Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шаолиний лам нар VS. Японы далайн дээрэмчид

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Буддийн шашны лам нарын амьдрал мөргөл, бясалгал, энгийн даруу байдлаар төсөөлөгддөг.

Гэвч 16 дугаар зууны Хятад оронд, Шаолинь хийдийн лам нар олон арван жил Хятадын далайн эрэг хавийг тонон дээрэмдэж байсан Японы далайн дээрэмчдийн эсрэг тулаанд дайчлагдаж байжээ.

Тэгвэл Шаолиний лам нар хэрхэн батлан хамгаалах үүргийг гүйцэтгэсэн түүхтэй танилцъя.

 

Шаолиний Лам нар

1550-иад оны үед Шаолинь хийд үүсээд 1,000 орчим жил болоод байв.

Энд шавилан суудаг лам нар нь өөрийн онцгой күнг-фүгийн эрдмээр Мин улс даяар алдартай байжээ.

Харин эзэн хааны армийн цэргүүд далайн дээрэмчдийн халдлагыг зогсоож дийлэхгүй гэдэг нь батлагдсан тул Нанжин хотын захирагч Ван Бяо лам нарын хүчийг ашиглахаар шийдэв.

Тэр гурван хийдийн дайчин лам нарыг урин залсны дотор Шаньси мужийн Вутайшань, Хэнань мужийн Фуню, Шаолинь хийдүүд багтжээ.

Орчин үеийн түүхч Зен Руоцений бичсэнээр бусад хийдийн лам нар Шаолиний дайчдын тэргүүн Тяньюанийг сорьж үзэн, хэн нь бүх лам нарын армийг тэргүүлэхээ шийдэхээр болсон байна.

Хонг Конгийн тоо томшгүй олон кинонд үзүүлдэгчлэн 18 тулаанч лам нар дотроосоо наймыг сонгон Тяньюань руу илгээжээ.

Эдгээр найман тулаанч Шаолиний хийдэд ирж эхлээд гар нүцгэн тулалдаад бүгд дийлдэв. Дараа нь бүгд илдээ сугалахад Тяньюань хийдийн хаалгыг түгждэг урт төмөр савааг шүүрэн авч тулалджээ. Ингээд тэр дахин бүгдийг дийлэв.

Үүний дараа найман дайчин лам нар Тяньюаньд мэхийн хүндэтгэл үзүүлж удирдагчаараа хүлээн зөвшөөрчээ.

Ийнхүү удирдагчийн асуудлаа шийдсэний дараа тэд гол дайсан болох Японы далайн дээрэмчид рүү анхаарлаа хандуулав.

 

Японы далайн дээрэмчид

Арван тав болон арван зургаадугаар зуун бол Японы хувьд тогтворгүй цаг үе байлаа. Сенгокугийн эрин гэгддэг энэ үед 150 жил орчим хугацаанд улс орон тархай бутархай, даймё (самурайн бүлэг) нарын дунд тасралтгүй дайн болж байсан юм.

Ийм хүнд нөхцөлд энгийн иргэд хэвийн амьдралаар амьдрах боломжгүй байсан тул дээрэмчний замыг сонгож байлаа.

Энэ үед Хятадын Мин улс ч асуудал ихтэй байв. 1644 он хүртэл тэссэн Мин улсад нүүдэлчин аймгууд хойд ба баруун талаас нь байнга заналхийлэхийн хажуугаар эрэг дагуух дээрэм тонуулыг тогтоож дийлэхгүй байлаа.

Тиймээс дээрэмчин болж амьдрах нь хамаагүй аюулгүй, хялбар арга зам байжээ.

“Японы далайн дээрэмчид” (вако буюу воку) нэрийн дор Япон, Хятад, бүр Португаль хүмүүс ч нэгдэж байлаа.

Тэд Хятадаас торго, төмөр эдлэл дээрэмдэн Японд хүргэж 10 дахин их үнээр зардаг байсан гэдэг.

Түүхчид эдгээр дээрэмчдийн үндэс угсааны талаар маргалддаг. Зарим нь 10 хүрэхгүй хувь нь япончууд байсан гэдэг бол нөгөө нэг хэсэг нь олон япон нэр бүхий жагсаалт гаргаж ирдэг юм.

Ямартай ч олон үндэс угсаатнаас бүрдсэн тариачин, загасчин, адал явдал хөөгч нар нэг баг болон Хятадын эрэг хавийг 100 гаруй жил түйвээжээ.

 

Лам нарыг дайчилсан нь

Энэ байдлыг цэгцлэхийн тулд Нанжин хотын захирагч Ван Бяо нь Шаолинь, Фуню, Вутайшань хийдүүдээс лам нарыг дайчлав.

Дайчин лам нар дээрэмчидтэй хамгийн багадаа дөрвөн удаагийн тулаан хийсэн гэдэг.

Анхных нь 1553 оны хавар Чиантань голын дагуу Ханжоу хотын хаалга руу хардаг Зе ууланд болжээ.

Энэ тухай мэдээлэл ховор байдаг ч Зен Руоцений нотолж байгаагаар лам нарын арми тулаанд ялсан байна.

Хоёр дахь удаа Венжяганий тулаан гэгддэг байлдаан 1553 оны долдугаар сард Хуанпу голын савд болж лам нарын ялалтаар өндөрлөжээ. Долдугаар сарын 21-нд 120 лам нар ойролцоо тооны дээрэмчидтэй тулалдан тэднийг бут цохив. Зугтсан дээрэмчдийн араас 10 өдөр нэхэн хөөж бүгдийг нь үлдээлгүй устгажээ. Лам нарын армиас дөрвөн хүн л амиа алдсан байдаг.

Энэ үеэр Шаолиний лам нарын харгис хэрцгий чанар харагдаж байжээ. Жишээ нь нэгэн лам зугтаж явсан дээрэмчний эхнэрийг төмөр саваагаар алж байсан баримт бий.

Тэр жилдээ лам нар Хуанпу голын бэлчирт болсон хэд хэдэн тулаанд оров. Гэвч дөрөв дэхь тулаан эмгэнэлтэй ялагдлаар дуусчээ. Үүнд арми командлагчийн алдаатай тактик нөлөөлсөн гэдэг. Үүний дараа лам нарын батлан хамгаалах үйл хэрэгт зүтгэх сонирхол нь буурсан байна.

 

Үр дүн

Тулааны урлагаар хичээллэхээс гадна өөр олон ном эрдэм заалгадаг лам нар хүн алж хүрээ тална гэдэг хачирхалтай хэрэг. Тиймээс лам нар сүүлдээ муу нэрнээс салахыг хичээсэн нь тодорхой.

Эцэстээ Шаолинь маш элбэг баян хийд болсон байна. Учир нь Мин улсын төгсгөлийн тогтворгүй самуун цаг үед ч урьдны баатарлаг үйлсийн дуулиан дор тэд амар тайван оршиж байжээ.

 

Эх сурвалж: asianhistory.about.com