Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нутагт минь өнжсөн тогоруу / Үргэлжлэл /

Ц.Баттуяа
2015 оны 6 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

Нутагт минь өнжсөн тогоруу эхлэл хэсгийг ЭНД дарж үзнэ үү.

Харамсал, гэмшлээр дүрэлзсэн нүдээрээ гашуудаж буй тогоруудыг ширтэн зогтуссан аав минь гэнэт сэхээрсэн мэт эргэн харж, нулимсаа барьж ядан зогсоо намайг энгэртээ наан тэвэрлээ. Энд өрнөж буй үйл явдлыг огтхон ч хармааргүй санагдахад би нүдээ тас анив. Гэвч гомдолт хөх шувуу нүдний минь аяган дотор хөвсөөр л...

Аав минь тамхиа нэрээд л таг дуугүй. Ээж минь дүүг тэврээд, тооноор тэнгэр ширтэн, амандаа маани уншина. Ухаан орсон цагаасаа хойш ийм уйтай байдлыг би огт үзээгүй билээ. Гачлантай нь, энэ байдал нар шингэтэл үргэлжлэв. 

Би нар ханын толгойд туссан хойно нүдээ нээв. Хажууханд бяцхан дүү минь гүн нойрондоо автан үнэгчилж хэвтэнэ. Үүрийн гялаан жаргаж амжаагүй байхад л ээжийнхээ зөөлөн уруулаар үнсүүлэн сэрж, саалийн хувингаа аваад үнээний зэл рүү гүйдэгсэн. Гэтэл энэ өглөө ээж яагаад ч юм, намайг дуудаж сэрээсэнгүй. 

Өө, нээрээ... хос тогоруу яасан бол? гэсэн бодол толгойд харвахтай зэрэгцэн би хаалгаа цэлийтэл дэлгээд, гүйн гарлаа. Саалийн хувингаа бариад наашилж яваа ижийгээ тосон гүйж, “Тогоруу яасан бэ” гэж асуутал “Гэртээ ор. Хөл нүцгэн юу хийж яваа юм бэ?” гэх нь тэр. Гэрт ормогц би өнөөх асуултаа дахин давтлаа. Ээж хариу хэлсэнгүй. 

Хариултаа өөрөө олж авахаар хаалга руу зүглэтэл “Хөөе, цайгаа ч уулгүй хаачих нь вэ, чи” гэх нь тэр. Ээжийнхээ сандрангуй дуунд цочин эргэж харах агшинд түлээний хайрцаг нүдэнд тусав. Би түүнийг шүүрэн аваад “Ээж ээ, би аргалд явчихаад ирье” гэчихээд хариу хэлэхээс нь өрсөн гарч гүйв.

Аргалын саваа энгэртээ тэвэрсээр баруун урдах бөөн цагаан дэрс рүү аажуухан алхлаа. Ямар нэгэн хүчтэй зүйл хоёр хөлнөөс минь зуурчихаад урагш гишгүүлэхгүй байх мэт... тээртэй санагдахад алхаа минь аажмаар удааширав. Өдөрт хэдэн удаа ирж, очдог тэр газарт би хэчнээн урт зам туулж хүрдгээ анх удаа мэдэрлээ.

Хөлийг минь тушсан ер бусын хүчинд автсан ч урагш алхахсан гэх хүсэлдээ хөтлөгдөн зүтгэсээр хэсэг цагаан дэрсний хажууханд иртэл... Нэвсийсэн цагаан үүл дээрээс буугаад ирэх шиг л болов. Сүр сархийсэн сүрхий чимээтэй зүйл буй биеийг минь эзэмдэх агшинд аварга лууны далавч шиг том хэрнээ ээжийн минь гар шиг зөөлөн зүйл намайг илбээд авах нь тэр. Гараа байтугай амаа ч хөдөлгөж чадалгүй, зогссон газартаа таг гацсан би дахиад л нүдээ анилаа. Нүдэн дотор гомдолт хос тогоруу хөвсөөр л...

Энэ өдрөөс хойш хэсэг цагаан дэрсэнд дөхөхийн төдийд эцэг тогоруу хүй, хай гэж хашхиран, яг өмнө нь ирж хүчит далавчаараа “цаашаа цаашаа” хэмээн дохиод байдаг болчихов. Энэ байдлаас болоод би хүссэн хариултаа авч чадалгүй олон хоногийг үдлээ. Ээж тогоруу хийгээд хоёр бяцхан ангаахайг ч олж харалгүй удав. 

Гэхдээ би тэднийг анисан нүдэн дотроосоо өдөр бүр олж хардаг байсан юм. Гэр бүлийн дөрвөн тогорууг гүн хар нүднийхээ аяганд зугаацуулан сэлүүлэх бүртээ “Аавын минь эмээлийн дөрөөг хагартал харааж болохгүй шүү” хэмээн гуйдаг байв.

Аав, ээж, дүү бид дөрвөн цаг хугацаан дотор тогоруудын гэр бүлийн хамтаар гацчихсан мэт. Хөгжилтэй нарны цацраг хүртэл ер бусын уйд автаж, тал нутгийг минь сэргээдэг болжморын жиргээ хүртэл гунигтай санагддаг болчихов. Харамсалтай нь, цаг хугацаа зогссонгүй, гагцхүү бидний сэтгэл л тээртэй бодлууд дундаа гацчихаад байсан юм уу даа.

Өдөр хоногууд харвасан сум шиг зурсхийн өнгөрдгөө болоод алгуурхан урагшилсаар налгар намрын өдрүүдтэй биднийг учрууллаа. Нэг л өдөр торойх үүлгүй цэлмэг хөх тэнгэрт тогорууд зэллэн, уйд автсан тал нутгийг минь ер бусын эгшиглэнт дуугаараа сэрээв. Бөөн цагаан дэрсэн дотроос хос тогоруу дэрхийн нисч, нэвсгэр цэнхэр далавчаа хүчтэй дэвсээр, тэнгэр эмжсэн нөхөдтэйгээ нэгдэх нь. Уг нь дөрвүүлээ л буцах учиртай байсан юм даа...

Зунжин үргэлжилсэн уй гунигийг минь шувуудын үзэсгэлэнт цуваа зүлгэн цэвэрлээд, сэтгэлийн минь өнцөг буланд нуугдан шигдэх зовлонт бодлуудыг уянгат дуугаараа үдэн хөөв. Үүнээс хойш гуниглаж болохгүй гэж бодохын зуурт... Тогоруудын цуваа хөлгүй хөх тэнгэрт уусах мэт далдарлаа. Гэтэл тэртээх үүлсийн дундаас зогсолтгүй хөдөлгөөнт нэгэн зүйл наашлан айсуй. 

Тал нутгийн зүг тэмүүлэн тэмүүлэн тодорсон тэр зүйл нь танил минь байлаа. Тэд цуцашгүй хос далавчаараа гунигийг минь хайр найргүй эсгэчсээр танил хэдэн дэрснийхээ дэргэд ирж буув. Гэтэл өрөөсөн далавчаа чирсэн дэгдээхэй дэрсэн дундаас гарч ирээд, эцэг, эх хоёрынхоо далавчин дунд нуугдчих нь тэр...

Тэд нутагт минь өвөлжихөөр шийджээ. Булингаргүй цагаан дуслууд нүдний минь аяганд багтаж ядан мэлтэлзэхэд “Би дахиж хэзээ ч уйлахгүй” гэж өөртөө амласан. Тийм ээ, гүн хар нүдний минь цэнгэг цагаан цөөрөм дунд гашуудалт хос тогоруу одоо ч эрх чөлөөтэйгээр хөвсөөр л байна... 

Харин... Харин тэд хаврыг үзээ болов уу, яагаа бол??? 

Зураг