Дэлхийн олон улс орон дээд боловсролын салбартаа кредит системийг хэрэглэх нийтлэг жишиг тогтоод удаж байна. АНУ нь дээд боловсролын тогтолцоонд кредит системийг анхлан нэвтрүүлж улмаар дэлхийн нэртэй их сургуулиуд ашиглах болсон гэж үздэг.
Тийм ч учраас дээд боловсролын салбар дах кредит системийн тухай ярихдаа АНУ-ын жишээ, тэдний загварыг авч үздэг. АНУ нь дээд боловсролын тогтолцоонд кредит системийг нэвтрүүлснээр сургалтын хөтөлбөрийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж улмаар сонголт хийх тогтолцоог бий болгосон гэж үздэг бол бусад улс орнууд ч мөн адил кредит системийг сургалтанд нэвтрүүлснээр тодорхой дэвшилд хүрсэн гэж тайлбарладаг байна.
Юун түрүүнд академик сургалтыг олон нийтэд ойлгомжтой болгосон (бакалавр, магистрын зэрэг олгох сургалт хэдэн кредит цагаар ямар хичээл судлах гэх мэт), түүнчлэн эрдэмтэн, профессоруудын ажлын ачаалалыг тооцох аргачлал (улиралд биелүүлэх кредит цаг, ачаалал гэх мэт) илүү хялбар болсон гэж үзжээ. Гэвч тооцоолох аргачлал хялбар болсон гэхээсээ илүү баригдмал, нэгэн хэвийн сургалтын хөтөлбөрийн уламжлалыг эвдэж, суралцагчдад сонголт хийх боломж олгосноор нь кредит системийг дээд боловсролын салбарт дэвшил болсон гэж үзэх хандлагатай.
Австралийн их сургуулиудад кредит системийн нэгдсэн тогтолцоо гэж байдаггүй. Үүний оронд Australian Qualification Framework буюу аливаа мэргэжлээр суралцагчийн эзэмшвэл зохих чадваруудыг нарийвчлан тайлбарласан баримтаар мэргэжил тус бүрийн стандартыг тогтоож өгдөг.
Их сургуулиуд үүнд түшиглэн өөрийн сургуулийн дотоод журмаар сургалтын ачаалал, кредит цагийг тодорхойлдог. Тиймээс Австралийн их сургуулиудад кредит системийг хэрэглэж байгаа аргачлал нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Бакалаврын сургалт 3-4 жил байх ба мэргэшиж байгаа чиглэлээс хамааран үүнээс илүү байх нь ч бий.
Өөр нэг онцлог нь бакалаврын сургалтаас өмнө дипломын зэрэг (Diploma degree), дээд шатны дипломын зэрэг (Advanced Diploma or Associate Diploma Degree) олгох сургалтуудтай байдагт оршино. Тиймээс бакалаврын зэрэг олгох сургалтын хүрээнд суралцагч нь давхар мэргэжил эзэмшин төгсөх боломжтой.
Бакалаврын зэрэг олгох сургалтын судлах хичээлийн тухайд 1-р курсээс нь мэргэжлийн чиглэл рүү түлхүү анхаардаг ба сургалтын хөтөлбөр нь заавал судлах хичээл, мэргэших хичээл, сонгох хичээл гэсэн 3 хэсэгт хуваагддаг.
Кредит системийн цөм нь оюутанд “сонголт” хийх боломж олгох явдал юм. Оюутан өөрийн сонирхсон хичээлийг, ирээдүйд өөрийн ажил мэргэжилд нь шаардагдах хэрэгцээнд тулгуурлан сонгосноор илүү хариуцлагатай, бие даан суралцах чадвартай болдог нь ажиглагдсан.
Оюутанд сонголт хийх боломж олгох нь тэднийг их сургуулийн нэг идэвхтэй хэсэг болохыг нотлох улмаар тэдний оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх давуу талтай гэж үздэг юм билээ. Сонголтын тухай ярихад хичээл сонголтыг юун түрүүнд авч үздэг. Хичээл заах багшийг сонгох асуудал төдийлөн хүчтэй яригдахгүй байгаа нь анзаарагдсан. Оюутны тооноос хамаараад зарим хичээлийн хуваарийг олон хувилбараар гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд хэд хэдэн багшаас сонгоно.
Гэтэл зарим хичээлийн тухайд багш сонголт гэсэн ойлголт байхгүй. Тийм ч учраас хөтөлбөр, хичээл сонголтыг илүүд авч үздэг. Хичээл сонголтыг хэрэгжүүлэхэд зохион байгуулалт нэлээд шаардах нь ойлгомжтой. Анги танхим, багш боловсон хүчний нөөц гээд асуудал олон. Сидней их сургулийн хувьд нэг улиралд заавал судлах 2 хичээлийг нь нэгдсэн хуваариар, үлдсэн 2 хичээлийг өөрсдөөр нь сонголт хийлгэдэг.
Гэхдээ заавал судлах болон сонголтоор судлах хичээл аль аль нь хичээллэх өдөр, цагаа гаргасан байдаг. Тиймээс оюутнаас хамаарч багшийн хуваарь гарах биш хичээл сонголтоос хамаарч оюутны хичээллэх хуваарь гардаг. Зөвхөн бакалаврын сургалтандаа 35,000 гаруй оюутантай Сидней их сургууль сонголтыг ийм байдлаар зохион байгуулж байна.
Оюутны хичээл сонгох үндэс нь тухайн сургуулийн санал болгож буй хөтөлбөрөөс шууд хамаарах нь ойлгомжтой. Тиймээс ч кредит систем нь сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохыг шаарддаг гэдгийг нотолж байгаа юм. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулан, боловсруулснаар кредит систем бүрэн утгаар хэрэгжих үндэс болох юм.
Энэ нь сургалтын хөтөлбөрт илүү уян хатан байх бодлого баримтлах шаардлага тулгарч байна гэсэн үг юм. Одоо үед нэртэй их сургуулиуд санал болгож буй хөтөлбөрөөрөө өрсөлдөж, оюутнуудаа татдаг болжээ. Бид орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, оюутнуудад санал болгох хэрэгтэй юм. Сидней их сургуулийн салбар сургуулиуд хөтөлбөр тус бүрээр санал болгох хичээлүүдийг гарын авлага болгон гаргадаг.
Энэ нь оюутнуудад сонголт хийх өргөн боломжийг өгч чаддаг. Тэндээс харахад хичээлүүд нь цаг үеэ олсон, орчин цагийн хэрэгцээтэй уялдсан байдаг нь сургалтын хөтөлбөрийг уян хатан байх ёстой гэж үздэгтэй нь холбоотой юм. Тийм ч учраас сонголт энд бүрэн утгаараа хийгдэж чаддаг.
Сургалтын хөтөлбөрийг нарийвчлан задалж, оюутанд санал болгоход түүнийг заах мэргэжлийн багш хангалттай байх шаардлага тулгарна. Хамгийн гол нь багш нар тухайн хичээл бүрээр судалгаа хийх, мэргэших, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадвартай, бүтээлч байх хэрэгтэй. Их сургуулийн багш нар байнгын судалгаа шинжилгээ хийж, цаг үеийн эрэлтээс хамааран тухайн хичээлийг илүү сонирхолтой болгох, бусдад түгээх тал дээр байнга шинэчлэл, өөрчлөлтийг хийж байх нь зайлшгүй юм.
Багш сонголтыг онцгойлон авч үзэхгүй байгаа хэдий ч аливаа хөтөлбөрийг багш нар боловсруулж байдаг тиймээс ч хичээл сонголтын цаана багш нар цаг үеэ хэрхэн мэдэрч, тухайн мэргэжлийн хүрээнд хэрхэн оновчтой хөтөлбөр боловсруулсан зэрэг асуудлууд давхар явж байх нь ойлгомжтой.
Хөтөлбөр боловсруулахад багшийн оролцоо, үүрэг чухал байдаг. Тийм ч учраас кредит системийг сургалтанд нэвтрүүлэхэд багш нар, хөтөлбөр боловсруулагч, санаачлагч, хэрэгжүүлэгч байх шаардлага гарч бий болжээ.
Сидней их сургуулийн хэрэглэж буй үнэлгээний аргууд бидний хэрэглэж байгаа аргуудтай ижил (бие даан гүйцэтгэх даалгавар, явцын тест, илтгэл гэх мэт) боловч салбар сургуулиудын үнэлгээний аргууд өөр хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь: Нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд эссэ бичих даалгавар илүү хэрэглэгддэг.
Гэхдээ илүү анализ, харьцуулалт хийсэн байхыг шаарддаг. Тиймээс critical review, critical reading, critical thinking гэсэн нэршил нэлээд өргөн хэрэглэгдэнэ. Үүнийг зөвхөн шүүмжлэн бичих гэж ойлгож болохгүй. Энэ төрлийн даалгаварыг хийж гүйцэтгэхэд тухайн асуудлаар нэлээд олон өгүүлэл, ном зохиолтой танилцах шаардлагатай болдог. Оюутнуудыг тухайн судлагдахууны хүрээнд сэтгэн бодох, бүтээлч чадварт сургах тал дээр их анхаардаг.
Жишээ нь: Бизнесийн сургуульд Critical thinking гэдэг хичээл заавал судлах хичээлээр орно. Үзсэн сэдэв бүрээр ажиглалт, анализ, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бичгийн ажил хийлгэж байгаа нь тухайн оюутнуудад онолын мэдлэг олгоод зогсохгүй түүнийгээ бусад судлаачдын үзэл бодолтой харьцуулж, тухайн асуудлыг хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох талаар өргөн хүрээнд сэтгэх чадвартай болгодог байна.
Мэргэжил үл харгалзан бичих даалгавар хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Түүнчлэн багаар гүйцэтгэх даалгавар бүх салбар сургуулиудад хэрэглэгддэг. Кредит систем нь оюутны сонголт дээр үндэслэн бие дааж сурах чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг тул бие даан сурах чадвартай болох тал дээр салбар сургуулиуд түлхүү анхаардаг.
Кредит системийн тухайд эдгээр асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна гэж үзлээ. Хичээл сонголтын тухайд л авч үзэхэд манай санал болгож буй хөтөлбөр, хичээл хэр хангалттай байдаг, оюутанд үнэхээр сонголт хийх боломжийг олгодог эсэхийг эргэж нэг хармаар санагдсан. Мөн манай кредит тооцох аргачлал, Сидней их сургуулийнхаас өөр байна.
Энд 1 хичээл 6 кредит цаг гэж тооцоод оюутан улиралд 4 хичээл судалдаг нь сонголт хийхэд илүү хялбар болгодог байх талтай. Өөр нэг зүйл нь хичээлийн хуваарь. Оюутнууд онлайнаар хичээлийн хуваарийг хүлээж авдаг бөгөөд тухайн оюутны сонгосон хичээлээс хамаараад долоо хоногийн хэдэн өдөр, хэдэн цагаас хичээлтэй байх нь шалтгаална. Энэ тохиолдолд оюутан судлах хөтөлбөр, хичээлийг сонгох эрхтэй ч сургуулийн зүгээс бэлтгэсэн хуваарьт үндэслэн сонголтоо хийнэ.
Дүгнэж хэлэхэд кредит систем бол сургалтын хөтөлбөр болон оюутны сонголт гэсэн үндсэн ойлголтод анхаардаг байна. Тиймээс ч кредит систем нь уламжлалт сургалтын хөтөлбөрийг өөрчлөх, түүнийг цаг үеийн шаардлагатай нийцүүлэх тухай асуудал бөгөөд суралцагчдад хэрэгцээтэй мэдлэгээ ямар хөтөлбөрөөр олж авах, өөрсдийн сонголтоор өөрийн мэдлэгийг баяжуулах, туршлага олж авах бололцоог олгох асуудал тул бид энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Англи хэл, соёлын тэнхимийн багш, доктор Н.Оюунцэцэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!