Монголоос “Глоб” театр хүртэл хэдэн алхам байдаг вэ
"Бүх цаг үеийн урлагийн хорхойтнуудыг уран үгээрээ илбэдэн, өөртөө дурлуулж чадсан Уильям Шекспирийн элэг нэгтнүүд эх оронд минь ирнэ. Тэд бүгдийн хайрлан биширдэг, басхүү үзэн яддаг “Гамлет”-ыг эх хэлээр нь Монголын тайзнаа амилуулна" гэдэг мэдээ тархи эзэмдэж, зүрх базлаад амар суулгахгүй байлаа. Тийнхүү догдлон тэмүүлсний учир нь “Монголоос “Глоб” театр хүртэл хэдэн алхам байдаг бол?” гэсэн ганцхан асуултанд хариулт авахын тулд. Энэхүү нийтлэлээ ч энэ өгүүлбэрээр гарчигласан минь учиртай. Юу гэвээс надаас илүү хүлээж, догдолж, хүссэн урлагийн садан нэгэн анд минь “Гамлет”-д тэмүүлсэн сэтгэлээ энэ өгүүлбэрээр илэрхийлсэн юм. Би түүний ачаар хүссэн, тэмүүлсэн зорилгоо товчхон бөгөөд тодорхой тодорхойлж чадахаар боллоо. Догдлолоор ирлэгдэх хүлээлт, тэмүүллээр хурцлагдах зорилго...
Хүлээсэн өдөр ирлээ. Улсын драмын эрдмийн театрын үзэгчдийн танхимд ормогцоо хамгийн түрүүнд гайхсан зүйл бол заалны гэрлийг унтраагаагүй байсан явдал байлаа. Драмын жүжгийг тас харанхуйд үзээд сурчихсан бидэнд анхандаа ч эвгүй л юм билээ. Гэвч энэ бол тоглолтын дундуур хоорондоо буу халдаг, босч гүйдэг, гар утсаар ярьдаг, элдэв зүйлийн дуу авиа гаргадаг “дэггүй” үзэгчдийг дэгэнд нь оруулах сонгодог арга юм байна гэдгийг төдөлгүй ойлголоо.
Гетрудагийн хэтрүүлсэн гэмээр жүжиглэлт, Офелиягийн эцгийн дүрийг бүтээсэн жүжигчний аргагүй шийр заасан тоглолт, дүрдээ орсон байдал, Офелияг амилуулагч бүсгүйн харцны илэрхийлэл гайхалтай байлаа.
Жүжгийг англи хэлээр тоглосон болохоор танхимд байсан хүн бүр төгс ойлгосон гэж бодохгүй байна. Гэвч гурван цаг хэртэй үргэлжилсэн жүжгийн завсар ганцхан залуу суудлаасаа босч, ганцхан удаа гар утас дуугарсан. Гадныхны хувьд энэ сонин зүйл биш байх л даа. Харин уран бүтээлчдийг шүүмжлэхдээ гаргууд хэрнээ өөрсдөө театрын соёлд хараахан суралцаж амжаагүй яваа монголчуудын хувьд энэ бол тун ховор үзэгдэл шүү. Дэггүйтье гэвч заалны гэрэл асаалттай учир араас нь, хажуугаас нь, бүүр тэртээх булангаас хүртэл хүн харчих гээд байсан байх л даа. Ямартаа ч монголчуудыг тийм ч сайн танихгүй гадныханд бид театрын соёлтой хүмүүс гэдгээ харуулж чадлаа. Том амжилт.
Бас нэгэн талархууштай зүйл нь театрын суудлыг дүүргэсэн хүмүүсийн талаас илүү хувь нь залуучууд байлаа. Энд ирсэн хүн бүр төгс англи хэлтэй биш нь ойлгомжтой. Гэвч уйдаж залхалгүй, унтаж нозооролгүй гүн хүндэтгэлтэй үзэж сонирхлоо. Тэдний адилаар тайзнаас харцаа ч салгаж чадалгүй шимтэн үзсэн нэгний хувиар үзэж амжаагүй таныг “Глоб” театрын уран бүтээлчдийн дэргэд хөтлөн аваачихыг зөвшөөрнө үү?
Өнгө алдсан цэнхэр хана, өлгүүрт өлгөсөн гадуур хувцаснууд, тоотой хэдэн хөгжмийн зэмсэг, шалан дээр өрж тавьсан дөрвөлжин хайрцагнууд... Сонгодог жүжгийг сонгодгийн сонгодгоор нь үзнэ гэсэн төсөөллөөс минь дэндүү хол зөрөв. Данийн “гэгээрсэн” хунтайжийг эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө хумсаа хэмхэлж суудаг энгийн нэгэн баяны хөвгүүн болгожээ. “Улс орон гэдэг бол өрх гэр юм” хэмээх санааг илэрхийлж буйгаараа “Аянгын бороо”-той төстэй ч юм шиг. Мөн Гамлет болоод түүний хайртай бүсгүй Офелия хоёрт өнгөт арьстан жүжигчин тоглуулсан нь цаагуураа ямар нэгэн зүйл хэлээд ч байгаа юм шиг.
Туялзуур сэлэм ташаандаа зүүснийг нь эс тооцвол орчин үеийн жирийн залуус л тайзан дээгүүр холхилдож байв. Хэтэрхий уран бүтээлч нүдээр харвал ямар нэгэн онцгой зүйлийн илэрхийлэл болов уу гэмээр, хэнэггүй бардамаар харвал огт хэрэггүй мэт санагдах хөгжмийн зэмсгүүд хамгийн чухал хэрэглүүр байжээ. Нарийхан урт утас, цар болон хилийн чавхдасыг ашиглан салхины исгэрээ, гармони болон бусад хөгжмийн зэмсэг, хүмүүсийн авиагаар сэтгэл хөдлөлийг илэрхийлэх гээд бүх дуу шуум амьд байсан нь хамгаас содон юм. Мөн нэг их хэрэг болохгүй болов уу гэмээр хоёр банз, дөрвөлжин хайрцгуудыг тайз засалтанд гайхалтай чадварлагаар ашигласан байлаа. Сонгодог жүжиг гэхээр хэтэрхий нүсэр тавилт хийх гээд байдаг манайхан ч эндээс алдаагаа ойлгож, оноо өвөртөлж амжсан биз ээ.
Эхлэл хэсэгт жүжигчид яагаад ч юм, яарсан мэт үгсээ дуржигнуулж, зарим нь бүр дүрдээ орж амжаагүй мэт санагдсан. Тодруулбал, Офелия, түүний эцэг, Гетруда гуравт тоглосон жүжигчдээс бусад нь өөрийн тоглолтоос бусад үед дүрээсээ гарчихаад байсан юм. Магадгүй, манайд ёс мэт болсон хэтийдсэн үзүүлэх тоглолтууд, хэтрүүлсэн жүжиглэлт, хөдөлгөөнт тавилтууддаа хэт дасчихаад ингэж санагдсан байхыг ч үгүйсгэхгүй. Юутай ч цаг үеэсээ түрүүлж төрсөн Гамлет энэ удаа сэтгэлд хүрсэнгүй. Гамлетын дүрийг бүтээгч маань найзад тоглосон жүжигчин залууд яалт ч үгүй дарагдаад байв.
Хэдэн арван хувилбараар үзэж, уншсаар эртний танил болсон “Гамлет”-аа ийнхүү өрөөлийн нүдээр анх удаа харав. Төгс биш л дээ, гэхдээ л гайхалтай байлаа. Баярлалаа, “Глоб”.
Харин Гетрудагийн хэтрүүлсэн гэмээр жүжиглэлт, Офелиягийн эцгийн дүрийг бүтээсэн жүжигчний аргагүй шийр заасан тоглолт, дүрдээ орсон байдал, Офелияг амилуулагч бүсгүйн харцны илэрхийлэл гайхалтай байлаа.
Мөн нэг жүжигчин дор хаяж хоёр дүрд хувирсан нь энэхүү жүжгийн бас нэгэн ололттой тал байж болох юм. Тухайлбал, авга ах Клавдийг амьдруулагч жүжигчин нас барсан ахынх нь дүрийг хослуулан бүтээсэн. Харин Офелиягийн эцгийн дүрийг гайхалтай урласан жүжигчин эр хамгийн олон дүрд хувирсан бөгөөд тэр болгоноо сэтгэлд тултал хийж чадлаа.
Ухаан нь самуурсан Офелия торгон цэргүүдэд цэцгийн дэлбээ тасдан түгээдэг хэсэг хэн бүхний сэтгэлд эмзэглэл төрүүлдэг дээ. Харин “Глоб” театрын уран бүтээлчид орчин үеийн тавилтандаа тохируулж, хөөрхий Офелияд нас барсан эцгийнх нь нөмрөгийг бариулжээ. Тэрбээр газраас хий зүйл шүүрэн тэнд байсан олон хүний дотроос авга ах Клавдий болон Гетруда хоёрыг онцлон гарт нь атгуулсан нь өмнө хараагүй содон тавилт байв. Солиорсон охины өгсөн хоосныг гартаа лавтай атгасан тэр хоёроос бас нэгэн онцгой зүйл өөрийн эрхгүй хүлээлээ. Харамсалтай нь, жүжгийн дараагийн үйл явдал болтол атгаж байсан зүйлээ тэр огт хэнэггүй тавьчихсан...
Мөн Гамлетын найруулсан жүжгийн хэсэг дэх Гетрудагийн шалиглалыг бүжгийн хөнгөн хөдөлгөөнөөр илэрхийлсэн байв. Энд онцлохгүй өнгөрч болохгүй зүйл бол ар араасаа цуварсан олон үхэл, эмгэнэлээр төгссөн жүжгийн төгсгөлд Офелия бүжиглэн гарч ирээд, сүнс сүнсээ дуудан сэргээж, диваажин хийгээд там руу хөтлөх мэт бүгдийг сэрээж, хамтдаа бүжиж эхэлсэн нь үнэхээр эрхэмсэг харагдаж байлаа. Бодлогоширч суусан үзэгчид ч энэ үеэр сэргээд л ирсэн. Хөшиг хаагдтал алга нижгэнэсээр л байлаа...
Хэдэн арван хувилбараар үзэж, уншсаар эртний танил болсон “Гамлет”-аа ийнхүү "өрөөл"-ийн нүдээр анх удаа харав. Төгс биш л дээ, гэхдээ л гайхалтай байлаа. Баярлалаа, “Глоб”.
Хэдийгээр төсөөлж байснаас тэс өөр тавилт байсан ч гэлээ сэтгэл ханамж зуун хувь буцав. Гэтэл цахим ертөнцөд хэн нэгэн “Ойлгох уу, эс ойлгох уу” хэмээн англи хэл дээр тавигдсан эрхэм “Гамлет”-ыг шогложээ. Үзээгүй хүмүүс ойлгоогүй байж болох ч, үзсэн хүмүүс ойлгосонгүй гэж л дуугарахгүй гэдэгт лавтайяа итгэж байна.
Эцэст нь, эрхэм үзэгч, уншигч та бүхнээс дахин асууя. Монголоос “Глоб” театр хүртэл хэдэн алхам байдаг бэ? Би хариултаа олсон. Харин та?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
