Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

П.Х.Жискар: Бидний хувьд Чингис хааны онгоныг малтаж, нээх зорилго байхгүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс Монголын Үндэсний музейд "МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД. Хорин жилийн хамтын ажиллагаа" үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

Энэ үзэсгэлэн болон Монгол-Францын хамтын ажиллагааны талаар өнөөдөр БСШУЯ-нд мэдээлэл хийлээ.

Үзэсгэлэнд сүүлийн хорин жилийн хамтын ажиллагааны хүрээнд нээгдсэн 50 багц, 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд эдгээрийн 60 хувь нь өмнө нь олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй цоо шинэ олдворууд ажээ. Тус үзэсгэлэнгийн нээлт зургаадугаар сарын 18-ны 18.00 цагаас Монголын Үндэсний Музейд болох юм байна. Үзэсгэлэн есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Монгол-Францын археологийн хамтын ажиллагаа 1994 оноос эхлэлтэй. Үүнээс хойш Монголын түүхийн бараг бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 17 дурсгалт газарт хийжээ.

"ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ХААНА БАЙГААГ НЬ ОЛЖ ТОГТООСОН"

 

Энэ үеэр Монголд хорь гаруй жил судалгаа хийсэн Францын эрдэмтэн, судлаач П.Х.Жискартай товч ярилцлаа. Тэрбээр Чингис хааны онгон олдсон бөгөөд одоогоор нээгээгүй байгаа хэмээсэн юм. 

-Хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн үед археологийн ямар сонирхолтой олдворууд олсон бэ?

-Монголд ирж археологийн судалгаа хийгээд 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монголын бүс нутаг бүрт археологийн судалгаа, малтлага хийсэн байгаа. Чулуун зэвсгийн үеэс Чингис хааны үеийг хүртэлх булшин дээр ажилласан. 

Урьд нь Монголд ирэхээсээ өмнө Египетэд бас ажиллаж байсан. Египет, Монгол хоёрт хийсэн ажлуудаа би харьцуулан судлах дуртай.

Египетэд 19 дүгээр зууны үед судлах зүйл хэр их байсан шиг 21 дүгээр зуунд Монголд яг тийм хэмжээний судлах ажил байгаа. Энэ 20 жилийн турш бид маш их ажил хийж гүйцэтгэсэн байгаа.

-Чингис хааны онгон олдсон гэж яригдаад байдаг. Энэ тал дээр та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Чингис хааны булшны хувьд хаана байгааг нь олж тогтоосон. Орчин үеийн техник технологийн тусламжтайгаар олж тогтоосон. Гэхдээ Монголын ард түмний хүсэл, эрмэлзлэлийг хүндэтгэх ёстой. Тийм болохоор олдсон булшийг нээх зорилго бидэнд байхгүй.

-Энэ талаар хэр олон хүнд мэдээлэл өгсөн бэ. Дэлхийд хэр олон судлаачид Чингис хааны онгоныг олсон талаар мэдэх вэ?

-Энэ талаар мэдэж байгаа хэд хэдэн хүмүүс байгаа. Гэхдээ энэ нууцлалын хэмжээнд байгаа. Монголын эрх бүхий байгууллагууд энэ булшийг хэзээ нэгэн цагт малтах зөвшөөрөл өгөх юм бол тэр нь зөвхөн Монгол хүмүүс л байх болно.

Гадаадын шинжээчдийн хувьд зөвхөн зөвлөх маягаар л ажиллах байх. Бидний хувьд Чингис хааны онгоныг малтаж, нээх зорилго байхгүй.