Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламентийн 25 жилийн ой тохиож байна

open.parliament.mn
2015 оны 7 сарын 2
open.parliament.mn

1990 оны долдугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ.

Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулжээ.

Ийнхүү 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсоноос хойш эдүгээ 25 жил болж байна.

 

Ардын Их Хурлын чуулганаар Улсын Бага Хурлын гишүүдэд нэр дэвшүүлж сонгов. 

Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм.

Парламент гэдэг нь “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай англи үг /parliament/ бөгөөд хууль тогтоох-төлөөлөгчдийн дээд байгууллагыг илэрхийлж ойлгодог дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хэвшсэн нэр томьёо юм.

Улсын Бага Хурал (1990-1992 он)

Ардын Их Хурлын 430 депутатаас сонгож байгуулсан 50 гишүүнтэй Улсын Бага Хурал нь 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

 

Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, орлогч дарга К.Зардыхан, нарийн бичгийн дарга Б.Чимид нар.

Улсын Бага Хурал нь Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар түүхэн үүрэг гүйцэтгэсэн парламент юм. Юуны өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж батлуулсныг онцлох учиртай.

Улсын Бага Хурлаас боловсруулан ард нийтээр хэлэлцүүлж улмаар Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлсэн Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдснаар Монголын нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг тууштай хэрэгжүүлэх эрх зүйн харилцааны тулгуур эхлэл тавигдсан билээ.

Тухайлбал, улс төрийн харилцааны хувьд олон намын тогтолцоог баталгаажуулсан ардчилсан дэглэмд шилжсэн. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрч, түүний баталгааг хангах үүргийг төр хариуцах болсон. Өөрөөр хэлбэл олон урьгалч үзлийг нийгмийн оюун санааны иш үндэс болгосон.

Энэ бол ардчиллын чухал үнэт зүйлсийн нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Монгол Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, төрийн байгууллын шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Эдийн засгийн харилцааны хувьд нийтийн өмчид суурилсан аж ахуйн социалист тогтолцоо дангаар ноёрхож байсныг халж, олон хэвшилт эдийн засагтай болох харилцааг хуульчлан баталгаажуулсан. Шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засгийн харилцааг тогтоож, түүнд төрийн оролцоог хязгаарлаж өгсөн. Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн өмчийг задлан хувьчлах, иргэд хувийн аж ахуй эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, банк, гааль, албан татварын зэрэг хуулиудыг шинэчлэн баталжээ.

Улсын Бага Хурлаас нийт 27 хууль шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж, 11 хуулийг хүчингүй болгосон байна.

Улсын Бага Хурал нь бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажиллаж байв. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, шууд Ардын Их Хурлаас нэр дэвшүүлэн сонгогдсон. Харин 50 гишүүний тухайд сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилж (5 хувьд 1 мандат), намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгосон юм. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авчээ.

 

Улсын Бага Хурлын гишүүд.

Улсын Бага Хурал нь бүтцийн хувьд таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Үүнд:

  • Төрийн байгуулалтын байнгын хороо (дарга нь С.Баяр)
     
  • Хууль зүйн байнгын хороо (дарга нь Л.Цог)
     
  • Эдийн засгийн байнгын хороо (дарга нь М.Энхсайхан)
     
  • Нийгмийн бодлогын байнгын хороо (дарга нь Т.Очирхүү)
     
  • Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байнгын хороо (дарга нь Р.Хатанбаатар)

Ийнхүү Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал нь шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон 1992 оны долдугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон түүхтэй.

Улсын Их Хурлын Тамгын газрын

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс