Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хоролдамба: Өндөр гэгээн жинхэнэ эх оронч байсан

Н.Пунцагболд
2015 оны 6 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Түүхийн ухааны доктор Дамдинсүрэнгийн Хоролдамба “Өндөр гэгээн Занабазар, Галдан бошгот нарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинээр авч үзэх нь” зэрэг түүхэн сэдэвт 32 илтгэл тавьж хэлэлцүүлээд байгаа эрдэмтэн юм. Түүнтэй Өндөр гэгээний түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухай сүүлийн үеийн судалгааных нь талаар ярилцлаа.

-Та саяхан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд сонирхолтой илтгэл тавьсан. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр ид шуугиж байгаа нэг сэдэв болж, таныг сайшааж, харааж элдвээр хэлж байгааг бид харж байна. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө Монгол түмэндээ Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн мэндийг хүргэе. Өндөр гэгээнтнийхээ ойг монголчууд 1995, 2005 онд хийсэн, энэ жил гурав дахь удаагаа хийж байгаад баяртай байна.

Өндөр гэгээн Г.Занабазар (1635-1723 он) бол XYII-XYIII зууны эхэн үеийн Монголын оюун санааны удирдагч, Богд Жэвзүндамба хутагтын анхдугаар дүр, өөрийн үйлс бүтээлээрээ монгол түмний дундаас дорно дахин төдийгүй дэлхийд тодрон гарсан мөнхөд дуурсагдах аугаа их хувь заяаны эзэн, нийгэм улс төр, шашин, соёл урлагийн гарамгай зүтгэлтэн, Чингис хаан, Хубилай сэцэн хаадын шууд угсааны их хүмүүн-гүн ухаантан, суут сэтгэгч, шинэчлэгч, төрийн бодлоготон, аугаа стратегич, нэрт соён гэгээрүүлэгч, уран бүтээлч, бүтээн босгогч, эзэн Чингисийн Монголын гал голомт-Халх түмнийг мөхөлтэй өрсөлдсөн туйлын хүнд хэцүү цаг үед өөрийн төрсөн ах, дүүсийн хамтаар ачааны хүндийг үүрч аварсан аврагч байсан нь судалгаагаар улам бүр тодорхой болж байна. Энэ талаар 380 жилийн ойн хуралд илтгэл тавилаа.

-Монголын гал голомтыг хүнд хэцүү үед аварсан аврагч гэдэг шинэлэг санаа санагдлаа. Ер нь та тухайн үеийн Монголын нөхцөл байдлын талаар тодорхой ойлголт өгөх нь зүйтэй байх?

-XYII зуун бол Монголчуудад нэн хүнд, хэцүү үе байсан. Учир нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын орчин маш ноцтой, эгзэгтэй байв.

Хойд талаас Орос, өмнө зүгээс Манж, баруун өмнө талаас хаан Чингисээс сэрэмжийн захиастай Тангадын хойч Түвдүүд өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс монголд тун халтай бодлого явуулж байсан.

XYII зуун бол Монголчуудад нэн хүнд, хэцүү үе байсан. 

1634 онд их хааны угсааны сүүлчийн хаан Лигдэн таалал төгссөнөөс таван жилийн дараа ХалхынТүшээт сайн хан Гомбодоржийн ер бусын сайхан хөвгүүнийг Анхдугаар Богд Өндөр гэгээн хэмээн өргөмжилжээ.

Энэ бол шашнаар дамжуулан монголчуудын оюун санааны их нэгдлийг бий болгох гэсэн чухал үйл явдал болсон юм. Тухайн үед Монгол Улс нь Халх, Ойрад гээд тус тусдаа төр улс болчихсон, Өвөр монгол нь Манж Чин улсад эзлэгдчихсэн, дээрээс нь Хаант Оросын түрэмгийлэл заналхийлж байсан, улс оронд задрал, бутралын аюул нөмөрсөн хүнд бэрх үе шүү дээ.

-Манжийн түрэмгийлэл гэж л ярьдаг байлаа. Гэтэл Оросууд Монголд түрэмгийлсэн гэдэг их сонирхууштай юм байна. Энэ талаар тодорхой ойлголт өгөөч?

-Тиймээ, XIII-XY зууны Орос дахь Монголын Алтан Ордоны хүчирхэг улс мөхөж, монголын захиргаа унасаны дараа XY-XYI зуунд Оросын эзэнт улсын үндэс суурь тавигдаж, XYII зууны турш Сибирийг эзэмшиж авах, Монголын газар нутгийг умард талаас нь эзлэн түрэмгийлэх төрийн бодлого явуулж байсан. 1648 онд Байгаль нуурын зүүн талд Баргужин шивээ, 1651 онд Байгаль нуурын баруун талд Эрхүү зимовка-өвөлжөө, Үд шивээ зэргийг байгуулаад хүн амаа суурьшуулах болсон.

Улмаар Хэрмэл цагаач иргэдээрээ дамжуулан суурин, тосгонууд байгуулж, монголын буриад, хариад, тавнангууд гэх мэт олон овгийнхныг хараат түшмэд болгож, монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд бүдүүлгээр халдан Халхын нутаг, Түшээт хан, Сэцэн ханы нутаг руу өнгөлзөж, харьяат иргэдээс алба, гувчуур татах, алж талах зэргээр илт түрэмгийлэх болсон байдаг.

1660-70-аад он гэхэд тэр хавийн ард түмнээс хүчээр татвар авч, захирах цэрэг засаг захиргааны төвүүдээ нэмсээр Халхын газар нутагт илт түрэмгийлж, Монголчуудыг дээрэмдэх, алж талах, ашигт малтмалын баялаг орд газраа зааж өгч, ашиглуулахыг шаардах, алба гувчуур хураах зэргээр хэтэрхий ёсон бусаар аашлах болжээ.

Ийм нөхцөлд Халхын Түшээт хан, Өндөр гэгээн нар эх орон, ард түмнээ Хаант Оросын түрэмгийллээс өмгөөлөн хамгаалах зүй ёсны бөгөөд харьцангуй хүлээцтэй бодлого явуулсан гэдэг. Тэд умард их хөрштэйгөө энх тайван, дипломатын аргаар газар нутаг, албат ардын эзэмшлийн тухай маргааныг зохицуулахын төлөө хүчин чармайлт гаргасан ч эцсийн эцэст арга буюу зэвсэг барин тэмцсэн түүхтэй.

-Оростой Халхууд байлдсан гэж үү?

-Байлдсаан, тухайн үеийн хаант Оросын түрэлтээс эх орноо хамгаалахын төлөө Халхын удирдагчид өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсэн. 1657 онд Халхын баруун гарын нэг бүрэлдэхүүн хэсэг Хотгойдын ноёд 7000 цэргийн хүчээр Красноярскийн цэргийн харуулыг довтолжээ. Гэтэл 1657 онд Ойрадын хан Сэнгэ (Хотгойд)-ын цэргийг бут цохиж, Монголын баруун хойд халхлалт хамгаалалт болох Хотгойдын хүчийг сулруулнаар оросуудын түрэлт улам хурдацтай болсон байна.

Гэвч 1660 онд Халхын баатарлаг цэрэг Байгаль нуурын баруун бие, Ангар мөрний өмнөд эрэгт орших Балаганы шивээг довтолж, Оросод дагаар орсон буриад монголчуудаа эргүүлэн авсан. “1666 онд байгуулсан Сэлэнгийн Байшин гэдэг Орос хотыг XYII зууны 80-аад оны үед Манжийн хатгалгаар Түшээт хан хоёр удаа уулгалан дайрсан” гэж Монголын албан ёсны түүхэнд бичсэн байдаг.

Өнөө болтол зарим эрдэмтэн манжид уруу татагдаж Оросын хотыг Түшээ хан довтолсон гэж бичиж л байгаа байхгүй юу. Ямар юмных нь Манжийн хатгалгаар дайрсан байхав дээ. Эргэн тойрондоо өрсөлдсөн, дайсагнасан улс орнуудын дунд оршиж байсан, эзэн Чингисийн гал голомт болсон Халх улсын хамгийн нэр нөлөөтэй, Алтан ургийн язгууртны хувьд Түшээт хантан хамгаалах эрх, үүрэгтэй. Тиймээс Халхын Түшээт ханы цэргүүд, түүний дүү нарын шууд удирдлагаар Селенгинск хот руу довтолсон нь эх орноо хамгаалахын тулд толгой дааж хийсэн баатарлаг тэмцэл юм.

-Халхын ноёд эх орноо хамгаалахын төлөө Оросуудгай ана мана үзэлцэж байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээнийг урвагч, Галдан бошготыг баатар гээд л байдаг. Харин ч энэ ах дүү хоёр илүү эх оронч юм биш үү?

-Тийм шүү дээ. Халхын Очирай Түшээт сайн хан Чахундорж буюу Цэвээндорж бол эцэг Гомбодоржийн хан ширээг залгамжлаад 44 жилийн туршид өвөг дээдсийн гал голомтод өнгөлзсөн харийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг тэмцэл өрнүүлсэн чин зоригт эх оронч байсан юм.

1667 онд Түшээт хан Чахундорж болон түүний дүү Шидишир баатар нарын элч Монголын газар нутагт Сэлэнгиск зэрэг хот бэхлэлт барьж, газар нутгаар түрэмгийлэхийг зогсоох, Оросод дагаар оруулсан Халхын хуучин харьяат, алба барьж байсан хүн амыг эргүүлэн авах зорилгоор элч илгээжээ.

1675 онд Гармаа билэгт, Манжит лам, Гурюк нарын элч мөн Москвад очжээ. Гэтэл Оросууд тэдгээр шивээ, бэхлэлт, сууринг өөрийнхөө газарт байгуулсан гээд хэрэгч үзээгүй байна. Түүнээс өмнө ч Халхын Сэцэн хан, түүний хүргэн Турухай тавнан нар оросын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэж л байсан. Жишээлбэл, 1648 онд ’’мөнгөний орд хайж”, эрдэнэс олох зорилготой оросууд Халхын нутагт орж ирээд Сэцэн хан Шолойд бараалхан уулзахад манай хантан тэдэнд “Манай нутагт мөнгөний орд байдаггүй.

Хятадад байдаг. Тэнд хүрэхэд сарын газар явна” гээд хүсэлтийг нь зөвшөөрөөгүй гэдгийг 1636-1654 оны “Орос-Монголын харилцааны түүхийн хэрэглэгдэхүүн” гэдэг орос номонд бичсэн. Энэ мэт Халхын баатарлаг тэмцлийг яриад байвал их юм бий. Түшээт хан Чахундоржоос өмнө Монголчууд Оростой таван удаа байлдан тулалдсан.

-Тийм үү, Халхын цэрэг Оросоос өмнө бас Манжтай байлдсан байхаа?

-Тэгэлгүй яахав, Оросоос гадна Манжийн цэрэгтэй Түшээт хан, Сэцэн ханы хамтарсан их цэрэг байлдаж, элэг нэгт өвөр монголоо өмгөөлж байсан. Аль, алинтай нь зоригтой тэмцэл хийж байсан юм шүү. Харин дээрх сүүлчийн байлдаанаас хойш Халх-Оросын харилцаа сүрхий муудаж, Оросууд Чин династийнхан болон Зүүнгарын хаант улстай шууд харилцахыг чухалчлах болсон. Гэвч Халхын хаад ноёд эх орноо Оросын түрэмгийллээс батлан хамгаалах эрхэм зорилгоосоо огтхон ч халирч ухраагүй юм.

1683-1688 онд удаа дараа Орост дараалан элч зарж, шаарддагаа улам шахамдуулсан ч оросууд монгол нутгаас гэрээ хэлэлцээрийн замаар гарахгүй нь тодорхой болмогц Оросын хот, суурингуудыг довтлох, хэдэн долоо хоногийн туршид бүслэн хаах, улмаар түрэн гаргах дайчин бодлогод шилжсэн байдаг.

1685 оны зургадугаар сарын 11-нд Халхын цэрэг Сэлэнгискийн шивээг довтлох үед Манжийн цэрэг Албазинг бүсэлж, 1,688 оны нэгдүгээр сард Түшээт ханы Манжаас ирүүлсэн галт зэвсгээр зэвсэглэсэн 4,000 хүнтэй анги Сэлэнгиск, Үд шивээнд Манжтай хэлэлцээр хийхээр ирсэн ФА.Головин тэргүүтэй төлөөлөгчдийн хуаранг довтолж байжээ.

Хар мөрний сав газрын дагуу Манж нар Цицикар, Мэргэн, Айгун, Нингут зэрэг цэргийн бэхлэлтүүдийг барихын зэрэгцээ өөрийн давуу байдлаа ашиглан оросуудыг Хар мөрөн хавиас шахан гаргах байлдаан хийжээ. Манжийн цэрэг казак Степановын отрядыг Сунгари гол дээр, 1685 онд Хар мөрний урд бие дэх Албазин хотыг тус тус бүслэн авч устгасныг профессор Ж.Хэрэлбадрах бичсэн юм. Хар мөрний овог аймгуудын зарим нь Оросод дагаар орж, эдийн алба төлж байсан бол нөгөө хэсэг нь Манжтай холбоо тогтоон Оросын эсрэг тэмцэж байлаа. Энэ талаар Манж нарын өөрсдийнх нь албан баримт бичигт бас тэмдэглэсэн зүйл нэлээд бий.

-Та бид хоёрын ярианы бас нэг агуулга нь Халхын баатарлаг тэмцлийн түүх болж байна. Үнэхээр Түшээт хан, Өндөр гэгээн нар эх орныхоо төлөө оросын түрэмгийллийг сөрөн шаргуу тэмцсэнийг олон түмэнд сонордуулахад сонирхолтой санагдлаа. Нэгэнт оросууд газар нутаг руу нь хомхойрон дайрч, эрх ашгийг нь зөрчөөд байсан болохоор Халх, Манж нар хүссэн хүсээгүй хүчээ хамтатган Оросын эсрэг холбоотон болох нь ойлгомжтой гэсэн логик гарч ирж байна. Энэ талаар таны санааг сонирхоё?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Тухайн үед Оросууд зөвхөн Монголын төдийгүй Манж Чин гүрний газар нутаг, нөлөөний хүрээнд халдсан байна. Өөрөөр хэлбэл Орос улс Халх Монгол, Манж Чин хоёр улсын эрх ашигт бүдүүлгээр халдсан. XYII зууныг өнгөртөл оросууд монголчуудыг албан ёсоор буулгаж авч чадаагүй ч хооронд нь хагаралдуулах, тэдний нүүдлийн нутгийг өөрийнх гэж үзэх, элч нарыг доромжлох, албат харьяатыг булаацалдах, сүрдүүлэх зэрэг энх тайван ч бус бодлого баримталж байсныг доктор С.Чулуун тэмдэглэсэн.

Түүний сацуу, Байгаль, Алс Дорнодод Оросын газар нутгийн түрэмгийлэл хүчтэй явагдаж, тэр бүс нутагт Хаант Оросын нөлөөний хүрээ тогтож байгааг Манж улс зүгээр ажиглаад суугаагүй. Халхын хан, ноёдын нэгэн адил Манж нар Оросын түрэмгийллийг шийдвэртэй эсэргүүцсэн байдаг юм. Оросууд 1650-иад оноос Даур, Хар мөрний сав газрыг эзлэн түрэмгийлж, 1652 онд Кумарск, 1653 онд Тугур, 1654 онд Килка голын эргийн дагуу Нэрчүү булагт Нерчүүгийн шивээ, Апбазины шивээг байгуулсан нь Монголын газар нутгийн зүүн хойд хязгаарт хүрээд зогссонгүй Манж Чин улсын эзэмшлийн бүсэд халдсан хэрэг байжээ.

Энэ талаар түүхийн ухааны доктор, генерал Ч.Сосорбарам 1647-1652 оны үед Оросууд Амар мөрний хавийг үндсэндээ эзэлж аваад байсан бөгөөд Манж, Халх хоёр Оросын тэлэлтийг Буриад, Амар, Сунгари мөрний хавьд эсэргүүцэн тэмцэх холбоотны гэрээтэй байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн, түүнийг бид дэмждэг. Үнэхээр ч Манжийн Энх-Амгалан хаан Оросын газар нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн Халхчуудын тэмцлийг дэмжиж байсан нь Хар мөрөн хавь газраас Оросыг шахан гаргахад хэрэгтэй байжээ.

Манжийн төрийн бодлогод тийм сонирхол байсан. 1676 онд Түшээт хан Чахундорж, Баатар хунтайж, Өндөр гэгээн нарт их бэлэг сэлт бүхий элч илгээж, Орос улсын эсрэг Халх, Манжийн улс төр-цэргийн холбоо тогтоосон нь үндсэндээ 1689 он хүргэсэн, дараа нь Манжийн төрийн ивээлд Халх түшсэн. Энд зориуд тэмдэглэхэд, Манж, Хятад хоёр шал өөр, тус тусдаа үндэстнүүд гэдгийг залууст хандаж хэлье.

-Миний хувьд ч энэ талаар маш бага мэдлэгтэй байжээ. Ний нуугүй хэлэхэд ийм нарийн, дэс дараатай тайлбарлуулж байж л тодорхой ойлголттой боллоо. Энэ бүхнийг ойлгож байж л тэр үеийн түүхэн үйл явдлын талаар эмх цэгцтэй судалгаа гарах юм байна?

-Та бидний яриа харилцан ойлголцолд хүрч байгаа нь тэр. Чахундорж хантан Орос руу довтолсноос хойш тэд Халх, Ойрадад өөрөөр хандах болсон нь цаанаа нарийн учир шалтгаантай. 

Юу гэвэл, газар нутаг, албат ардуудаа зүгээр л “май” гээд өгчихгүй, харин ч бүр өмнөөс нь зэвсэг зөрүүлж, байлдаан, тулаан өрнүүлээд байгаа Халхын Түшээт ханы эсрэг Оросууд Ойрадын Галдан бошготыг дэмжих дипломат тогтолтыг хийх болж л дээ. Гэхдээ, зэвсэглэсэн цэрэг илгээж ч юм уу бодитой тусалсан юм байхгүй.

Ердөө л Галдангийн буу, зэвсэг, цэргийн хүчээр туслахыг хүссэн удаа дараагийн гуйлтыг ашиглаж, өөртөө дасган, холбоотон хэмээн “хошгируулах” улс төрийн тоглолт хийжээ. Тийм ч учраас Галдан Халхыг самарч явахдаа Оросоос таван түмэн цэрэг, зэвсгийн тусламж авсан гэсэн ор үндэсгүй цуурхал тарааж, Халхуудыг айлгах, Манжийг мэхлэхийг оролдсон нь бүтээгүй хэрэг.

-1607 онд Торгуудын Хоо өрлөг ноён 50 мянган өрх албат дагуулан Европ руу нүүдэллэж очоод Халимагийг үүсгэсэн гэдэг. Тэд нутаг орноо орхин нүүсэн орон зайгаар Оросууд дайрч ирсэн гэж ойлгогддог?

-Мэдээж, асар олон монгол хүн газар нутгаа орхиж одно гэдэг бол хойш хойшдынхоо хүчийг сулруулаад зогсохгүй оросууд Сибирт аажим боловч тасралтгүй түрэхэд нөлөөлсөн. Хальж гарсан Халимаг монголчууд Ижил мөрөн, Каспийн тэнгисийн сав нутагт нүүдэллэн очоод Оросын эзэн хаадын албат болон ашиглагдаж, Оросын баруун өмнөд нутгийг Турк, лалынхнаас хамгаалах үүргийг олон жилийн турш гүйцэтгэжээ.

Тэр талд хүчирхэг бөгөөд маневр сайтай халимаг монгол цэргээр хилээ сэргийлүүлэх нь орост маш ашигтай болсон. Дорно зүг Сибирт түрсээр Алс дорнодыг эзэмшиж, умард монголыг залгих боломжийг нь улам нэмэгдүүлж, түргэтгэж өгөхөд дам нөлөө үзүүлсэн бололтой. Германы судлаач Гюнтер Штөклийн бичсэнээр, дорно зүг үргэлжилсээр байсан Оросын түрэлт Манжийн эсэргүүцэлтэй тулгаран зогсож, 1689 онд Нерчүүгийн гэрээ байгуулагдсанаар Орос-Хятадын харилцаа анх удаа гэрээгээр зохицуулагдсан. Уг гэрээний дагуу Москва Амар мөрний сав газрыг бүхэлд нь эзэмших эрхээ алдаж, мөрний хойд талын нутаг руу ухран гарч хил Амар мөрний усны хагалбараар тогтсон байдаг.

-Манж нар тэгэхээр оросуудын түрэлтийг тогтоож чаджээ дээ. Харин монголчууд яасан бэ?

-1688 оны нэгдүгээр сард Манжаас авсан галт зэвсгээр зэвсэглэсэн Халхын Түшээт ханы 4,000 хүнтэй цэрэг Сэлэнгиск, Үд шивээнд Манжтай хэлэлцээр хийхээр ирсэн оросын нэрт улс төрч, дипломатч, фельдмаршал ФА.Головиний толгойлсон төлөөлөгчдийн хуаранг довтолсныг дээр өгүүлсэн.

Тэр үед Өндөр гэгээн, Түшээт хан нарт Оросын Цагаан хааны 5,000 элч Ангар голын цаана иржээ гэсэн мэдээлэл авч байжээ. Тэд улсынхаа дотоод, гадаад байдлын тухай мэдээлэл сайтай байсан. Орост удаа дараа элч зарж эвтэй харилцахыг эрмэлзсэн. Элч нар ирж, очих зуур тагнуулын мэдээлэл цуглуулж, оросыг сайтар судалж, мэдсэн нь лавтай. Өндөр гэгээн, Түшээт хан тэргүүтэй Халхын баатарлаг эх орончид эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин улс үндэстнээ хамгаалахын төлөөх тэмцлийг оройлон удирдаж, Оросын түрэмгийллийн эсрэг тууштай бодлого явуулж, дипломат болон зэвсэгт тэмцлийг эрчимтэй хийсэн юм. Халхын удирдагчид хоёр орны хооронд үүссэн нөхцөл байдлыг дипломат яриа, хэлэлцээрийн аргаар энхийн журмаар шийдвэрлэх бодлого явуулсан. 

Дараа нь арга буюу зэвсэгт тэмцэл хийсэн. Гэтэл нэн харамсалтай нь, яг тэр хүнд хэцүү үед Оросын түрэмгийллийг тууштай эсэргүүцэн, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалан амжилттай тэмцэж байхад нь Халхын араас Галдан бошгот цуст дайн өрнүүлж тактикийн төдийгүй стратегийн ноцтой хор хохирол учруулсан байна.

Ингэж Халх төдийгүй нийт монголын үндэсний аюулгүй байдалд ар араасаа хор уршиг дагуулсан ноцтой гэмт хэргийг Галдан үйлдсэн. Монгол Улсын хувьд нэн хариуцлагатай, туйлын эгзэгтэй мөч 1688 онд Галдан бошигт Халхад итгэл эвдэн гэнэт довтолсноор Монгол эх орныхоо умард талыг хамгаалан Оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан Халхын цэргүүд хоёр фронтод зэрэг байлдах аргагүй болов.

-Маш харамсалтай түүх юм даа. Халхын Түшээт ханы удирдлагаар Оросын түрэмгийллийг сөрөн тэмцэж байх тийм хариуцлагатай түүхэн нөхцөл байдалд Галдан бошгот Халхын хажуу бөөрнөөс нь “Түгжил мэт хутгалсан” харамсалтай түүхийг бид үнэхээр анзаардаггүй байсан. Тэр явдлын хор уршиг, сургамжийн талаар хэлж өгөөч. Мэдээж хэрэг Галдан монголд сөрөг үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой л юм байна шүү дээ?

-Оросын түрэмгийллийг сөрөн зогсож байсан Халхын баатарлаг цэрэг Галдангийн дайралтаас эх орноо хамгаалах зорилгоор арга буюу гэдрэг татагдахад хүрчээ. Академич ч Далайн бичсэнээр Түшээт хан Чахундоржийн хөвгүүн Галдандорж ноён нэг хэсэгтээ Буриадыг захиран сууж байсан. Тэрбээр Өндөр гэгээний дуудсан ёсоор цэрэг авч, эцэгтээ туслахаар Халх нутагт орж иржээ. Түшээт хан Чахундорж 8,000 цэргээр Буриад орноо хамгаалахаар бэлтгэл хийж байтал Ойрадын Галдан 30,000 цэргээр Халхад довтолсныг ашиглан Оросын элчин ФА.Головины цэргийн анги 1688 оны зун их, бага Хялга голын монголчуудыг довтлон Оросод дагаар орж алба төлөх гэрээнд гарын үсэг зуруулсан.

Ойрадын Галдан довтлоогүй бол Оросуудад монголын хойд талын нутагт аюул занал учруулах хүчтэй цэрэг арми байсангүй, Халхын Түшээт хантан ч эх орноо баатарлагаар хамгаалаад байсан. Тийм ч учраас оросууд халхын хойд талын нутаг, харьяатыг шууд залгичихаж чадалгүй 17 дүгээр зуун шувтарсан юм. Ойрадын Галдан Халхад халдан довтолж, түйвээсэн нь Оросуудад цагаа олсон үнэлж болшгүй “тус”, халх монголд гай болсон.

Галдан Халх руу дайрсны балгаар стратегийн онцгой ач холбогдолтой, байгалийн гайхамшигт сайхан тогтоцтой Байгаль далай хавийн умард нутгаа оросын эзэрхийллээс халхлан хамгаалж байсан цэргийг татаж, умард монголыг хамгаалах хүчтэй цэрэггүй болсноор улмаар Орост автаж, эзлэгдсэн. Түүний хор уршгаар хоёр мянганы турш монголын нүүдэлчдийн умард талын хайгуул халхлалт, хамгаалалтын тулгуур багана болсон Байгаль далайн түшиц газар орон хүн, хөрөнгийн хамт Хаант Орост залгигдсан.

Монголын умард хамгаалалтын бүс түүхэндээ анх удаа дотогшилж, Орхон, Сэлэнгийн савд татагдаад тогтохгүй Оросын түрэмгийллийг сөрсөн баатарлаг тэмцэл үүрд зогсож, асар их газар нутгаа Орост алдсан юм. Түүний уршгаар Манж, Орос хоёр 1689 оны наймдугаар сарын 27-нд Нерчүү шивээнд хилийн гэрээ байгуулж, хоорондоо тохиролцоонд хүрчээ. Нерчүүгийн гэрээгээр Хар мөрний сав газар дахь тус тусын эзэлж авсан нутгаа заагласан. Хожим 1858 онд Айгуны хэлэлцээрээр дутуу орхисон зүүн ба хойд хэсгийн хилийг бүрэн гүйцээж тогтоож, эрх зүйн хувьд баталгаажуулж авчээ. Гэхдээ Оросуудын Сибирьт эрчимтэй нэвтрээд Монголын нүүдэлчидтэй нүүр тулснаас хойш бараг нэгэн зууны турш зууралдан харилцаж, шууд эзэмшиж чадаагүй.

Монголчууд Оросын түрэмгийллийг үндсэндээ XYII зууны туршид эсэргүүцэн, няцааж баатарлагаар сөрөн зогсож чадсан гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Энэ бол Халхын баатарлаг тэмцлийн үнэн түүх юм. Цаашид ч тэмцэх боломжтой байсан.

-Түүхэн үндэслэлийн талаар та нэмж тайлбарлаж өгөөч?

-Нэгдүгээрт, Оросууд монголын умард талын нутагт хүчтэй цэрэг арми байгуулж чадаагүй байсан. Хоёрдугаарт,тухайн үед Халхын Түшээт ханы эсрэг оросууд томоохон арми илгээхгүй байсан тул монголчууд цэргийн тоо, хоол хүнс, ар талын нөөцөөр оросоос дутахгүй хүчтэй байсан. Харин Оросын цэрэг цөөн тоотой ч галт зэвсгээр давуу талтай байлаа. Гуравдугаарт, Оросууд европт цэрэг улс төрийн илүү идэвхтэй бодлого явуулж байсан юм.

Тухайлбал, Оросын цэрэг 1650-иад онд Смоленскийг, дараа нь анх удаа Вильног эзлэн авчээ. Швед зэрэг улстай амжилттай дайтаж Европт цэрэг улс төрийн идэвхтэй бодлого явуулж байсан юм. Ер нь Өндөр гэгээнийг судлая гэвэл Монголын гадаад орчин, түүний нөлөө, тухайн үеийн дэлхийн улс орнуудын цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг хамтад нь авч үзэж, олон улсын харилцаа, геополитиктэй холбож судлах ёстой.

-Та сая хэллээ. Оросын төрөөс Европт цэрэг улс төрийн илүү идэвхтэй бодлого явуулж байсан гэж. Үүнийгээ тодруулаач?

-1654 онд Богдан Хмельницкийн удирдлагаар Украиныг Москвагийн улсад нэгдэх ёслол Переяславльд болжээ. Түүнээс хойш Орос, Польшийн хоорондын удаан хугацааны дайн 1667 он хүртэл 13 жил үргэлжилжээ. Смоленск, Чернигов ба зүүн эргийн Украин Киев хотын хамт Москвад нэгдэв.

Түүнээс өмнө 1604-1618 онд Польш, Шведүүд Орост довтлон дайтаж байв. Швед, Польш, Туркийн хүчирхэг цэрэгт цохигдож байсан Оросын армийг шинэчлэхэд тэд багагүй цаг зарцуулсан. Олон зуун жилийн турш Оросын өмнөд этгээдээр Монгол, Туркүүд, хожим Крымын Татарууд, Балтийн тэнгис хавьд Герман, Шведүүд ноёрхож байсан.

Тиймээс Дорнод Европ руу гарах хуурай газрын гарц, далайд гарах Балтийн хил оросуудад хаалттай байлаа. Балтийн тэнгис, европт гарахад Орос орны хөгжилд онцгой ач холбогдолтойг ойлгосон I Петр (1682-1725) хаан Турк ба Крымийн хаантай байлдахаа зогсоож, Швед улсын эсрэг дайтжээ. Гэвч 1700 онд Нарвын дэргэд бут цохиулсан. Харин 1709 онд Шведийн цэргийг Полтавын тулалдаанаар ялснаар Орос Европын далай руу гарцтай болж, дараа нь өмнийн байнгын аюул Турк улстай дайтжээ. 

Москвагийн армиуд анх удаа Европын ариудын эвсэлд явж Крымийг 1687, 1689 онд халз довтолсон. 1696 онд Хар тэнгисийн доторх Азовын тэнгисийг Туркийн эзэмшлээс булааж авах Оросын усан флотын анхны ялалт болсон гээд л үргэлжилж өгнө дөө. Тэгэхлээр, оросууд цэргийн томоохон ажиллагааг ямагт Европт явуулж, тэнд илүү их хүч хаяж харин Сибир, Алс дорнодод Монгол, Манж Чин гүрний эсрэг томоохон аян дайныг хэзээ ч хийгээгүй юмаа. Орос хэзээ ч Европ, Азид, хоёр тивд, хоёр фронт дээр нэгэн зэрэг сунжирсан байлдаан, томоохон аян дайн хийгээгүй юм шүү дээ.

-Тэгэхээр Орос улс Монгол, Манж гүрэнтэй томоохон дайн хийх сонирхолгүй байсан нь илэрхий боллоо. Тийм нөхцөл түшээт ханыхан Халхын газар нутгийг оросоос хамгаалах тэмцлээ үргэлжлүүлээд байх боломжтой байсан гэдэг таны  санааг дэмжиж байна. Үнэхээр Оросын түрэлтийн эсрэг Өндөр гэгээн, Түшээт хан Чахундорж V нар цэргийн хүчээр ана, мана м тэмцэж байх эгзэгтэй мөчид  Галдан довтолж, Халх түмэнд гай зовлон учруулсан гэж л харагдаад байх юм? 

 -Оросын түрэлтийн эсрэг Өндөр гэгээн, Түшээт хан Чахундорж  нараар удирдуулсан баатарлаг  тэмцлийг Галдангийн довтолгоон  саатуулсан нь маргаангүй. Түүгээр ч зогсохгүй шууд таслан зогсоож, Халхын эх орончдын тэмцлийг  талаар болгосон. 

Хариад, буриад, тавнангууд гэсэн янз бүрийн нэртэй умард монголчуудыг газар нутаг, юутай хээтэй нь Орост үүрд ы алдахыг нэг мөсөн шулуутгаж ш өгсөн учраас Галдан түүхэнд  сөрөг үүрэг гүйцэтгэснийг түүхэн сургамжийн үүднээс тэмдэглэхээс өөр аргагүй. Түүнээс гадна Галдангийн довтолгоон Халхыг бусниулснаар тогтохгүй монголын Hi үндэсний аюулгүй байдалд ноцтой  хор хохирол учруулсан байна.

-Үнэн түүхийг үнэнээр нь,  түүхэн үйл явдлыг баримт нотолгоотой гаргаж ирсэн танд талархаж байна. Гэтэл бүтэн  долоо хоногийн турш таныг утсан чинээ улаан амиа манж  нараар хамгаалуулсан өөдгий урвагч Занабазарыг өмгөөлж,  үндэсний баатар Галданг мууллаа гэж гүтгэн доромжилж, цахим ертөнцөд шуугиан тариад байна л даа. Өндөр гэгээнийг урвагч байгаагүй гэж яаж мэдэж  байгаа юм бэ. Тэр чинь жинхэнэ урвагч байсан юм гээд цахим мэдээллээр дайрсан байна. Ер нь монголчууд сүүлийн үед ямар ч сайхан юмыг хараар будах болсонд эмзэглэж байна. Монголыг аварсан их хүнээ хуучин зохиомол түүхээр ойлгож, хараан зүхэх явдал түгээмэл байгаа нь харагдаж байх шиг?

-Их гүрнүүдийн геополитикийн бодлогын зэрэгцээ хаан Чингисээс өшөөт харь Тангадын залгамж Түвэд орон өөрийн улсын хамгаалж, тусгаар байдлыг хангах зорилгын үүднээс Манжийн түрэлтийн галыг зайлуулж, Халхруу хандуулах, Ойрадын Галданг ашиглан, Халхад турхирах хорон явуулга хийсэн.

Түшээт хан тэргүүтэй Халхын эх орончдын эсрэг тэмцэж байсан Оросууд ч Галдантай харилцаж байсан. Манжийн төрийн бодлого ч бас Галданг “хаан” цол болон асар их эд, эрдэнэсээр байнга шагнаж, тогтмол элч солилцож, захидлаар харилцаж байсан гэдэг нь түүхэн эх сурвалжийн баримтаар нотлогдож байна. 

Тухайлбал, Манжийн Энх-Амгалан хаан 1689 онд Галдан бошготод илгээсэн нэгэн захидалдаа: Хуандийн зарлиг. Галдан бошогт ханд буулгав Чи цэрэг байгуулж Халхыг эвдсэн....Хэдий Халхын газрын бурханыг эвдэн сүмийг цөм гал тавивч, би чамайг огт буруушаан санах явдалгүй” гэжээ.

Эндээс Халх, Өөлдийг хооронд нь хагалан бутаргаж, Галданг өдөөн хатгаж, хөөргөн дэмжих аргаар Халхыг хөөн ирүүлэх Манжийн бодлогын үнэн нүүр царай тов тодорхой илэрч, илчлэгдэж байна. Үүний хамт Галдан бошигтын Манжид зарсан элч, Энх-Амгаланд бараалхан хоорондоо ярилцсан яриа сонирхолыг ихэд татдаг. Галдан бошигт монголын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө Манжтай тулалдаад байсан л гэдэг байв. Гэтэл бүр эсрэгээрээ, манжтай хуйвалдаж байжээ.

-Харамсалтай нь өнөөгийн монголын нийгмийн сэтгэл зүйд бүхнийг сөрөг өнцгөөс харах, элдвээр гутаан доромжлох сэтгэлгээний доройтол газар авчээ. Үзэл суртлын үеийн улигт түүхээр амьсгалж, Өндөр гэгээнийг буруу ойлгож байсан нийгмийн оюун санааг сэтгэлгээний    хүлээснээс ангижрахад таны баримт түшсэн судалгаа чухал хувь нэмэр болж байгаад олзуурхаж байна?

-Ташаа ойлголтууд засагдана гэдэгт бид итгэдэг. 2005 онд миний багш, доктор, профессор С.Ичинноров Өндөр богдын 370 жилийн ойн хуралд тавьсан илтгэлдээ, “Бид Чингис хааныхаа үнэн түүхийг гүтгэлэг, гуйвуулгын хар намгаас гаргаж авсан. Харин их хааныхаа үр удмын Занабазар гэгээнийг бага анхаарч байна” гэж хэлж байв. Тэрбээр Өндөр гэгээн судлалын хамгийн дорвитой бүтээлийг туурвисан эрдэмтэн, тийм ч учраас миний судалгааг дэмждэг. Миний багшаас гадна олон зөв сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, үндэсний дэвшилтэт үзэлтнүүд бидний судалгааг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Харин үүний эсрэг түүхийг завхруулж ирсэн зарим хүн дургүйцэж л байх шиг.

Гэвч тэдний дурыг татаж, олонхид таалагдахын тулд бид түүхийг хуучнаар нь, үзэл суртал, жалга довын үзлээр тааж, таамаглаж, зохиож, түүхийг завхруулж, гуйвуулах ёсгүй. Энэ бол зарчим. Түүхэн үнэн үйл явдал бол Галдан бошигт гурван түмэн цэргийн хүчээр ааглан Их эзэн Чингис хааны гал голомт-Халхад цэрэглэн орж Халхыг бусниулан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулж, түүхэнд сөрөг үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ бол гарцаагүй, маргаангүй үнэн түүх.

Орос, Ойрад, Манж, Түвэдийн зүгээс Халх Монголын тал бүрээс нь хавчин түрэмгийлсэн хүнд хэцүү явуулгын эсрэг Өндөр гэгээнтэн Очирай Түшээт сайн хан ах дүү хоёр дээд өвөг Хубилай сэцэн хааны хос ёсны зарчмыг уламжлан өвлөж, цагтаа дэлхийн нийслэл асан Хархорумын гал голомтыг сахиж, элэнц эцэг Абтай хааны үндэслэсэн Эрдэнэ-Зуу хэмээх соёл урлаг, шашин шүтээний хотыг улам хөгжүүлэн төвлөрч, тэндээс монголын тусгаар тогтнолын төлөөх нэгдмэл бодлого, үйл ажиллагаа явуулж байв.

Өндөр гэгээн ард түмнээ хууль ёсыг сахиж, эв найрамдалтай, дайн самуунгүй, амар амгалан оршихыг байнга сурган номлож, Ойрад-Халхын олон үеийн эвдрэлийг эцэс болгох зорилгоор энх тайвны уриа болох “Адистэдийн дээдийг хайрлагч” хэмээх цуут бүтээлээ туурвисан. Халхын Түшээт ханы хөвгүүд үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, хамгаалахын тулд Манж Чин гүрний төрийн бодлоготой харшилдуулалгүй, авцалдуулах улс төрийн нарийн ухаан гаргаж, мөхөлтэй өрсөлдөж чадсаны үрээр их эзэн Чингисийн монголын гал голомт Халх Монголоо авран хамгаалж чадсан байна.

Амьтныг жаргуулагч, шашныг мандуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, наран гэрэлт түмэн наст Богд хаан гэдэг нь санаандгүй юм биш, цаанаа л нэг билэгдэлтэй, Өндөр гэгээнд нийцтэй сайхан алдар цол гэдгийг анзаарууштай юм.

-Зарим түүхч “дундын хувилбар” гаргах гэж ярьж, зарим нь ном, зохиолдоо бичсэн байдаг, энэ зөв үү?

-Шулуухан хариулъя. Буруу. Туйлын буруу. Түүхэн үйл явдлыг ямар ч субъектив хандлага гаргалгүй, үнэнээр нь бичих ёстой. Түүнээс түүхэн зүтгэлтнийг үнэлэх талаар тохиролцох, “дундын хувилбар” гаргаж ирэх асуудал хэзээ ч байж болохгүй. Галдан бошгот Халх Монголчуудыг элдэн хөөсөөр Манжид хүргэж өгсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал мөн.

Галданг “Манжийн эсрэг тэмцэгч” гэдэг хэвшмэл болгосон ойлголт хийсвэр шинжтэй, шинжлэх ухааны үндэслэл нотолгоогүй, түүх завхруулга байсан нь нотлогдож байна.Энэ бол Монгол Улс үндэстэнд хэзээ ч мартах ёсгүй түүхэн сургамжтай гутамшигт хэрэг явдал болж түүхэнд үлдсэн юм. Энэ бол үнэн. Галданг баатар гээд зураг хөргийг нь зохиож зураад, тэгэж ингэж хэлсэн гэж үг зохиогоод тахин шүтэх үзэл, аль эсхүл Өндөр гэгээний зиндаанд аваачиж, түүнтэй нэг төвшинд зэрэгцүүлэн хоёулаа эх оронч байсан гэж барьцах, үгүйдээ л Түшээт хан Чахундоржтой Галданг дүйцүүлэн аль аль нь алдаа гаргасан гэх буюу аль аль нь монголынхоо төлөө тэмцсэнээс тэмцлийн арга барил нь өөр өөр байсан гэх мэт “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, хэн хэнд нь тал алдахгүй гэсэн зарим түүхч эрдэмтдийн хувийн үзэл бодол, үнэлгээ үндсээрээ худал ташаа шүү гэдгийг сануулъя. Тийм санааг хойшид ч хэрэгсэх ёсгүй. Зарим судлаач бүр хөгийн юм яриад байгаа юм.

Галданг нэг хэсэг магтсан, одоо муулж, Өндөр гэгээнийг өргөмжлөн савалж байгаа мэтээр ярьж, савлагаа гэж нэрлэж механик ойлголт гаргахыг мэр сэр оролдож, “дундын хувилбар” гаргаж болох мэт санаа цухалзуулж байгаа нь ч ташаарал юм. Тийм учраас маш тодорхой хэлэхэд, яс, угсаа, хувийн мөчид ойлголт, үзэл бодлоороо талцан шинжлэх ухааны судалгааг мушгин гуйвуулж ирснийг таслан зогсоох цаг болжээ. Дахин хэлэхэд, түүх түүхээрээ л байх ёстой.

-Та түрүүн Өндөр гэгээн Халх монголыг Манж гүрэнтэй харшилдуулалгүй, авцалдуулах бодлого явуулсан гээд бас нэг шинэ санаа хэлсэнд их олзуурхаж байна. Энэ тухайд та дэлгэрүүлэн тайлбарлаж өгөөч?

-Галдангийн дайралтаар бутарч сарнисан улс орноо Өндөр гэгээн, Түшээт хан нар маш нарийн бодлого явуулсны үрээр л мөхлөөс авран хамгаалж чаджээ. Галдан шил даран нэхсээр байсан хүнд үед Өмнөд монголын Ар элстэйд хийсэн чуулганаас Халх монголоо аварч, хамаг монголоо дайны хөнөөлөөс хамгаалах зорилгоор “Манжийг түр нэгэн удаа түшиг” шийдвэр гаргажээ. “Өндөр Богд гэгээн хүчинд автан арга мухардан түр Манжийг түших болсноо... Одоо Дайчин улсын эрхшээлд багтсан нь их учиртай.

Жич дахин ирээдүйд умар зүгийн их гүрнийг түшвээс их тус гарна. Цаг нь болохоор аяндаа... болно цагаа болоогүй аваас дийлэхэд бэрх” гэж айлдсан нь 1911,1921 оны үйл явдлаас тодорхой. Хэрэв халхчууд умард зүг Орос руу зугтаасан бол Оросууд Халхыг хамгаалж чадахгүй байсан. Оросууд өөрийн өрсөлдөгч Түшээт хан, Өндөр гэгээн тэргүүтэй Халхчуудыг хамгаалж, Галдантай дайсагнан тулалдах хүч Байгаль нуур хавийн нутагт байтугай асар уудам Сибирьт бэлэн байгаагүй.

Тулалдаан ч дийлэх нь эргэлзээтэй. Тиймээс Халх Монголчууд Орост зугтаан очсон бол ямар ч өмгөөлөл, хамгаалал, тусламж авч амжилгүй Галдангийн хайр найргүй хядлагын золиос болж устах аюул эрстэл бодитой нүүрлээд байв. Үгүйдээ л хэл мэдэхгүй болтлоо Оросжсон, оросын бөглүү хязгаар байх өндөр магадлалтай. 

Үүнийг Өндөр гэгээн туйлын зөв ухаарч, асар хариуцлагатай, бачим цаг үед зөв замыг сонгож, монголыг аварсан юм. Тийм учраас Өндөр гэгээнийг хараан зүхэхээ зогсоо! Өндөр гэгээний буянаар өнөөгийн Монгол улс энэ дайтай оршин тогтнож байгаа юм. Тиймээс аугаа их хүний үйлсийг судалж, мэдэж байгаагаар нь хайрлацгаая. Өндөр гэгээн Г.Занабазар бол цөвүүн цагт монголчуудын буян заяа, залбирал, хүслээр мэндэлсэн нэн, аугаа их хүмүүн-Халх түмний шүтээн, умард зүгийн шашны эрхийг баригч, монголыг ядрах цагт аварсан ач гавьяагаараа Чингис хааны дараа орох их хүмүүн байжээ. Өндөр гэгээн, Түшээт хантаны үйл зөв байсан нь 220 жилийн цагийн шалгуурыг давж чадсан байна.

Дашрамд хэлэхэд, гадаадад байгаа зарим нэгний “монголыг гайгүй болохоор нь очиж амьдарна” гэдэг бэртэгчин үзэлтэй яг адилаар, Өндөр гэгээнтнийг урвагч гэж гүтгэн доромжилж, нулимчихаад түүний буянаар оршин тогтнож байгаа улсын иргэн гэж явах нь ёстой бэртэгчин үзэл шүү, жаахан ч гэсэн ухаж, ухаараарай.

-Түүхэн үйл явдлуудаас үзвэл, Орос, Манж хоёр их гүрний аль нь ч асар их цэргийг түргэн хугацаанд эмхэлж, хүчирхэг арми бүрдүүлээд Халх Монголыг дайран эзлэх бодлого, төлөвлөгөөгүй байсан бололтой. Харин Галдан л Халх монголд довтлон орж, монголын голомтыг самарч, Манжид хөөж хүргэж өгчээ. Галдан дайраагүй бол Халх Монгол тийм ч түргэн хугацаанд манжид эзлэгдэж, тусгаар тогтнолоо алдахгүй байсан гэдгийг мэдэж авлаа.

-Энэ талаар та цааш нь нэмж юу хэлэх вэ?

-Галдан дайраагүй бол Орос монголын хойд талыг, Манж Халхыг тийм ч амархан эзлэн авч чадахгүй байсан нь тухайн цагийн түүхэн нөхцөл байдлаас тодорхой байдаг. Тийм учраас Ойрадын Галданг магтан сурталчилах ямар ч үндэсгүй юм. Түүнээс гадна Манжийн эзэрхийлэл нь улс төрийн шинжтэй байснаас биш угсаатны шинжтэй байгаагүйг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Байх ч нөхцөлгүй. Учир нь хүн амын тоогоор эз дийлэх ямар ч боломжгүй, хагас сая хүрэхтэй үгүйтэй байж. Тийм л учраас цөөхөн Манж нарт Монгол уусах аюулгүйг Өндөр гэгээнтэн сайн мэдэж, сайтар тооцоолжээ.

1691 оны Долон нуурын тохиролцоо бол хэрэг дээрээ хятадын хүн далайд уусах аюулын эсрэг цөөн хүн амтай хоёр бага үндэстний хийсэн стратегийн зөвшилцөл, тохиролцоо юм. Үүгээр Халх монгол улс төрийн тусгаар тогтнолгүй болсон хэдий ч үндэсний тусгаар тогтнолоо хэвээр хадгалж чадсан.

Өндөр Богд Манж нар ч алс хэтдээ их хятадад уусан мөхөх үед Монголчууд түүний захиргаанаас сугаран гарах алс хэтийн төлөв, ирээдүйг давхар тольдон тооцож байжээ. Чухам иймээс “Богд Жавзандамба Өндөр гэгээний гурван үеийн дэлгэрэнгүй намтар” хэмээх эх сурвалж бичигт: Өндөр Богд “Манжийн “эзэн хаанд хамгааллын барилдлагатай болох хийгээд эзэн хааныг түшиглэвээс Богд өөрөө шашин амьтанд тусалж, зохиосон үйл дэлгэрэхийг...билэг, билгүүний мэлмийгээр болгоосон...” хэмээн зориуд онцлон тэмдэглэсэн бололтой. 

Өндөр гэгээний эрин үед үед монгол төрийн бодлогын уламжлал тасраагүй, Богд хэмээх институцээр дамжуулан Өндөр гэгээн хэрэг дээрээ шашин төрийн үйлийг хослон барьж байжээ. Тиймээс Богдын I-YIII дүрийг нэгэн цогц хэмээн үзэж судлах хэрэгтэй. I Богд Өндөр гэгээний YIII дүр дахин Монголын хаан болж, төр, шашинаа хослон барьсан нь цаагуураа нэг юм хэлээд байгаа, тун учиртай юм. 
Анхдугаар Богд Өндөр гэгээн, Түшээт хан нарын алсын хараатай баримжаа (vision), алсын харсан бодлогын ачаар 1,800 жилийн түүхтэй Монгол төр, ёсны өв уламжлалыг таслахгүйн тулд манжийн төрийн менежментийг буддын шашинтай хослуулан ашиглаж, манжийн төрөөс ирэх бодлогыг зөөллөж, зарим нөхцөлд залж чадсан. 

Үүнд Өндөр гэгээнтний улс үндэстнээ аврах (national salvation) халуун эх оронч сэтгэл, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэх ухаан, улс үндэстнээ залан жолоодох улс төрийн нарийн туйлбартай бодлого, Манжийн хааны итгэл, бишрэлийг олж, монголд явуулах бодлогыг харьцангуй эерүүлэн зөөлрүүлж, манж гүрний төрийн бодлогод нөлөөлж чадсан алсын хараатай стратегичийн авьяас, ер бусын зөн мэдрэмж нөлөөлжээ.

-Та Өндөр гэгээн Монголд явуулах бодлогыг зөөлрүүлж, манж гүрний төрийн бодлогод нөлөөлж чадсан алсын хараатай стратегич гэж үздэгээ тодруулж хэлнэ үү?

-Халхын эрх баригчдын алсын хараатай, чанд бодлогын ачаар дайнд нэрвэгдэн улам цөөрсөн монголчуудыг суурин иргэншилтийн давалгаа, хятадчилах аюулаас бүрэн хамгаалж, алс хэтдээ Монголын удмын сангийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг хийж чадсан байгаа юм. Үүнийг ивээлдээ оруулсан Чин гүрний гүрний төрийн бодлогоор хамгаалуулж, эрх зүйн зохицуулалт хийлгэж чадсан. Маш том амжилт шүү дээ.

Тухайлбал, Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны Хууль Зүйлийн бичгийн 846 дугаар зүйлд: "... Дотоод газрын иргэд дотоод, гадаад засгийн зэрэг газрын Монгол эм, охиныг гэргий болгон авч болохгүй” хэмээн шууд хориглон цаазалж, хэрэгжилт, биелэлтийг чанд мөрдөн биелүүлдэг байжээ. Мөн “...зарлигаар өгөх ба авах болбаас гэргийг хагацуулж, төрхөмд эгүүл! Монгол хуулиас зөрчсөн иргэнийг 3 сарын дөнгө дөнгөлж, өдөр дүүрсний хойно 100 ташуур занчиж, дам дамаар уул нутагт хүргүүл!” гэсэн хатуу заалттай байв.

Бас сахилга, хариуцлагыг улам чангатгах зорилгоор харьяалах засаг ноёдод хүртэл “6 сарын пүнлүү хас!” зэрэг арга хэмжээ авдаг байжээ. Энэ бол Манжийн Энх-Амгалан хаан(1662-1722)-тай Өндөр гэгээн монгол үндэстний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалсан онцгой ач холбогдолтой тохиролцооны амжилт юм. Монгол үндэстэнд онц ач холбогдолтой тэрхүү бодлого үндсэндээ 18 дугаар зууныг шувтартал мөрдөгджээ.

-Хуучин ойлголтоор бол Манж нар монголыг үнэхээр колоничилж, дарлаж байсан биш монголыг хамгаалсан ашигтай бодлого явуулах байсан гэж үү? Таны хэлсэн баримтаар бол монголд ач тустай заалтууд хуулинд нь байсан л юм байна. Та дахин нэг чухал баримт хэлбэл сонин байна?

-Чин гүрнийг түшсэний эерэг, сөрөг талыг тусгайлан судлах хэрэгтэй л дээ. Манжийн дарлал, колоничлолд    монголчууд нухлагдаж байсан гэх хэвшмэл ойлголтыг бас л наанатай, цаанатай авч үзэх хэрэгтэй. Нэн ялангуяа Өндөр гэгээн номын ухаанаар Энх-Амгаланг хаан байх үед сул талыг давуу тал болгон хувиргах гэж их мэрийж, тодорхой үр дүнд хүрч байжээ. Үүнд Чин гүрний цөөнгүй хаадын эх, эмэг эх нь Монгол хатад байсан явдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой юм. Амарлингуй хатан, Бумбадай хатан гээд л монгол яс, цустай монголд хүндэтгэлтэй ханддаг хатдыг нэрлэж болно.

Энх-Амгалан хааны эмэг эх нь монгол хатан байж. Тэр хатан ач хүүгээ их хаан болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Мөн номын багш, нэг зөвлөх нь Өндөр гэгээн байсан. Чин гүрний Хууль зүйлийн бичигт Хятад хүн Хаалга гарч, монголд худалдаа хийхэд Цахар хошууг захирах сайд, Хөх хотын жанжин ба Долон нуурын бүгдийг мэдэгчээс заавал тэмдэгт бичиг авах, тэрхүү тэмдэгт бичигт мөнхүү худалдаачны овог нэр, явах газрыг зааж, хугацааг нэг жилээс хэтрүүлэхгүйгээр олгож байхаар заажээ.

Хэрэв хэн нэгэн хятад худалдаачин заасан хугацааг хэтрүүлбэл 2 сарын турш хүзүүнээс нь дөнгө зүүн дөнгөлж, яллах хугацаа дууссан хойно 40 туйван зодож, жанчиж залхаасны эцэст худалдсан барааны үнийн дүнгийн тал хувийг улсын санд хурааж, нутагт нь хөөж явуулах ялтай байв.

Түүнчлэн монголчуудад мөнгө хүүлэхийг хориглодог байжээ. Зорчих хугацаа хэтрүүлэн монголд залилан суувал 2 сарын турш хүзүүнд нь хүнд төмрөн дөнгөөр дөнгөлж, уг хугацааг дуусмагц 80 чавчирга занчиж гэсгээгээд уг нутагт нь бичиг дагалдуулан хүргүүлж, Монгол газар нутагт эргэж ирүүлэхгүй болгох тухай нэг бүрчлэн, маш нарийн чанд хуульчлан чанд мөрдөж байжээ.

-Энэ үнэхээр зөв мэргэн бодлого байжээ. Улс үндэстнээ хамгаалж чадсан байна шүү дээ. Чин гүрний төрийн бодлогод монгол үндэстнийг хамгаалах асуудлыг тусгаж чадсан нь өөрөө агуу амжилт мөн байлгүй яах вэ?

-Түүнээс хойш хоёр зуу гаруй жил түгжигдмэл, “вакумжсан” нөхцөлд ч Эзэн Чингисийн угсааны ноёд, түшмэд аймаг, хошуугаа захирч, нийгмийг монгол төрийн бодлогын өв уламжлал дээр монгол үндэсний зан суртахуун хэмээх хүчирхэг үнэт зүйл, монгол төр эрх зүйн өв соёл хоёр дээр тулгуурласан монгол дархлаанд суурилж, Манжийн төрийн хууль, засаг захиргааны зохион байгуулалттай уялдуулан нийгмийн харилцааг төвөггүй зохицуулж, үндэсний өвөрмөц онцдог, давуу төрх байдлаа яг хэвээр нь хадгалж чадсан юм.

Чухамхүү улс тогтнох хамгийн шийдвэрлэх үндэс суурь болох Үндэсний тусгаар тогтнолоо бат хадгалж чадсаны үр шимээр Монгол нь монголоороо үлдэж чадсан төдийгүй манж нар үндэстний хувьд устаж, төр нь мөхсөн 1911 онд Анхдугаар Богдын YIII Богдын 8 дахь дүрийн удирдлагаар улс төрийн тусгаар тогтнолоо сэргээж, шинэ улсаа байгуулж 1921 он ардын хувьсгал хийж, улмаар 1961 НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж чадсан учиртай юм шүү дээ.

Өндөр Богд гэгээнтэн монголын улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өв уламжлал, ертөнцийг үзэх үзэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, хамгаалахын билэг тэмдгийн гүн гүнзгий утга агуулгатай бүтээсэн Соёмбо нь монгол улсын төрийн далбаанаа намирч, дэлхий дахинаа мандаж байна.

Зураг