Өнөөдөр дэлхий даяар бүх их сургуулиуд оюутан эрж, хайж байна. Ялгаа нь олон улсад нэр хүндтэй Харвард, Йель зэрэг нь хамгийн шилдэг оюутныг, манай захын жижиг сургууль ямар ч хамаагүй ширээ дүүргэх хэн нэгнийг л эрж байна.
Шилдэг оюутныг, тодруулбал ирээдүйд манлайлагч болох оюутныг хайх үйл явц нь аль ч их сургуульд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг бөгөөд зөвхөн календарь төлөвлөгөөнд заагдсан элсэлтийн хугацааны үйл ажиллагаа биш юм. Өөрөөр хэлбэл, тухайн их сургуулийн багш нарын өдөр тутмын үйл ажиллагаа, хэвлэн нийтлүүлж буй бүтээлүүд, оролцож буй сургалт, судалгааны төслүүд, тэдгээрийн олон нийтэд хүртэх байдал нь бүгд ирээдүйн шилдгүүдийг өөртөө татах үйл явцын гол хэсэг байдаг.
Ийм ч учраас их дээд сургуулиудыг эрэмбэлэх, үнэлэх олон янзын шалгуур, ангилал, систем байдаг бөгөөд жил бүр хамгийн шилдэг их сургуулиудын нэр, жагсаалт гарч нийтэд танилцуулагдаж байна.
Статистик судалгаанаас үзэхэд сүүлийн арван жилд дэлхийн хамгийн шилдэг 50 их дээд сургуулиудын жагсаалтанд багтсан сургуулиудын эзлэх байранд л бага зэрэг наана цаана өөрчлөлт орохоос нэрийн өөрчлөлт бараг орохгүй байна. Тухайн салбарын эрдэмтэд, багш нарын эрдэм судлалын ажлын бүтээмж нь сургуулийнхаа таних тэмдэг байдаг тул эрдэм судлалын ажлын бүтээмжинд тулгуурласан үнэлгээний үр дүн нь тухайн сургуульд сайн оюутан элсүүлэх үндсэн нэрийн хуудас болдог.
Олон улсад түгээмэл хэрэглэгддэг их дээд сургуулиудыг эрэмбэлдэг ангиллын зэрэгцээ зарим улс орон өөрийн дээд боловсролын системийн онцлогт тулгуурлан их сургуулиудыг эрэмбэлдэг тогтолцоог мөн хэрэгжүүлдэг. Жишээ нь АНУ-д Салбарын эрдэмтдийн бүтээмжийн индекс (The Faculty Scholarly Productivity Index (FSPI)) буюу багш судлаачдын хөдөлмөрийн бүтээмжийн чанарын бенчмаркинг үнэлгээг ашиглан тус улсын дээд боловсролын ангилалд (Carnegie Classification of Institutions of Higher Education) хамрагдах 350 орчим их дээд сургуулиудыг эрэмбэлэн жагсаадаг. Энэхүү үнэлгээ нь :
- Хэвлэн нийтлүүлсэн бүтээл (мэргэжлийн хүрээний хэдэн ном сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл peer-reviewed сэтгүүлд хэвлүүлсэн),
- Мэргэжлийн сэтгүүлд тухайн салбарын эрдэмтдийн бүтээлээс иш татсан байдал,
- Үндэстний судалгааны сангаас (манайхаар бол Шинжлэх Ухааны сан) ямар өртөгтэй хэдэн төсөл авч хэрэгжүүлсэн,
- Мэргэжлээрээ гаргасан амжилтын төлөө шагнал урамшуулал гэсэн 4 үндсэн шалгуураар хийгддэг.
FSPI –ийн гол онцлог нь их сургуулиудын эрдэмтдийн бүтээмжийг салбар тус бүрээр ялган үнэлдэг ба, тухайлбал 2010 онд АНУ-ын байгалийн ухааны чиглэлийн тэргүүлэх их сургуулиар Калифорнийн Берклейн Их Сургууль шалгарч, Станфордын Их сургууль 2-р байранд оржээ. Харин бизнесийн удирдлагын чиглэлийн эрдэмтдийнхээ бүтээмжээр Станфордын Их сургууль түрүүлж, Берклейн Их Сургууль удаах байранд орсон дүн байна.
Харахад энгийн статистик тооцоололд тургуурлан сургуулиудын багш судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тоогоор дугаарласан жагсаалт мэт боловч энэхүү эрэмбийн цаана тухайн сургуулийн хамгийн гол хүч, нөөц бололцоо, бусдыг татах чадвар оршдог. Ийм ч учраас ихэнх их сургуулиуд профессор багш сонгон шалгаруулахдаа маш хянамгай, нарийн шалгуураар үнэлдэг ба тодорхой хугацаат гэрээний үндсэн дээр ажиллуулдаг.
Их сургуулийн профессор цол нь хэдийгээр мэргэжлийн хэргэм зэрэг мөн боловч гол утга нь эрдэм судлалын ажлын бүтээмж, эрх мэдэл, мөнгө байдаг. Өөрөөр хэлбэл тухайн мэргэжлийн профессорын хүрээнд бүхэл бүтэн судалгааны баг ажилладаг ба ихэнх тохиолдолд баг удирдагч профессорын мэргэжлийн ур чадвараар багийн цар хүрээ хэмжигддэг болохоос манайх шиг “тэнцүү хуваарилалтын зарчимд” тулгуурладаггүй байна.
Профессор цолны эрх мэдэл нь өөрийн багт хэдэн судлаач, магистрант, докторант ажиллуулж байна вэ гэдгээр тодорхойлогдох ба энэхүү эрх мэдэл нь түүний дээр дурьдсан Шинжлэх ухааны сан болон бусад санхүүжүүлэгч эх үүсвэрээс хүртэж чадах судалгааны ажлын санхүүжилт буюу мөнгөний хэмжээгээр тодорхойлогддог байна.
Энэ бүхний үр дүнд профессор бол их сургуулийн хамгийн үнэт капитал болдог. Иймд их сургуулийн багш нарын чадамжийг доктор (PhD) зэрэгтэй багш нарын тоогоор хэмжихээс илүүтэй судалгааны ажлын цар хүрээ, тоо(чанар)-гоор буюу эрдэм судлалын ажлын бүтээмжээр хэмждэг болж байна. Ph.D бол суралцаад хүртэж болдог боловсролын зэрэг ба хамгаалахаасаа илүүтэй хамгаалснаасаа хойш юу бүтээж байна вэ гэдэг нь чухал ажээ. Үүнийг сүүлийн үед их сургуулиудын рейтинг тогтоосон байдлаас харж болно (Worldbank guide: Ranking top universities in the World).
Их сургуулийг багш эрдэмтдийн судалгааны ажлын бүтээмжээр нь үнэлдэг өөр нэг аргачлал нь Webometric юм. 2007 оны 11-р сард болсон Дээд Боловсролын Олон Улсын Шинжээчдийн III чуулга уулзалт дээр оролцогчид нь “Шанхайн“ Олон Улсын Академийн Нийгэмлэг /ARWU-500/ болон “Таймс” /OS-THES-200/ -ийн Webometric-ийн аргачлалд тулгуурлан Их сургуулийн рейтингийг профессорын бүтээмжээр нь тогтоох тухай асуудлыг гаргаж тавьсан байдаг.
Мөн Испаний эрдэм шинжилгээний Дээд зєвлєлийн харьяа Баримт Мэдээллийн Үндэсний Тєв Лабораторийн дэргэдэх Cybermetric лаборатори нь 2004 оноос дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиудыг вэб-сайтаар нь эрэмбэлэх рейтингийг боловсруулж эхэлжээ. Тус лаборатори нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинжлэх ухааны тvвшин, профессор (эрдэмтэд)-ын бүтээмжээр нь төрөлжүүлэн ангилдаг ба энэхvv рейтингийн vндсэн зорилго нь их дээд сургуулиудын vйл ажиллагааны рейтингийг тогтоож нийтлэх тєдий биш, аль болох олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх, цаг бүр шинэчлэгддэг байх, веб ашиглагчдыг шинжлэх ухааны єргєн хvрээтэй мэдээллээр цаг ямагт хангаж байх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийтэлж байх зэргийг дэмжих явдал юм.
Рейтинг боловсруулагчдын үзэж байгаагаар веб-индикаторууд нь профессорын баг, судлаачдын vйл ажиллагааны дvр зургийг нэлээд єргєн цар хvрээтэй тусгаж байгаагаас гадна хамгийн гол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгvvлд судлаачдын бvтээлээс иш татаж нийтлэгдэж, индексжсэн байдлыг голлон анхаардаг байна.
Их дээд сургуулиудын рейтингийг вэб-сайтаар эрэмбэлэхэд 4 vзvvлэлтийг ашигладаг. Үvнд:
1. Size (S)-Google, Yahoo, Live Search ба Exalead гэсэн хайлтын системvvдийн хуудасны тоо. Их сургуулийн албан ёсны сайтын хуудасны тоон үзүүлэлтийн утга нь хайлтын систем бvрийн тусламжтайгаар бvх судалгааны их сургуулиудаа нэг дээр ачаалж vvний дараа 4 хайлтын системийн vзvvлэлтvvдийг нэгтгэнэ. S vзvvлэлтийн рейтингийн нийлбэр утга нь 0,25-тай тэнцvv байна.
2. Visibility (V)-Yahoo Search, Live Search ба Exalead гэсэн хайлтын системvvдээр дамжуулж их сургуулийн сайтын хуудсан дээрх гадаадын нэр хүнд бүхий сэтгvvлд иш татсан зүйлийн тоо. Хайлтын систем бүрийн үзүүлэлтийн утгыг 1 дээр ачаалж үүнийхээ дараа 3 хайлтын системийн үзүүлэлтээ нэгтгэнэ. V үзүүлэлтийн рейтингийн нийлбэр утга нь 0,5-тай тэнцүү байна.
3. Rich Files (R)-файлын сайтан дээр тавигдсан эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн нийтлэлийн тоо. Файлын тоог 4 форматаар бүртгэн тооцож гаргана. Vvнд: Adobe Acrobat, Adobe Postscript, Microsoft Word, Microsoft PowerPoint. Файлыг төрөл бүрээр нь тусгай үзүүлэлт болгон тооцож, эдгээрийн утгыг 1 дээр ачаалан, үүнийхээ дараа файлын төрөл тус бүрийн үзvvлэлтүүдийг нэгтгэнэ. R-үзүүлэлтийн рейтингийн нэгдсэн утга нь 0,125-тай тэнцvv байна
4. Scholar (Sc)-их сургуулийн сайтан дээрх 1 шинжлэх ухааны бүтээл туурвилд иш татсан зүйлийн тоо болон хуудасны тоо. Их сургуулийн сайтанд тавигдсан иш татсан зүйл бусад материалыг бүртгэн тооцож, 1 дээр ачаална. Sc-үзүүлэлтийн рейтингийн эцсийн утга нь 0,125-тай тэнцүү байна. Үзүүлэлт бүрээр тусад нь зиндаа тогтоож, дараах томьёогоор коэффициетийг олж их сургуулиудаа зэрэглэлд оруулна.
Q = 4V+2S+1R+1ScQ- их сургуулийн рейтингийн vзvvлэлтийн vр дvнгийн утга
V-Visibility-сайтын хуудсан дээр гадаадын чухал нэр хvнд бvхий бvтээлд иш татсан тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл
S-SIZE-хайлтын системийн сайтын хуудасны тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл
R-Rich Files-сайтанд тавигдсан “үнэт” файлын тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл
Sc-Scholar-тусгай зориулалтын хайлтын машины хангалтын их, дээд сургуулийн сайт дээрх иш татсан хуудасны тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл.
Их сургуулийн рейтингийн үзүүлэлтийн үр дүнгийн утга Q нь бага байх тусам тухайн их сургуулийн рейтингээр эзлэх байр нь єндєр байх болно. Хэрвээ Q-гийн vзvvлэлтийн утга нь хэд хэдэн сургуулийн хувьд тэнцүү байвал эдгээр сургуулиуд нь нэг зэрэглэлд багтана.
Рейтинг боловсруулах тооцоолж болох 4 үзүүлэлтийн эзлэх хувийн жинг дараах байдлаар тодорхойлдог (Хүснэгт.1)
Хүснэгт.1. Их сургуулиудын рейтингийг вэб-сайтаар үнэлэх үзүүлэлтүүд
Код |
Эзлэх хувийн жин |
Үзүүлэлтүүд |
Size |
25% |
Хайлтын системийн сайтын хуудасны тоо |
Visibility |
50% |
Сайтын хуудсан дээр гадаадын нэр бүхий бүтээлд ишлэл авагдсан байдал |
Rich files |
12.5% |
сайтанд тавигдсан “үнэт” файлын тоо |
Scholar |
12.5% |
тусгай зориулалтын хайлтын машины хангалтын их дээд сургуулийн сайт дээрх иш татсан хуудасны тоо |
Энэ аргачлалыг ашиглан их сургуулиуд өөрийн салбар тус бүрийн профессор багш нарын рейтинг тогтоож болох юм.
Европын ус судлалын сургалт, судалгааны гол төвийн нэг болох Нидерландын UNESCO-IHE-д оюутан бүр шагшин ярилцдаг нэг профессор байх. Хуучин нь шинэ оюутнууддаа түүний тухай иймэрхүү байдлаар мэдээлнэ: “Uhlenbrook is soo super”. Яагаад супер байна вэ гэхээр профессор Улренброок болон түүний багийн ажлын үр дүнд жилд хамгийн багадаа 20 эрдэм шинжилгээний өгүүлэл ус судлал, ус зүй, усны инжернэчлэл, усны нөөцийн менежментийн peer-reviewed сэтгүүлд хэвлэгдэн гардаг.
Европын Холбооны Усны Нэгдсэн удирдлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн нэлээд хувь нь уг профессорын удирдлагаар IHE дээр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл профессор Улренброок нь тус институтын эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн нэг үндсэн урсгалыг удирдагч нь байдаг тул ийнхүү оюутнууд нь шагшин магтаж, түүний багт орж ажиллахаар тэмүүлдэг. Европын Гео Шинжлэх Ухааны Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын Усны Нөөцийн нэгдсэн менежментийн салбар хуралдааныг тэр л удирдах ба хуралдаанд оролцогчдын дунд иймэрхүү яриа гарна: Хэн хурлыг удирдах бол? мэдээж Улренброок, ямар? Яагаав IHE-ийн.
Нобелийн эдийн засгийн шагналыг Харвардын их сургуулийн Элвин Рот (Alvin E. Roth) ба Калифорнийн их сургуулийн Ллойд Шепли (Lloyd Shapley) нарт олгохоор зарлажээ. Нобелийн он оны шагналтнуудын жагсаалтыг харж байхад шинжлэх ухааны чиглэлээр хүртэгсэд нь бүгд аль нэг их сургууль, судалгааны хүрээлэн, лабораторид харьяалалтай байна. Чөлөөт уран бүтээлч, бие даасан улс төрч гэж байхаас, чөлөөт буюу бие даасан профессор гэж дуулддаггүй.
Дашрамд дурьдахад 2007 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан Аль Гор Нобелийн Энхтайваны шагналыг НҮБ-ийн дэргэдэх Уур амьсгалын Өөрчлөлттэй Тэмцэх Засгийн газар хоорондын байгууллагатай (IPCC) хамтран хүртсэн юм. IPCC-ээс эрхлэн гаргаж буй даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн илтгэлүүд нь ихэнх улс оронд дэлхийн дулаарлын талаарх асуудлыг зохицуулах үндсэн сурах бичиг, удирдамж болон хэрэглэгддэг. Өмнө өгүүлсэн IHE-ийн усны засаглалын профессор Гупта нь IPCC-ийн хууль эрхзүйн илтгэлүүдийн тэргүүлэх автор бөгөөд “Усны засаглал, эрхзүйн” судалгааны ертөнцөд бас л “супер гигант”. Өнөөдөр IHE-д, маргааш Амстердамд, долоо хоногийн дараа Копенгагенд, дараагийн долоо хоногт нь Делийн Их сургуульд лекцээ уншин дуржигнуулж, хажуугаар нь Олон улсын түвшний уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн бүхий л конвенц, конференцид оролцож, удирдан зохицуулах тэрээр хаана ч явсан бас л “IHE-ийн Гупта”.
Эндээс юу харагдаж байна вэ гэхээр чадварлаг профессорын нэр нь харьяалагдах их сургууль, институтынхаа хамтаар эрдэм судлалын зах зээл дээр “брэнд” болдог байна. IHE-ийн Улренброок, Йелийн Мендэлсон, Харвардын Элвин зэргээр.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Аялал, жуулчлалын тэнхимийн эрхлэгч, доктор Т.Навчаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|