нь Халхын голын дайны үеэр  хэвтээ жанрайсэг бөмбөгдөлтөд өртөлгүй  бүрэн бүтэн үлдэж чадсан агаад  ухарч яваа япон цэргүүд гүйх зуураа залбиран амь  насаа даатган залбирч байсан  тухай нутгийн иргэд сонин болгон  хуучлах юм билээ.  

“Их Бурхант” цогцолборыг сэргээх ажил 1990 онд өрнөж, 1997 онд анхных шиг нь сэргээн засварласан байна. Хэвтээ Жанрайсэг бурханд мөргөсөн хэн боловч Утай гүмбэнд очиж мөргөсөн дайтай бодож төсөөлөх хэрэгтэй хэмээн зарлигдсан То вангийн зарлиг эдүгээ ч үйлчилсээр буй за.  Төсгөлд нь өгүүлэхэд, БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан  Зөвлөлт –Монголын дайчдад зориулсан хөшөө тэнд сүндэрлэж байгаа.  Шинэ цагийн монголчуудын очих ёстой, үзэх ёстой энэ өлгий нутгийн талаар  сайн мууг зэрэгцүүлэн өгүүлэхэд ийм байна. 

Зураг