Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нутагт минь өвөлжсөн тогоруу

Ц.Баттуяа
2015 оны 6 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

Манайх Хэнтий аймгийн төвөөс хориодхон километрийн зайд орших Цагаан чулуутын энгэрт нутагладаг байлаа. Цагаан чулуутын оройг холоос харсан хүн бүр бүрхсэн их хонин сүрэг бэлчиж явна хэмээн эндүүрдэгсэн.

Дов толгод цөөтэй, дэрс бутнаас өөр торойх зүйл ховор, цэлийсэн ногоон талыг урд талаар нь Хэрлэн, баруун талаар нь Мөрөнгийн гол эмжээрлэн урсана. Ногоочид ногоогоо услахын тулд Мөрөнгийн урсгалыг хааснаар үерлэхээрээ эргээ халин мэлтэлздэг тэр голын ус нь ширгэж, бороо орохоор л хааяахан “амь ордог” лаг шавар болж хувирсан юм.

Хос тогоруу хүнд тийм элгэмсэг атал багачууд бид ойртож үл зүрхэлнэ. 

Хэдхэн жилийн өмнө голын дээгүүр өдөржин, шөнөжин эргэлдэж, загас жараахайгаар нь хооллодог байсан цахлайнууд ч үзэгдэхээ болив. Харин тал нутгийн цорын ганц үнэнч манаач бяцхан болжморууд л энд тэндгүй багширалдан сууцгааж, хосгүй уянгат нэгэн дуугаар сэтгэлийг минь гижигдэх ажгуу. 

Мөн хар багаас танил болсон хэдэн тогорууд гангар гунгар дуугаралдан, бараг л манайхтай айлсан зусах болсонд би хувьдаа тун ч их баяртай байж билээ. Нэгэн өдөр аав минь “Адуугаа битгий баруун урагшаа туугаарай. Энүүхэнд тогоруу өндөглөчихсөн юм шиг байна лээ” гэв. Үүнийг сонссон бидний хэдэн багачуул ч баярлаж хөөрсөн гэж жигтэйхэн. Гэтэл аав минь гэнэт хөмсгөө зангидаад “Хониндоо явахдаа болгоомжтой яваарай. Хурд мэдэн давхиулж явж, тогорууны өндөг хагалчихав” гэх нь тэр. 

“Шувууны өндгөнд сүүдрээ тусгаж болохгүй шүү, амь тавьчихна”, “Тогорууны өндөг хагалж болохгүй шүү, тэр шувуу чинь морьтой хүний төмөр дөрөөг сэтэртэл хараадаг юм гэнэ лээ” гэх мэтийн сургааль алхам тутамдаа сонсож өссөн бид хөөрсөн сэтгэлээ төдхнөө дарж, тогорууны өндгийг ангаахай болтол нь харахгүй байхаар амлалт хүртэл өглөө.

Үүрийн бүрийгээр босон үнээний дэлэн шувтарч, нар ханын толгойд тусахтай уралдан хонио бэлчээрлүүлж, өдөржин хонь дагаад, нар жаргахын алдад хотондоо ирдэг бид зуны өдрийн уртыг огт ажирдаггүй байжээ. Нэг л өдөр манай “саахалт”-ын хос тогоруу хоёр жаахан ангаахайгаа дагуулан, хориодхон алхмын цаана хүрч ирээд, бидэнтэй мэндчилэх мэт толгой дохиж зогсов. Хос тогоруу хүнд тийм элгэмсэг атал багачууд бид ойртож үл зүрхэлнэ.

Үргээгээд нисгэчихгүйн тулд суусан газраасаа ч хөдөлж чадалгүй, амьсгалаа хүртэл түгжин байж хоёр бяцхан ангаахайг нь өхөөрдөн харж байв. Сэвшээ салхинд дэрсний толгой сэрчигнэх төдийд аав, ээж тогорууд гуа үзэсгэлэнт урт хүзүүгээ дээш өргөн, жижигхэн толгойгоо хоёр тийш савчуулан, орчноо ажиглана. Төдхөнөө савх шиг урт хөлнийхөө завсар бяцхан ангаахайгаа оруулж, дэрвэгэр хөх далавчаараа халхлан зогсоно.

Ийнхүү үрээ өмгөөлөх хос тогорууг харсан бяцхан дүүгийн минь сэтгэл хөдлөв бололтой, эхийнхээ элгэнд нөмөрдсөн бяцхан ангаахайн адил энгэрт минь ирээд наалдчихав. Бүлтэгнэсэн бор дүүгээ, далавчаараа хучуулсан хоёр ангаахайг өхөөрдөж суутал цэлмэг хөх тэнгэр юунаас ч юм гэнэт цочоод, хурын борцоо алдчихав уу гэлтэй, аадар цутгаж эхлэх нь тэр. Дүүгээ хөтлөн, гэр рүүгээ гүйж орсныхоо дараа тогоруудыг харахаар үүдээ онгойлгох гэсэн боловч ээжийн “хаа” гэх дуунаас цочоод, хаалгаа тасхийтэл хаачихав. 

Тэнгэр юунд ч юм, хэтэрхий их уурссан бололтой нижигнэж, нүдэнд нь торсон бүхнийг усан дуслуудаараа шавхуурдан занчиж байв. Ээж минь галдаа аргал хийх зуур алгаа хавсран тооноор тэнгэр авхай руу ширтээд “Өршөө, өршөө” гэх нь тодхон сонсогдоно. Дүү минь аавын дээлийг нөмрөн, орон доогуур гүйгээд орчихож.

Тэнгэр тайвширч, наран ээж ялдамхан инээмсэглэлээрээ байгаль дэлхийг хучин аргадав.

Тэрбээр толгой дээгүүрээ нөмөрсөн дээлээ байсхийгээд л сөхөж, завсраар нь ээж, бид хоёрыг ажиглан хоёр нүдээ бүлтэгнүүлэх аж. Ийнхүү айдсаас өөрийгөө авардаг цорын ганц хоргодох байрандаа орж, сэтгэл амарсан дүүгээ хараад нэвсгэр хөх далавчин дороос бултагнан ангалзаж байсан хоёр ангаахайн тухай бодлоо. “Тэдэнд ч бас цорын ганц хоргодох байр нь болсон аав, ээж хоёр нь байгаа юм чинь алзахгүй дээ” гэж өөрийгөө тайтгаруулав. 

Тэнгэр тайвширч, наран ээж ялдамхан инээмсэглэлээрээ байгаль дэлхийг хучин аргадав. Гадаа морь тургилах чимээнээр бороонд шалбайтал цохиулсан аав минь хаалга сэвхийтэл онгойлгон орж ирэв. Түүнийг хувцасныхаа усыг ч сэгсэрч амжаагүй байтал хачин жигтэйгээр гуаглах дуу гарахад бүгд давхийтэл цочин, тооноор тэнгэр ширтлээ.

Ээж “Ээ, бурхан минь” гээд зогссон газраа гуйвагнахад, аав хаалга тас саван гарснаа “Хөх тэнгэр минь, өршөө” хэмээн чангаар уулга алдав. Би ч огло харайн, аавын араас гүйж гарлаа. Хэзээний танил хос тогоруу гэрээс минь холгүйхэн орших бөөн цагаан дэрсний дээр эргэлдэн, гашуудалтайгаар гуаглах дуу зүрхний минь түмэн судлыг эсгэчин бүхий л биеийг эзлэн түрэмгийлэв.

Тогорууд нүдний минь аяганд хурсан нулимсан дунд сэлэн байх мэт санагдахад хажууханд зогссон аавынхаа дээлийн хормойноос зууран аврал эрлээ.

Үргэлжлэл бий... 

Зураг