Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр: Хубилай хааны тухай 1920 онд зохиогдсон симфонийг сэргээн тоглоно

Д.Түвшин
2015 оны 6 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол-Францын археологчид хамтран ажиллаад 20 жил болж байгаа ажээ. Өчигдөр Үндэсний түүхийн музейд Монгол-Францын археологчдын өнгөрсөн 20 жилийн нөр их ажлын үзүүлэлт болсон түүхэн ховор нээлтүүдийг багтаасан үзэсгэлэнгийн нээлт болсон юм. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэ, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр нар болон Монголд 20-иод жил хайгуул, судалгааны ажил хийж байгаа Францын археологч эрдэмтэд Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ оролцсон юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөртэй уулзаж дараах ярилцлагыг авсан юм. 

-Франц-Монголын археологчдын 20 жилийн ажлын үзүүлэлт болсон энэ үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хувьд хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ? 

-Энэ 2015 он бол Монгол-Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн жил юм. 
Франц Улс нь Монголтой дипломат харилцаа тогтоосон өрнөдийн өндөр хөгжилтэй анхдагч орнуудын нэг төдийгүй 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжсэн Европын өндөр хөгжилтэй орон юм. 

Монгол-Францын археологийн хамтын ажиллагаа 1994 оноос эхэлж, хоёр орны судлаач, археологчид Монголын түүхийн бараг бүх цаг үеийг хамарсан эрэл хайгуул, малтлага судалгааг Монгол орны говь, хангай, хээрийн бүсийн 17 дурсгалт газар хийсэн байдаг.

Өнгөрсөн 20 жилийн турш үргэлжлэн явагдсан энэхүү хайгуул, судалгааны нөр их ажлын үр дүнгээр бий болсон үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байгаа нь Монгол-Франц хоёр орны соёлын хамтын ажиллагааны маш тодорхой үзүүлэлт төдийгүй, Монгол Улсын бүх цаг үеийн түүхийг археологийн үнэт олдворуудаар баталгаажуулан үзүүлж байгаагаараа маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. 

Энэ үзэсгэлэнд Монгол-Францын археологчдын 20 жилийн ажлын үзүүлэлт болсон 50 багц, 300 гаруй олдворыг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд эдгээр олдворын 60 гаруй хувь нь урьд өмнө нийтэд үзүүлж байгаагүй цоо шинэ үзмэр байгаагаараа маш их баялаг, манай иргэд төдийгүй гадаадын жуулчдад Монгол Улсын олон зууны өмнөх өнгөрсөн түүхээр аялах боломж олгож байгаа соёл, түүхийн томоохон нээлт гэж хэлж болно. Би сая танилцуулгыг үзэж байхад Франц-Монголын археологчид өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамтарсан төслүүдийнхээ хүрээнд нийтдээ 6,000 гаруй олдвор, түүний дотор 5,000 гаруй чулуун зэвсгийн олдвор олж, илрүүлсэн байна лээ. 

-Эдгээр олдворуудыг өнөөдөр олонд дэлгэн үзүүлэхээс өмнө Франц улсад аваачиж сэргээн засварласан гэв үү? 

-Тийм. Эдгээр олдворуудыг Монгол-Францын эрдэмтдийн хамтарсан төслүүдээр судалсан төдийгүй дийлэнх олдворыг Франц Улсад сэргээн засварласны дараа олон нийтэд анх удаа ийнхүү дэлгэн үзүүлж байгаа юм. Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь Монголын эртний ба дунд үеийн нүүдэлчдийн урлаг, утга соёлын судалгаанд онцгой байр эзлэх хосгүй үнэт дурсгалууд багтсан болно.

Ер нь Монгол-Францын археологчдын өнгөрсөн 20 жилийн хамтын ажиллагаа бол бусад улс орнуудтай хамтарсан ийм төрлийн судалгаа, шинжилгээ, хайгуулын ажлуудаас нэлээн өөр онцлогтой. Учир нь юу вэ гэвэл 20 жилийн турш огтхон ч тасраагүй, үргэлжлээд яваад байснаараа он цагийн шалгуурыг давснаас гадна, Монголын эрт үеийн түүхийн маш ховор, үнэт олворуудыг олж, сэргээн засварлаж, олон нийтийн хүртээл болгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 

-Сая Францын археологич эрдэмтэн нэгэн сонирхолтой зүйл хэлсэн. Тэр нь “Монголын газар нутгаас олдож байгаа олдворууд зөвхөн Монголчууд, Азиудад холбогдолтой төдийгүй Европчуудын түүхэнд ч чухал ач холбогдолтой” гэж хэлсэн нь ямар учир шалтгаантай юм бол? 

-Ийм юм л даа. Монголын газар нутгаас олдож байгаа эдгээр олдворууд бол 2000-2500 жилийн өмнөх түүхтэй холбогдолтой болж таарч байгаа юм. Бид өөрсдийгөө Азиуд л гэж яриад байдаг. Гэтэл Франц-Монголын археологчдын олж илрүүлсэн эдгээр түүхийн дурсгал, эд өлгийн сурвалжуудаас харахад манай газар нутаг дээр ЕвроАзи гэж хэлж болохуйц ард түмэн амьдарч байсан байгаа юм.

Нэг үгээр хэлбэл Монголын түүх гэдэг бол зөвхөн Азичуудын түүх биш юм.

Монголын газар нутгаас олдож байгаа эдгээр олдворууд бол 2000-2500 жилийн өмнөх түүхтэй холбогдолтой болж таарч байгаа юм.

Энэ бол өргөн утгаараа Европын түүх, соёлд ч хамаатай маш их өргөн дэлгэр ойлголт юм гэдэг нь манай газар нутгаас олдож байгаа түүх, археологийн хосгүй үнэт олдворуудаар баталгаажиж байна. Чухамдаа нүүдэлчдийн соёлыг Европчууд тээн авч явж, амьдрал ахуйд нь ч маш тод ул мөрөө үлдээсэн байдаг.

Ер нь Монголын энэ их соёл түүх, угсаа гарлын онцлогтой дурсгал бол хүн төрөлхтний түүхэнд өөрийн гэсэн маш том дархлаа үүсгэж, тэр нь өнөөдөр ч үргэлжлээд явж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөхөд Франц-Монголын археологчдын өнгөрсөн 20 жилийн судалгаа шинжилгээний ажил томоохон түлхэц үзүүлнэ. Энэ судалгаа явсаар байгаад Европчуудын түүх Монголчуудтай хэрхэн холбогддогийг тайлж өгөхөөрөө маш чухал ач холбогдолтой юм. 

-Тэгэхээр археологийн энэхүү судалгаа шинжилгээ цаашдаа ч үргэлжлээд явах нь ээ дээ? 

-Тэгнэ. Зөвхөн Францаас гадна Германтай хамтарсан судалгаа, шинжилгээ үргэлжлээд явна. Франц улсын тухайд энэхүү судалгаа шинжилгээний ажлаа хойшид ч үргэлжлүүлэн санхүүжүүлээд, хоёр орны эрдэмтэн судлаачдыг ажиллах нөхцлөөр нь хангаад явна гэдгээ сая ноён Элчин сайд Ив Дэлүнэ гуай тодорхой хэлсэн л дээ. Энд дэлгэгдсэн үзмэрүүдийн бас нэг онцлог нь шинжлэх ухааны маш нарийн аргачиллын үндсэн дээр тухайн үзмэрүүдийн насжилтийг их бодитойгоор хэлж өгсөнд оршиж байгаа юм.

Үүний хамгийн тодорхой жишээ нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг, Салхит гэдэг газраас олдсон эртний хүний гавлын ясны хэсгийн он цагийг Францад аваачин судалж үзээд 28,000 жилийн өмнө амьдарч байсан хэмээн тогтоосон байгаа юм.

Түүнээс гадна 1994-1999 онд Эгийн голын хөндийд баригдах УЦС-ын талбайг чөлөөлөх зорилгоор олон дурсгал малтсаны дотор Хүннүгийн оршуулгын газрыг Монголд анх удаа цогцоор нь бүрэн малтаж дуусгасан байдаг. Тэрхүү судалгаагаар Хүннү нар нь Монголчуудын эртний өвөг болохыг тогтоосон нь шинжлэх ухааны чухал ач холбогдолтой дүгнэлт юм. Энэ дүгнэлтийг нотлон баталгаажуулахын тулд 2013 оноос Архангай аймгийн нутагт Хүннүгийн өөр нэгэн булшийг судлан шинжлэх ажил үргэлжлэн хийгдэж байгаа. 

-Түүхийн хосгүй үнэт эдгээр олдворуудын зарим нь он цагийн уртад нэлээн муудсан шиг байна. Харин Францад аваачиж нөхөн сэргээж байгаагийн ач холбогдлыг хариуцсан сайдын хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил юм. 2000-3000 жил газрын гүнд, хөрсөн дор байсан түүхийн хосгүй үнэт дурсгалууд яах аргагүй он цагийн уртад моралийн элэгдэлд орно. Яах аргагүй дахин давтагдашгүй, түүх, он цагийн хосгүй үнэт дурсгалыг дахин сэргээхээс өөр арга байдаггүй. Тэгвэл тэдгээр үнэт олдворыг тухайн он цагт хэрэглэгдэж байсан төрхөнд нь буцаан аваачиж, сэргээн засварлаж чадаж байгаагаагаараа Франц-Монголын экспидицийн бас нэгэн давуу тал оршиж байгаа юм. 

Энд тавигдсан Хүннүгийн үеийн бүсний тоноглолыг харсан байх. Тэр тоноглол бол өнөөдрийн дэлхий нийтийн бүх л дизайнер, брэндүүдийн хийж чадахааргүй, сэтгэн урлах боломжгүй тийм нарийн дизайн гаргаж, дөрвөн могойг хооронд нь ороогоод урласан байгаа юм. Зөвхөн тэр бүсний тоноглол л гэхэд дахин давтагдашгүй маш нарийн дизайн, үнэхээр сонгодог нарийн хийц гэж дүгнэхээс өөр арга байхгүй.

Түүнээс гадна миний хойно байгаа энэ хүн чулууг л гэхэд ХХI зууны үзэгчдэд зориулан дахин урлаж, шинээр бий болгосон байна. Энэ чулуун хөшөөг харахад л Пикассогийн бүтээл тэр чигээрээ явж байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголчуудын 2000 жилийн өмнө бүтээсэн урлаг, соёлын бүтээл гэдэг өнөөдөр ямар их үнэ цэнтэй, дахин давтагдашгүй гайхамшиг байж вэ гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Бидний өвөг дээдэс үнэхээр ямар сүрхий урлагийн мэдрэмжтэй, дэлхийн өв соёлд ямар тансаг арвин дурсгал үлдээсэн нь энэ үзэсгэлэнгээс багахан ч гэсэн их тодорхой харагдаж байгаа юм. 

Миний хойно байгаа энэ хүн чулуунаас давж гарсан сод бүтээл ер нь ховор шүү дээ. Дэлхийд нэрд гарсан ихэнх уран барималчид, зураачдын бүтээлд Монголын хүн чулууны дүрслэл ямар нэг хэмжээгээр заавал шингэсэн байдгийг урлаг судлаачид онцолдог нь тохиолдлын зүйл биш юм. Цаашдаа Монголын төрийн түүх улам гүнзгийрэх чиглэлд судалгаа, шинжилгээний ажил зориулагдах учиртай юм.

2000-2500 жилийн өмнөх соёл түүхийг судлаад ирэхээр эдгээр хүмүүс тэнд хүрэхийн тулд ямар зам, мөр туулсан бэ гэдэг нь сонирхол татаад эхэлнэ. Дараагийн судалгаа шинжилгээний ажил тэр чиглэлд ороод явна. Энэ нь зөвхөн Монголын түүхийг баяжуулах бус хүн төрөлхтний түүхийн маш том гаргалгаа болохоос гадна шинжлэх ухаан талаасаа асар олон шинэ нээлт, олон асуултын зангилааг тайлсан өргөн ухагдахуун болоод явна. 

-Энэ олон хосгүй дурсгалт олдворыг агуулах байр сав, музейн зориулалттай шинэ байр бэлэн болж байгаа юу. Олон мянган жилийн настай эдгээр олдворуудыг зориулалтын байр саванд хадгалж, хамгаалахгүй бол элэгдэл, хорогдолд орох нь амархан гэх юм билээ? 

-Энэ бол хамгийн чухал асуудал. Яамны зүгээс Үлэг гүрвэлийн музей, Занабазарын музейнүүдээ сэргээн засварлаж, шинэчлэх ажил хийгдээд явж байна.

Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналаа Засгийн газарт оруулаад дэмжүүлчихсэн байгаа.

Хэдийгээр хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс музейнүүдээ боломжийн хэрээр засч, зай талбайг нь өргөжүүлэх чиглэлд ажиллаж байна. 

-Хубилай хааны 800 жилийн ой болж байгаа. Энэ ойг тэмдэглэх талаар танай яамны зүгээс хэрхэн анхаарч, ямар ажил зохион байгуулж байгаа вэ? 

-Тийм ээ. Хубилай хааны 800 жилийн ой бол Монголчуудын хувьд яах аргагүй түүхэн дурсгалт, тэмдэглэвэл зохилтой ой. Яамны зүгээс Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналаа Засгийн газарт оруулаад дэмжүүлчихсэн байгаа. Одоогоор ой тэмдэглэн өнгөрүүлэх комисс гараад ажиллаж байна.

Хамгийн гол нь Хубилай хааны түүхэнд үлдсэн хамгийн тэмдэглэлт, дурсгалтай үйл явдлуудыг эргэн дурссан үйл явлуудаар энэ ойг тэмдэглэхээр товлоод байгаа. 

Жишээлбэл Марко Поло киног Холливудтай хамтран бүтээж байна. Ялангуяа энэ кинонд Монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, Монголд авах зураг авалтын хэмжээг уртасгах, энэ киногоор дамжуулан Монгол Улсын гадаад сурталчилгааг өргөжүүлэх, Монголд хандах жуулчдын хандлагыг өөрчлөх гээд олон ажил төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлэх шатандаа явна. 

Түүнээс гадна Хубилай хаанд зориулан 1920-иод онд бүтээсэн симпони байдгийг олж авсан. “Хубилайн цэцэрлэгт хүрээлэн” гэдэг энэхүү 100 жилийн өмнө бүтээгдсэн симпонийг шинэчлэн тоглохоор нотоо авчихсан, бэлтгэл ажилдаа ороод явж байна. Дээр нь Хубилай хаан дэргэдээ 200 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэй өөрийн гэсэн оркестортой байсан байгаа юм.

Тухайн үедээ тэр бол гайхамшиг байсан нь ойлгомжтой. Бид тэрхүү оркестрийн бүтээлийг тухайн цагт тоглож байсан хэлбэрээр нь эргүүлэн Монголчууддаа төдийгүй дэлхий нийтэд дэлгэн үзүүлэхийг зорьж байгаа. Энэ бол гайхамшигтай тоглолт, сэтгэл догдлуулсан үзүүлбэр байх болно гэдэгт сайдын хувьд итгэл төгс байгаа. Түүнээс гадна мэдээж эрдэм шинжилгээний хурлаа хийнэ. 

Зураг