Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.В.ВЕРНАДСКИЙ: Гүюг төр барьсан нь

ikon.mn
2015 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1206 оноос өмнө Тэмүжин болон Монголын овог аймгийн зарим удирдагчдын оюун санаанд зөвхөн мөрөөдөл болон оршиж байсан Монголын эзэнт гүрэн Чингис хааны үед бүрэлдэн тогтож, биелэлээ олов.

Өгөдэйн төр барьсан үеийн сүүлчээр эзэнт гүрэн Хархорин хэмээх нийслэл хоттой жинхэнэ төр улс болсон байлаа. Ийнхүү гучин таван жилийн турш энэхүү хүчирхэг гүрэн төрөн мандаж, дэлхийн удирдагч тэргүүн нарт дарамт шахалт үзүүлэх болжээ.

Харьцангуй богино энэхэн хугацаанд монголчууд Ази болон Европ тив дэх асар их хэмжээний газар нутгийг эзэлсэн билээ. Үнэндээ тэд Евразийн их газар нутгийн эзэд болсны хувьд Умард Азийг бүхэлд нь, Евразийн нэгэн хэсэг болох Дорнод Европын ихэнх хэсгийг хяналтандаа байлгаж чадах болжээ.

Хэдийгээр монголчуудад цаашдаа Хятадын ч, Ойрхи Дорнодын ч шинэ шинэ газар нутгийг эрхэндээ оруулах боломж байсан ч тэдний байлдан дагуулалтын эрчимт үе дуусаад байв.

Эзэнт гүрний төр баригчид байлдан эзэлж, олж эзэмшсэнээ нэгтгэн нягтруулж, уусган шингээх ёстой байлаа. Энэ бол тийм ч амар хэрэг биш байсан аж.

1241 онд Өгөдэй хаан нас барсан нь олон улсын харилцаанд ч, Монголын улс төрийн бодлогод ч чухал үйл явдал болов. Энэ үед Өгөдэйн бэлбэсэн эхнэр Турахан хатан их хааны сэнтийг ууган хүү Гүюгтээ өгөх санаа агуулан өөрөө төр барьж эхлэв.

Гэвч алтан ургийн ахмад хөвгүүн, Өрнөдийг байлдан дагуулагч аугаа хүчирхэг Бат хантай түнжин муутай байсны үрээр алтан ургийн олон хан хөвгүүд, овог аймгийн тэргүүд Гүюгийг эсэргүүцэж байлаа.

Иймд Хуралдай хуралдан, дараачийн хааныг сонгох хүртэл Турахан хатан улс төрийн өдий төдий арга мэх, ов заль хэрэглэсэн гэдэг. Хоёр их хааны завсар үе бараг 4 жил (1242-1246) үргэлжлэв.

Турахан хатан өөрийн үйл хэргээ саадгүй явуулахын тулд Өгөдэй хааны шадар түшмэд болох хятад зөвлөх Елюй Чуцай, уйгур түшмэл Чингай, Хорезмийн ислам шашинтан Махмуд Ялавачи нарыг албан тушаалаас нь огцруулсан байна.

Энэхүү он жилүүдэд Монголын эзэнт гүрэнд өрнөсөн улс төрийн хамгийн томоохон үйл явдал бол Алтан Ордны улс хэмээн нэрлэгддэг Кипчакийн хант улсыг Өмнөд Орост Бат хан үндэслэсэн хэрэг байлаа. Хант улсын нийслэл нь Ижил мөрний адаг дахь Сарай хот юм.

Бат хан хэдийгээр цэрэг зэвсгийн хувьд үлэмж хүчирхэг байсан ч монгол цэрэг, овог аймгийн тэргүүлэгчдийн өчүүхэн хэсэг л түүнээс хамааралтай  байсан тул Монголын эзэнт гүрний улс төрийн бодлогод түүний эзлэх байр суурь ихээхэн сул дорой байжээ.

Тэрээр зайлшгүй шаардлагын эрхээр Тулуй ноёны хөвгүүн, Европыг байлдан дагуулах үер ихэд дотноссон Мөнхтэй улс төрийн холбоо байгуулжээ. Гэвч тэдний хамтын хүчин чармайлт нь Гүюгийг хаан болгохоор нэрийг нь дэвшүүлэхтэй холбоотой хэрэг явдлыг хойш татаж, цаг авах төдий л болохоос биш бүр мөсөн болиулж чадахгүй байв.

1246 он гэхэд Монгол ноёд, овог аймгийн тэргүүн нарын ихэнх нь Гүюгийг дэмжихээр зөвшилцсөн тул Хархорин хотын ойролцоо, Орхон голын хөвөөн дээр Их хааныг өргөмжлөх Их хуралдай  зохион байгуулжээ. Бат хан өвчнөөр шалтаг заан Хуралдайд оролцохоос татгалзаж Сарай хотдоо үлджээ.

Ёслолын хамгийн гол зан үйл нь шинэ их хааныг цагаан эсгий дээр суулган дээш өргөсөн явдал байлаа. Монголын бүх том ноёд, овог аймгийн удирдагчид, хараат буюу харьяа улс орны эрх баригч, тэргүүнүүд шинэ их хаандаа үнэнч байхын тангараг өргөж андгай тавьсан байна.

Хувраг Плано Карпини Гүюг хааныг дараах байдлаар тодорхойлжээ. “Энэ их хаан дөч буюу дөчин тав орчим настай бололтой, бас түүнээс арай ахиу ч байж магадгүй. Тэрээр дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг бөгөөд хэтэрхий зальжин байртай, буурьтай бөгөөд ихэмсэг зантай ажгуу.

Түүнийг хий хоосон инээвхийлэх буюу ямар нэгэн гэнэхэн дэмий явдал гаргахыг хэн ч үзээгүй гэж түүнтэй салалгүй хамт байсан христос шашинтнууд бидэнд ярьсан билээ. Түүний барлаг зарц болсон христос шашинтнуудын бидэнд ярьснаар бол их хаан христос шашинд ороход тун ч ойрхон” байгаа ажээ.

 

Эх сурвалж: Г.В.Вернадский “Монголын эзэнт гүрэн”

 

“МОНСУДАР”  хэвлэлийн газраас монголын түүхтэй холбоотой тэр дундаа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан цувралаар уншигчиддаа хүргэх бодлого баримталж байгаа билээ.

Тус цувралын дараагийн боть болох Евро Азийн үзлийг үндэслэгчдийн нэг Г.В.Вернадскийн “Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номонд Их монгол улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм.

Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.