Эрхлэгчийн зурвас
Олны анхаарлыг илт татсан онцлох үйл явдал багатай, зуны налгар долоо хоног улирч байна. Автобус баазынхан ажил хаялтаа зогсоож, автомашины дугаарын тэгш сондгойгоор зорчуулах шийдвэрийг танилцуулж, Оюу толгой 70 тэрбум ам.долларын өрөө Монголын Засгийн газарт шилжүүлснийг эс тооцвол тэр шүү дээ. Гэвч бид налгар гээд тайвширсангүй.
Нэг нь монгол хүн бүрийг хөрөнгө оруулагч болгож, Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан Монголын анхны банк санхүүгийн байгууллага болохоор ажиллаж байгаа бол нөгөө нь Монголын хамгийн олон жил, тасралтгүй зохион байгуулагдаж буй хөгжмийн наадмынхаа 14 дэхийг хийхээр зэхэж байна.
Энэ дугаарын “Авторын булан”-д А.Амармэнд зуныг дугуйн дээрээс салахгүй өнгөрөөх хэрэгтэй аргагүй, гарцаагүй таван шалтгааныг дэлгэсэн бол У.Бямбаням жиргээний ертөнцийн тун сонирхолтой нэг хэсгийг сонирхуулах болно. Хүчирхэгжиж буй юанийн талаар “Дэлхий” буландаа онцолж, хөлбөмбөгийн ертөнцийг шуугиулсан FIFA-гийн авлигын скандалын таны өмнө огт хараагүй таймлайныг багтаалаа.
“Сэдэв” буланд Д.Мөнхчимэг 2017, 2018 онд эргэн төлөгдөх бондуудын хугацаа нь ойртохын хэрээр төлбөрийн эх үүсвэргүй байгаа бид хамгийн хялбар арга буюу дахин бонд гаргаж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхөөр зэхэж байгаа талаар бичсэн. Гэвч бонд гаргах таатай нөхцөл биднээс хэдийнэ талийсан учраас юуг алдаж, юуг зольж эрсдэлтэй алхам хийх вэ гэдгийг эндээс уншаарай.
Мөн “Тэд яагаад ингэж бичив” нийтлэлд бага, дунд боловсролын монгол хэл, уран зохиолын хичээлийн алдаа болоод Монголын хүүхдийн зохиолын уналт бага насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйг сонирхолтой жишээгээр гарган тайлбарласан нь таны сонирхлыг татна гэж найдаж байна.
“Гэрэг” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч С.Батбаатар
“Авторын булан”, А.Амармэнд
...Дугуй тээврийн хэрэгсэл, спорт байхаа болиод удаж байна. Дугуй унах соёл түгээмэл дэлгэрсэн Баруун Европын улсууд, Америкийн Нью-Йорк, Портлэнд зэрэг хотод дугуй нь зөвхөн тээврийн хэрэгсэл төдийгүй таныг тодорхойлох загварын нэг хэсэг болжээ.
Хүмүүний энэ хүслийг анзаарсан үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүний үзүүлэлтээс гадна загварт ихээхэн анхаарал хандуулах болсон. Хэдийгээр ийм төрлийн дугуйнууд одоогоор манайд төдий л олон бус байгаа ч “Никел Ганба” брэнд таны хэв маягт тохирсон дугуйнуудыг захиалгаар урлаад хэдийнэ эхэлсэн...
Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай
“Сэдэв” булан, Д.Мөнхчимэг
...Цаг цагаараа байдаггүй ээ гэж... Саяхан л улсын өр хэрээс хэтэрлээ, өрийн таазыг нэмэхгүй гэж сүржигнээд байсан эрх баригчид маань одоо олон улсын зах зээлд нэг тэрбум хүртэлх бонд гаргахаар зэхэж байна. Энэ нь “Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх” зорилготой арга хэмжээ аж.
Өөрөөр хэлбэл, 2017 онд хугацаа нь дуусаж буй Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлөх хуримтлал бүрдүүлж чадахгүйд хүрснээс ийм шийдвэр гаргажээ. Уг нь гадаад өрийг барагдуулах эх үүсвэрийн 30 хувийг энэ оны, 40 хувийг ирэх жилийн төсвөөс бүрдүүлж, үлдсэнийг нь зээлээр санхүүжүүлэх тухай ярьж байсан ч ажил хэрэг болсонгүй. Төсвийн орлого тасарч, төрийн албан хаагчдынхаа цалинг яая гэж байхад яаж ч хуримтлал бүрдүүлэх билээ...
Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай
“Хөрөг” булан, Ж.Тэгшжаргал
...Туйлын үнэн гэж байдаггүй. Хэрэв хүн өөрийн үнэнийг тунхаглаж чадахгүй бол бусдын үнэнийг дагахаас аргагүй болно. Энэ амаргүй. Амаргүй учраас цөөн хэсэг нь жим гаргаж, дийлэнх нь түүнийг даган алхдаг буюу. “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг бол тэр цөөхний нэг. Хэрэв та түүний намтрыг уншвал олон олон салаа жимийн эхэн дээр буйг нь харах болно.
Хэрэв хүн өөрийн үнэнийг тунхаглаж чадахгүй бол бусдын үнэнийг дагахаас аргагүй болно.
Тэр Монголын хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллагыг бий болгож, CEO клубийг байгуулан, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж, Монголын эдийн засгийн форумын тулгын чулууг өрөлцөж, “Дуулиан-2020” хөлбөмбөгийн тэмцээнийг санаачилж, одоо харин монгол хүн бүрийг хөрөнгө оруулагч болгох том зорилготой “Ард” санхүүгийн нэгдлийн толгойд зогсож байна.
“Хүмүүс амьдралынхаа турш нэг том оргил амжилтын орой дээр гарахыг хүсдэг. Харин би 30 том оргил дээр гарахыг хүсэж байна” гэж түүнийг хэлэхэд энэ нь уран зөгнөл, хэтийдсэн мөрөөдлөөс ондоо зүйл болох нь илэрхий байв. Өөрөөр хэлбэл биелэх мөчөө хүлээж буй бодит байдал шиг санагдаж билээ...
Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай
“Сэдэв” булан, У.Бямбаням
...Хэдхэн жилийн өмнө оньсогод “Өөхөн бөмбөөхэй, араг сэгсээхэй” байсан амьтан хорхог, боодогны хэрэглэгдэхүүн болтлоо хувирсныг эдийн засгийн хүнд нөхцөл, махны үнийн өсөлттэй холбон ойлгох нь арай л тохиромжгүй хэрэг. Фэйсбүүкийн сүлжээгээр тарааж, элэглэсэн шинэ оньсого бага, дунд боловсролын “балагтай” өөрчлөлтүүдээс угтай байж ч мэднэ.
Хөөрхөн сүүлтэй
Хорхог хийхэд тохиромжтой болтлоо хувьссан хонины оньсогын талаар Нийслэлийн 24 дүгээр сургуулийн бага ангийн багш Д.Мөнгөнцэцэг “Өмнөх үеийн сурах бичгүүд нийгэм, цаг үеийн байдлаа дагаад арай өөр байсан. Одоо хэрэглэж буй сурах бичгүүд эхийн хувьд боломжийн сонголттой гэж боддог.
Гэхдээ нэг учир дутагдал нь уламжлалт ахуй соёл, мал аж ахуй, ёс заншлын талаар бараг байдаггүй. Ихэвчлэн хотын амьдрал, нийтийн тээвэрт хэрхэн зорчих, нийтийн бие засах газар хэрхэн орох гээд хотын амьдралын талаар өгүүлдэг хэрнээ яг уламжлалтай холбоотой зүйлс орхигдсон байдаг” гэж хэлэв...
Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай
“Үзэл бодол” булан, Ж.Ариунаа
...АНУ-д өөрийн сонирхсон мэргэжлээрээ бакалавр зэрэг горилохоор төлөвлөж буй залуусын хувьд коммюнити коллежэд 2 жил суралцаад сүүлийн 2 жилийг их сургуульд гүйцээн суралцах нь зөв бөгөөд хялбар арга зам гэж болно.
Тэр байтугай Америкийн их сургуулиудын боловсролын зөвлөхүүд хүртэл дээд боловсролын гараагаа коммюнити коллежоос эхлэхийг зөвлөдөг. Тэд коммюнити коллежуудын их сургууль руу шилжих хөтөлбөр буюу 2+2 загвараас хэрхэн өөрийн их сургууль руугаа хялбар шилжин орж болохыг дуртайяа тайлбарладаг.
Миний бие 2011 оноос хойш “Сиэттл Сентрал” коммюнити коллежтой ажилласан туршлага дээрээ үндэслээд 2+2 загвар их сургуульд 4 жил суралцах нь ямар давуу талтай болохыг та бүхэндээ тайлбарлахыг оролдъё...
Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай
“Хөгжим” булан, Ж.Тэгшжаргал
...“Playtime” наадам 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Аливаа зүйл яван чангарч, аль чадахаараа өөрчлөлтүүдийг шингээж явдаг нь энэ наадмыг ч бас тойрохгүй. Гэхдээ энэ олон жилийн хугацаанд нэг л юм өөрчлөгдөөгүй гэж Ц.Нацагдорж хэлэв. “Хөгжим гэсэн сэтгэл өөрчлөгдөөгүй. Анхны наадмаас эхлээд одоог хүртэл хэвээр байгаа нь сайхан.
Гэхдээ 5,000 лав давдаг болов уу гэсэн багцаа байна. Энэ хүмүүсийг хоёр өдрийн турш бүхнийг мартан, хөгжимд уусгахын тулд бүхнээ зориулах хүслээр тэр дүүрэн буйгаа хуваалцав...
Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!