Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жаргаах дуун

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 6 сарын 12
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

(Ц.Нацагдорж, “Playtime” наадмын гүйцэтгэх захирал)

16 өдөр, 8 цаг, 8 минут, 53 хором.

Үүнийг бичиж эхлэх үед Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам “Playtime-2015” эхлэхэд ийм хугацаа үлдсэн байв. Үзэгчид хоёр өдөр амьд хөгжмийн наадмаар амьсгалаад тардаг бол “Playtime”-ийн зохион байгуулагчид намраас хойш бэлддэг гэж “Playtime”-ийн захирал Ц.Нацагдорж ярив.

Жил өнгөрөх бүр “гайхамшиг”-ууд нь нэмэгдсээр “Playtime” улам төгөлдөршиж байгааг үнэнч фэнүүд нь гэрчилнэ. 

Тэрбээр “Энэ жилийн наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Одоо наадам болох өдрөө л хүлээж байна даа” гэсэн юм. Жил өнгөрөх бүр “гайхамшиг”-ууд нь нэмэгдсээр “Playtime” улам төгөлдөршиж байгааг үнэнч фэнүүд нь гэрчилнэ.

Энэ жил гэхэд гадаадаас оролцох хамтлагийн тоо тав болж, хоёроор нэмэгджээ. Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ”, “Liberation”, Солонгосын “Gong Myoung” хамтлагуудын нэрс дурайж байна. Энэ гэхдээ нэг хэсэг нь. 

“Playtime” наадам 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Аливаа зүйл яван чангарч, аль чадахаараа өөрчлөлтүүдийг шингээж явдаг нь энэ наадмыг ч бас тойрохгүй. Гэхдээ энэ олон жилийн хугацаанд нэг л юм өөрчлөгдөөгүй гэж Ц.Нацагдорж хэлэв. “Хөгжим гэсэн сэтгэл өөрчлөгдөөгүй. Анхны наадмаас эхлээд одоог хүртэл хэвээр байгаа нь сайхан.

“Playtime” наадам өдий олон жил оршин тогтносоор ирсний хамгийн том дархлаа нь энэ. Нөгөө талаас үнэнч үзэгчид, хөгжимд сэтгэлээ өгсөн fan base маань бидний хамгийн том хүч” гэсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээнд хэчнээн хүн ирээд буцдагийг яг таг илтгэсэн тоо хараахан алга.

Гэхдээ 5,000 лав давдаг болов уу гэсэн багцаа байна. Энэ хүмүүсийг хоёр өдрийн турш бүхнийг мартан, хөгжимд уусгахын тулд бүхнээ зориулах хүслээр тэр дүүрэн буйгаа хуваалцав. 

“Түмний үр сад найрсаг байгаасай”

Ц.Нацагдорж өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн хамгийн том хөгжмийн наадам Коачеллад оролцсон нь сэтгэлийг нь их хөдөлгөснөө нуусангүй. Калифорнийн “Эмпайр Поло”-д болдог уг хөгжмийн наадамд энэ жил л гэхэд 579 мянган хүн оролцсон тухай “Rolling Stone”-д бичжээ.

Монголын хүн амын зургааны нэгтэй дүйхээр байгаа нь мундаг тоо шүү. “AC/DC”, Мадонна, “Radio Head”, “Daft Punk”, “Red Hot Chili Peppers” Foo Fighters нэг дор цугладаг нүсэр тайз. “Би ижил төрлийн наадам зохиодог ч тэнд бол үзэгчийн хувиар очсон. Юу ч бодохгүй, эрх чөлөөтэй орчинд хөгжим сонсоод, шар айраг шимээд үнэхээр гайхалтай байсан.

Тэндээс би дэлхийн хэмжээний хөгжмийн наадас үзэгч залуусынхаа төлөө бүхнээ зориулдгийг ойлгосон. Бас заавал рок, хүнд хөгжим биш бүх л урсгалын хамтлаг, дуучид оролцдог юм билээ. Коачеллагаас нэвтрүүлэх юмсан гэж хамгийн түрүүнд бодсон зүйл нь түрүүн хэлсэнчлэн үзэгчээ баярлуулах. “Playtime”-ийг зорьж ирээд, хоёр хонохдоо тухайн үзэгч хаана ч байхгүй мэдрэмжийг аваад, жаргалтай болох бүх орчин, уур амьсгалыг бид бүрдүүлэх ёстой.

Энэ л миний гол ажил юм байна гэдгийг ухаарсан” гэлээ. Гэхдээ би нэг зүйлтэй санал нийлсэнгүй. Урьд жилүүдийн “Playtime” манайд болдог арга хэмжээнүүдээс хамгийн соёлтой, үзэгчээ дээдэлсэн, ая тухыг бодолцсон нь байсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

 Өнгөц харвал хүссэн нь тасалбараа авч, наадмын хаалгаар ордог ч түүнд зориод ирж буй үзэгчээс хүсэх цөөн хэдэн зүйл байгаагаа хэлэв. “Үзэгчдээ бид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, найрсаг байхыг хүсэж байна. Хоёр хоногийн турш үнэн голоосоо баярлаж, бүх зовлонгоо мартаж, хөгжим гэсэн сэтгэл дор нэгдсэн бусадтайгаа баяраа хуваалцаасай”. Үүнээс бусдыг тэр болоод түүний багт даатгаж болно. 

Хоёр жилийн өмнөөс “Playtime” наадамтай Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллах болсон билээ. Энэ бол зүгээр л нэг гэнэтийн, эсвэл хаа хамаагүй хамтын ажиллагааны нэг биш байх. “Playtime” наадам явсаар хотын соёлын нэг салшгүй хэсэг, эд эс болсны гэрч болов уу гэж харж байна.

“Бид нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч байгаа. Санхүүгийн дэмжлэгээс гадна цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын хэлтсүүд наадмын үеэр бидэнтэй хамтран ажиллах нь хамгийн чухал” хэмээн Ц.Нацагдорж ярив. 

Мөрөөдөл тойроод 

“Playtime” наадмын түүх “X Nation” клубтэй салшгүй холбоотой. Ц.Нацагдоржийн анхны рок клуб байгуулах санаачилгынх нь үр дүн ийн биелж, тухайн үедээ цөөхөн байсан рок хамтлагуудыг тоглуулдаг байж. Тэдгээрийн тоонд “Нисванис”, “Madness”, “Night train”, “Jackal”, дуучин Отгоо зэрэг уран бүтээлчид багтана.

“Энэ бол 14 жилийн өмнөх үйл явдал. Тэгж явсаар нэг өдөр эдгээр хамтлагуудыг нэгтгээд, хөгжмийн фестиваль хийвэл яасан юм бэ гэсэн бодол төрсөн” гэв. 

“Playtime” наадмын түүх “X Nation” клубтэй салшгүй холбоотой. 

Хөгжим хувь хүнийг, улмаар нийгмийг, бүр цаашилбал тогтолцоог өөрчлөх хүчтэй гэж тэр итгэдэг. “Playtime”-аар дамжуулаад хүмүүсийн хөгжимд хандах хандлага өөрчлөгдөж байгаа гэж боддог.

Ирсэн үзэгчид монгол хамтлагууд ямар авьяаслаг, ямар чадвартайг бас хардаг. Бас амьд тоглолт, олон улсын түвшний хөгжмийн дуугаралтыг эндээс мэдэрдэг болов уу” гэж Ц.Нацагдорж даруухан хариулав. Гэхдээ “Playtime” нөлөө хүмүүсийг, улмаар нийгмийг сайн тал руу нь чиглүүлэхэд бага ч атугай нөлөөлж буй нь гарцаагүй билээ.

Тэрбээр наадмаа цаашид өргөжүүлж, Улаанбаатар хотыг хөрш орнууд, ойрын бүс дотроо томоохон соёлын хот болоход чадах чинээгээр түлхэц болох юмсан гэж хүсдэгээ ярив. Дэлхийн алдартай хамтлаг дуучид Ази тивээр аялан тоглолт хийхдээ Улаанбаатарыг тойроод биш дайраад гардаг болгохыг тэр хүсэж буй. “Энэ холын мөрөөдөл биш. 5-10 жилийн дараа “Playtime” наадамд Япон, Солонгос, Орос, Хятадаас үзэгчид зорьж ирдэг том фестиваль болно” гэж итгэлтэйгээр хэлэв. Үнэхээр ч энэ холын мөрөөдөл гэдгийг баталгааг бид жил бүрийн “Playtime”-ын зохион байгуулалтаас харж буй билээ. 

Нэгэнт бид мөрөөдлийн тухай сэдэв хөндсөнийх, түүний хувьд “Playtime” наадамд авчрахыг мөрөөддөг хамтлагуудын тухай ярив. Тэр мөрөөдлөө том хамтлагууд, боломжит хамтлагууд гэж хоёр хувааж байна. Эхнийхэд, AC/DC, “U2”, “Coldplay”, “Kings of Leon”-ыг багтаалаа. Ойрын хугацаанд үнэхээр авчрахыг хүсч байгаа хамтлаг бол “Kings of Convenience” бас “Pixies”.

Эд нар гэхдээ биелэх боломжтой мөрөөдөл гэж би бодож байгаа” гэв. Түүний энэ хүсэл болоод мөрөөдөл биелбэл жил бүр “Playtime” болох өдрийг хоног тоолон хүлээдэг үзэгчдийн ч бас мөрөөдөл биелнэ. Түүний “боломжтой мөрөөдөл” гэж хэлсэн энэ үг бүр ч сайхан санагдана. 

16 өдөр, 6 цаг, 53 минут, 26 хором. Энэ нийтлэлийг бичиж дуусах үед “Playtime” эхлэхэд ийм хугацаа үлдсэн байна.

Зураг