Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэн. Улмаар өнгөрсөн сарын 24-ний өдрөөс автобуснууд иргэдэд цахим системээр үйлчилж эхэлээд байгаа. Тэгвэл оюутнууд нийтийн тээврээр ямар картаар зорчих эсэх талаар МОХ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Б.Батжаргалаас тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил эхлэхээр оюутнууд өнгөрсөн хавар захиалсан Төрийн банкны картаараа нийтийн тээвэр зорчих уу. Эсвэл шинэ цахим картаар зорчих юм уу?
-Одоогийн байдлаар “Улаанбаатар Смарт Карт” компаниас манай байгууллагатай гэрээ байгуулах загвараа явуулсан байсан. Бид энэ талаар ярилцаж байж гэрээгээ хоёр талаасаа батлах болно. Одоо бол ямар нэгэн шийд гараагүй байна.
-Хэрвээ оюутнууд смарт картаа зорчих болвол дахин мөнгө төлж авна гэсэн үг үү. Тэгвэл Төрийн банкны карт тэндэнд хэрэггүй болчих юм биш үү?
-Ер нь “Улаанбаатар Смарт Карт” компаний смарт картыг ашигладаг боллоо гэхэд тухайн хүнийг оюутан гэдгийг батлах зураг,нэр, сургууль зэрэг ямар ч мэдээлэл байхгүй. Тиймээс оюутан гэдгийг нь батлах юу ч байхгүй болно. Гэхдээ оюутнуудад ямар нэгэн хүндрэлгүйгээр хэрхэн нийтийн тээврээр зорчуулах зэргийг хамтдаа шийдэх ёстой.
-“Улаанбаатар Смарт Карт” компани оюутнуудад зориулан 110 гаруй мянган карт хэвлээд гаргачихсан байгаа гэсэн. Төрийн банкны карт мөн хэвлэгдсэн байгаа юу?
-Төрийн банкны карт хичээлийн шинэ эхлэхэд буюу есдүгээр сарын 01-нд тараахад бэлэн байгаа. Ер нь бол оюутнууд картаараа зөвхөн автобусаар үнэгүй зорчдог гэдэг ойлголттой байсан бол Төрийн банк энэ бүхнийг халж илүү шинэлэг, бүтээмжтэй талаас харж, оюутан залуусын нэрийн хуудас болохуйц илүү ухаалаг шийдэл бүхий карт болгосноороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, тухайн картаараа банкны төлбөрийн картаар авдаг бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.
Бүх банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах, худалдаа үйлчилгээний газруудад ПОС-оор төлбөр тооцоо хийх, цахим банкны үйлчилгээнд бүртгүүлж дансанд орох орлого зарлага, гүйлгээний мэдээгээ гар утсанд мессежээр авах, гар утасны дугаар болон картын дугаараар мөнгөн шилжүүлэг хийх, картгүйгээр АТМ-аас бэлэн мөнгө авах цахим төгрөг үйлчилгээ, биллинг, тв банк зэрэг олон төрлийн үйлчилгээг картаараа авах боломжтой юм.
Мөн смарт карттай оюутан маань залуучуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг газруудад 5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй байгаа. Бид хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагын тоог цаашид нэмэгдүүлэхээр ажилладаг гээд олон давуу талтай. Харин “Улаанбаатар Смарт Карт” компаний карт зөвхөн автобусанд л үйлчлүүлэх болно. Энэ мэт ярих шийдэх олон асуудал байгаа.
-Оюутнуудыг ажлын өдрүүдэд сургуульдаа ирэх, явах нь л үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг нийтийн тээврийнхэн мэдэгдээд байгаа. Гэтэл сургуульдаа ирэхдээ олон дамжих оюутан яах юм бэ?
-Харин ийм асуудал байгаа. Тухайн оюутан хичээлдээ ирэхийн тулд хэд ч дамжиж болох. Тиймээс зөвхөн ирэх, явах буюу хоёр удаа автобусанд суух нь үнэ төлбөргүй байгаад бусад тохиолдолд төлбөртэй байна гэдэг бол байж болохгүй. Энэ тохиолдолд тухайн оюутан сарын хэрэгцээгээ долоо хоногт хэрэглээд дуусчихвал яах вэ гээд олон асуудал гарна.
Тиймээс оюутны нотолж байгаа бичиг баримт болсон Төрийн банкны картаараа л зорчихоос өөр арга байхгүй. Нийтийн тээврийн талаар нийслэлээс гаргасан журам байгаа.
Оюутны нотолж байгаа бичиг баримт болсон Төрийн банкны картаараа л зорчихоос өөр арга байхгүй.
Журмаар оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгсэлээр үнэ төлбөргүй зорчуулна гэсэн байгаа. Харин үүнтэй холбоотой асуудлыг Нийтийн тээврийн газар болон МОХ хамтарч шийднэ гэж заасан байдаг.
Тиймээс “Улаанбаатар Смарт Карт” компанийхан энэ асуудалтай холбоотой хууль, дүрэм, журмыг сайтар харах хэрэгтэй. Улаанбаатар мэдээж ухаалаг болж байна. Ухаалаг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байгааг бид дэмжих болно.
Гэхдээ эхний ээлжинд оюутнуудаад хүндрэлгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх, ямар арга замаар шинэ картыг хэрэглүүлж хэвшүүлэх зэргийг хамт гаргана. Уг нь энэ жилдээ автобусны контукторууд хяналтын ажилтан хийх болохоор Төрийн банкны картыг өмнөх шигээ шалгаад л оюутнуудаа зорчуулаад байж болохыг ч үгүйсгэхгүй. Бид аль болох л оюутнуудад хүндрэлгүй байдлаар шийдэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|